2008-01-29

Час чис хийсэн өвөл




Жинхэнэ өвөл энд болж байна. Өчигдөр өглөө байшингийн гаднах цас цэвэрлэх ажил надад оногдов. Ямар өглөө 6 цагт ажилд явж байгаа хажуудахаа үүрээр цасаа цэвэрлэчихээд ажилдаа яваарай гэлтэй биш. Дээрээс нь их салхитай хоносных тэрүү, дор хаяж 40см унажээ. Их идэвхитэй хүн цасны хүрз бариад цайгаа ч уухгүйгээр гарлаа. Хүрздээд л байлаа, хүрздээд л байлаа, ямар ч зузаан цас вэ дээ. Арайхийн машин зам хүртэл нарийн зам гаргатал манай 2 хүүхэд сургуульдаа явахаар гараад ирлээ. Би нэг гартаа хүрзээ бариад нөгөө гартаа охиноо хөтлөж, сургууль уруу алхав. (Замд тааралдсан хунгар цастай байлдахад бэлэн). 2 хүүхдээ сургуульд нь дөхүүлж өгөөд эргэтэл том хацрын маань энд тэнд чис мис гэж эхлэв. Уг нь байшингийнхаа араас орж болох боловч цасанд боогдсон би тойрч гарахаас аргагүй болов. Дахиад чис мас.
Орж ирээд утас цохиж, даргадаа ажилд очихгүйг мэдэгдэв. Азаар туршилт төлөвлөөгүй маань яамай. Манай сургуулийн дүрмээр бол өвлийн улиралд, цас хальтаргаа ихтэй үед 8 хүртэлх хоног ажилдаа очихгүй байж болно. Гэртээ бичиг цаасны ажлаа хийсэн шиг, хажуугаар нь цасгүй газрын хүмүүст цас үзүүлбэл зарим нэг нь боорцог, моорцогноосоо илгээж магад гээд сууж байна.
Манай охин надаас саяхан боорцог нэхэв. Хуруу хэлбэртэй, монголд хийдэг байсан, orange өнгөтэй юмаа хийж өгөөч гэсэн чинь ах нь боорцог гэж орчуулав.
Орой хүүхдүүд гэртээ ирээд тэдний сургуулийн хүүхдүүдийн 15% нь л хичээлдээ ирсэн гэв. Тэдний ангид ердөө 5-7 сурагч байжээ. Боорцог нэхдэг охины цонхоор энэ зургийг дарлаа. Томруулж харахыг хүсвэл зураг дээр дараарай.

2008-01-28

ДНХ


Бямбаагийн Саруул ухаан блог харж суутал хүүхдийн ДНХ энэ тэр гээд дээрхэн манайд нэг болсон яриа санаанд орлоо. Манай хоёр хүүхэд Vancouver хотод нэгэн сургуульд хамт явдаг байсан үе. Нэг өдөр тэр хоёр сургуулиасаа том гэгчийн дугтуйтай зүйл авчрав. Задлаад үзвэл Хүүхдүүдийн амьдрах аюулгүй орчин бүрдүүлэхийн чухалын талаар, дээрээс нь хичнээн хүүхэд жилд үрэгддэг, алга болдог, тэднийг эрэх ажилд хүүхдийн ДНХ хир чухал болох талаар сурталчилжээ. Дээрээс нь хүүхдийнхээ ДНХ-г аваад хадгалчихад гэмгүй гээд завьжнаас дээж авагч нэг нэгийг хийгээд явуулсан байна. Түй, түй. Манай нөхөр нэгэнт ингээд хүрээд ирсэн юм бол аваад хадгалсан ч яах вэ гэнэ. Өөрөө би ажил дээрээ өнөө муу амьтан ч юмуу бактерийн ДНХ-г өчнөөн янзаар нь таслан, холбон нийлүүлж, генээс уураг хүртлэх генийн инженерчлэлийн судалгаа хийдэг хирнээ өөрийн хүүхэд дээрээ тулбал дээж ч авч чадахгүй юм байна лээ. Би л ингэж сүйд болоод байна уу, эсвэл энэ гадаад орнуудад нийтлэг байдаг зүйл үү? Гадна дотно амьдрах та нар маань бичээрэй.

2008-01-26

Динозавр

Саяхан нэг өдөр үдийн хоол идэнгээ цайны өрөөнд байх хэдэн шинэ, хуучин сэтгүүл гарчиглах зуур Монголын тухай мэдээлэлтэй Discover сэтгүүл олж их олзуурхлаа. 2007 оны 9 сарын дугаарын "Digging for Dinos in the Land of Genghis Khan" нийтлэлд Монтанагийн Их Сургуулийн палеонтологийн профессор Орнэрийн (Horner) судалгааны багийн Монголын говьд явуулсан Psittacosaurus - н эрлийн тухай өгүүлнэ.

Psittacosaurus нь 60см өндөр, 120 см урт, шувууных шиг жижиг толгой, хошуутай тэгсэн мөртлөө толгойны хажуунаас гарсан сонин эвэртэй, 2 хөл дээр явах динозавр байжээ. 2006 оны судалгаагаараа Psittacosaurus -ын 5 бүтэн яс (тавын тав шүү) олсон тэд энэ удаагийн эрлээрээ Psittacosaurus -д чухам өд, сөдийн ул мөр байсан уу гэсэн асуултанд хариулах зорилготой аж. Шувуу бол динозаврын ур удам юм. Шувуунд хамгийн ойрхон төрлийн динозавр бол Nonavian (мэдэхгүй юм байна, мэдэх хүн байвал хэлж өгч туслаарай) динозавр гэнэ. Тэд тахианых шиг хөндий ястай байжээ.

Орнэрийн баг энэ удаад бас 1 Psittacosaurus-н бүтэн араг яс, бас бус яс олсон байна. Тэр олдворуудаа яасан бол гэж би сонирхохоосоо илүү хардангуйгаар (монгол зан гэж оношилж байгаа) үргэлжлүүлэн уншвал одоохондоо тэдгээрийн судалгааг Монголд хийж байгаа гэж уншаад санаа минь амарлаа.

Нийтлэлд эрэл явуулахад тохиолдох хүндрэлүүдийг (цаг агаар, хоол унд, зам харилцаа, халуун хүйтэн ус, нойлийн асуудал) бас дурджээ. Өнгөрсөн жилийн зарим олдвороо майхан гэртээ орхиод, довын орой дээр ухалт хийж байх үед хулгайд алдсанаа бас өгүүлсэн байна. Дэлхийг гайхуулсан антреопологийн музей байгуулах боломжийн нөөцтэй Монгол орны төр засгийн хараа хяналт муу, төвлөрсөн бодлого байхгүйгээс бараг дуртай нь газар ухаж олсныгоо гадаадуудад зардаг гэж дурдсан байна.

Дашрамд хэлэхэд Канадын Драмхэллэр (Drumheller) гэх газар бол манай говь шиг эртний олдвороор их баялаг газар. Тэнд нэгэн том музэй байх юм. Бараг тал дээр тэр музэйг (Royal Tyrrel Museum) босгожээ. Үзэх зүйл ихтэй, зарим тамхинд олдвортой холбоотой кино, видео гарна. Тэнд бас Монголоос авчирсан олдвор мэр сэр тавьсан байсныг хараад бахархмаар сэтгэл төрж байлаа. Бас нэг үг нэмэхэд Edmontonia гэдэг бол хуягт динозавр юм байна лээ. Сайндаа ч биш амьдардаг хотын минь нэрээс гаралтай тул тогтооход амар байв. Бусад динозаврын нэр бол тогтоох нь битгий хэл хэл хугалам. Драмхэллэрийн хэсэг зураг оруулав.
P.S. Заяа найзын үлдээсэн санал бодлын дагуу "жакэтлэх" (Jacketing) гэж юу болох талаар уншсаныхаа дагуу тайлбарлая. Динозаврын араг яс (биений хэсэг яс ч байж болох) олсны дараа тэдгээрийн яснуудыг хооронд нь бэхэлж, замын туршид задарч унахааргүй болгохыг хэлдэг юм байна. Хүн дээр ярих юм бол хугарсан ясыг чиг барин шохойдохтой адил. Ингэхдээ Заяагийн дурдсанаар цавуулаг, мөн олдворыг дотор талаас нь бэхжүүлж, бат бөх болгох зориулалттай бодис түрхэнэ. Дараа нь шингэн цемент зууран, нойлийн цаасанд шингээн олдворын гадуур нямбаалан орооно. Энэ бол тийм амар ажил биш, жакэтлэх явцад нөгөө олдвор маань үүрч унана, дахин бэхэлнэ, орооно гэх мэт.



2008-01-25

Диана гүнж

Шилжилтийн насны жаахан охин байхад нь түүний эцэг эх нь хоёр тийш болж ихэд гутарсан аав нь хэдэн өдөр өрөөнөөсөө гараагүй гэдэг. Тэр эцгийнхээ мөрийг түшин ордонд ирж үлгэрийн мэт хурим хийнэ... Ордны хүнд өдрүүдэд түүний хоёр хүү чухамхүү түүний хамаг баяр баясал, гэрэл гэгээ байсан гэдэг. 

Caroline Graham-ын "The King's Mistress" номонд Диана, Камила гүнж нар, тэдгээрийн хооронд "шогших" Чарльзын амьдралын тухай өгүүлнэ. Мөн Английн хааны гэр бүлийн хуучинсаг үзэл баримтлал, түүнээс урган гарсан алдаануудыг харуулна.

Диана гүнж анх ордонд ирсэн өдрөө орон дээрээсээ нэгэн захиа олно. Хатан хаан байх, үгүй Чарльзаас ирсэн байх гэж горьдон уг захиаг нээтэл Камилагаас ирсэн байх. Камила Дианагийн дэргэд байж, хэзээд ч туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байдаг. Мөн тэр л Камила, Чарльзын хуримын өмнөх найз нартайгаа хийсэн цэнгүүний дараа түүнийг даган ордны олон өрөөнд уусан алга болно. Хүрээлэн байгаа хүмүүсээс эхлэн уншигч авхай хүртэл сэжиглэн дургүйцнэ. Диана учир эвгүйдсэнийг мэдэж хуримын ажиллагааг зогсоохыг бодовч нэгэн оройтсон байдаг.
Хүүхэд ахуй наснаасаа хагацал үзэж, эхээсээ хөндийрэн, өөртөө итгэх итгэлээ алдсан байсан Дианад ордны амьдрал илүү их дарамт авчирна. Нарийн мэргэжлийн эмч нар ч түүнд тусалж чадахгүй хугацаа өнгөрч, түүний сэтгэлийн хямрал гүнзгийрсээр. Эцсийн эцэст зоргийг олон, тэвчээр заан, Чарльзаас сална. 

Ном яаж дуусахыг би мэдэхгүй, сүүл тал уруугаа нилээд сөрөг зүйлүүд гарах тул Диана гүнжийг дотроо өмөөрөнгүй байх би гүйцээхийг хүсээгүй юм. 

Амьдрал дээр бол хаан амрагтайгаа суужээ. Нөгөө амар сайхандаа жаргажээ гэдэг төгсгөл тохирохгүй байгаа ч тэд амар жимэр байгаа байх. 

Унших шаардлагагүй ном, гэхдээ хэллэг энгийн, ойлгоход хялбар ном байсан тул хэл сурагчдад зүгээр. Харин сүүлд уншсан "Beijing Confidential"  их таалагдсан. Түүний талаар дараа бичимз.

2008-01-23

Хортон шавьж устгагч бодис ба хорт хавдар

Мэдээ уншаад бухимдах юм. Бухимдах юм бол уншаад хэрэг байна уу? Унасан төрсөн газар шороо, эгэл жирийн хүн амьтан цаашилбал эрүүл мэнд их ярих юм бол үндэсний тусгаар тогтнол гээд сэтгэл хямраам, арай ч үгүй байлгүй дээ гэж бодмоор мэдээ нутгийнхаа сонингуудаас унших боллоо.

Хамгийн сүүлийнх нь бол хачигтай буудай. Үнэн биш бас нэгэн цуурхал байгаасай. Тэгээд түүнийгээ хулганы хороор ариутгасан гэх. Бид ядаж адил сүүн тэжээлтэн тул хүнд хоргүй гэх баталгаа үгүй байна.

Дашрамд хэлэхэд гайгүй орны баялаг, чинээлэг хүмүүс бол энгийн гурил идэхээ байсан юм байна. Гурил бидний гар дээрээ ирэхдээ 5-6 удаа хорхой шавьж устгах бодисоор дамждаг, тэдгээрийн бодисын зарим нь мэдээнд дурдсаны адил элдэв харшил, хордлого үүсгэхээс гадна
хорт хавдар
үүсгэдэг болох нь тодорхой болоод удаж байна шүү дээ. Тэд “organic” гэх бүтээгдэхүүн хэрэглэнэ. Элдэв хольцгүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн үг.

Төр улс маань хүн амаа тал талын мэдлэгээр хангахад анхаармаар юм. Эхнэр, хамаатан саднаа өөрийн дор харьяа ажилд авна гэдэг эрээ цээргүй зангаасаа хэзээ салах вэ? Ажлыг жинхэнэ ажил биш гурил болгоно, гурилыг хор болгоно, за тэгээд ажил дээрээ хор найруулна гэдэг нь үнэн юм байна.

2008-01-21

Columbia Icefield, 2007







Канадад хичээлийн шинэ жил 9 сарын нэгэнд эхлэхгүй юм. 9 сарын эхний 2 дах өдөр Хөдөлмөрийн өдөр (Labour day) гэж тэмдэглэх бөгөөд түүний дараа бүх шатны сургууль эхэлнэ. Ихэнх хүмүүс 1 дэх өдөр чөлөө аван, урт амралтын өдрөөр эрч хүчээ нэмэхээр ийш тийш одно. Жуулчдын бааз, зочид буудлууд энэ үер чухам үнээ чанга гэгч нь барина даа. Тэгээд л гуравдахь өдрөөс эхлэн буудлын үнэ буурах жишээний. Үүнийг нэгэнт мэдэх бид элдэв төлөвлөгөө гаргасангүй өнжлөө. Цаг агаар ч олигтой байсангүй нь бидний сэтгэлийг бүр амраав. Харин бид тав дахь өдөр чөлөө аван гэрээрээ ууланд явахаар боллоо. Өглөө эрт гарч чадсангүй, хоёр хүүхэд сургууль дээрээ очиж Terry Fox-н дурсгалд зориулсан гүйлтэнд оролцохгүй бол болохгүй юм байх.

Хоёр хүүхдээ хүлээх зуур очих газрын талаар жаахан уншив. Үндэсний Парк (манайхаар Дархан цаазат гэх байх) болон өргөмжлөгдсөний 100 жилийн ойг тэмдэглэж буй Жаспер уулын нурууг дамжин манайхны хэлдгээр хурдны зам 1940өөд оны үед тавьсан байна. Уулын нугачаа, эргүүлэг ихтэй зам тул хурдны дээд хязгаарыг хатуу баримтлахыг анхааруулсан байна. За тэгснээ, ууланд явж байгаагаа ямар нэг хүнд дуулга, хэдэн цагт ирэхээ тодорхой хэл, орой буцах ирэх ч гэсэн хонохоор юм шиг бэлтгэлтэй яв гэсэн байх юм. Бас нэг өөр зүйл бол баавгай тааралдвал сэмхэн аажуу холдохыг хичээ, чам уруу дайрвал бүх талаар тэмц, зугт, зугтаж чадахгүй бол үхсэн юм шиг царайлж газар битгий хэвт гэсэн байх нь яагаад ч юм инээд хүргэж орхилоо. Баавгайн спрэй биедээ авч явбал зүгээр гэсэн байсан, тийм юу байдаг байна аа? Баавгайгийн нулимс гоожуулдаг шингэн үү, эсвэл унтуулдаг эд үү? Андуурч өөр лүүгээ цацвал яадаг бол гэх шиг олон юм бодсон боловч худалдаж авахыг сонирхсонгүй.

Оройтож гарсан бид уулын бэлд очиж, нэгэн жижиг буудалд хоноод өглөө эртхэн Жаспер хотод очив. Хот гэхээсээ тосгондуу жижиг газар байх аж. Хаашаа л харна, уул ус, битүү ногоон мод харагдана. Нэг сайхан нь эндхийн ой мод манай монголынх шиг сайхан үнэртэй аж. Гэхдээ манай Монголд бол иймэрхүү газар олон байх тул нэг их ойшоосонгүй.

Цааш явбал Columbia Icefield, Mistaya Lake, Loise Lake бол үнэхээр гайхалтай, гадна дотнын зочдоор дүүрсэн газар байна. Газрын сайхныг үзэж алмайрахын зэрэгцээ тэр газруудаа чухам эзэн нь болж ашиглаж чадаж байгаа төрийн бодлогын далайцтайг гайхаж явлаа.

Канадын баруун хэсэг хэдэн мянган жилийн өмнө далайгаар хучигдсан байжээ. Далайн ус ширгэхэд, элс шавар холилдон хатуужиж улмаар газар хөдлөлийн явцад уулс бүрэлдэн бий болох үед уулын оройн хэсгийг бүрдүүлэх болсон байна. Columbia Icefield-н мөс хайлахдаа хөрсний хамт доошлон нуур бий болгоно. Мөсөн талбайгаас эхтэй нуур, гол дах нөгөө л эртний далайн ёроолоос уламжлалтай шавар маань гэрлийн хөх, ногоон туяаг ойлгох тул чимэгтэй ногоон өнгөтэй харагдах ажээ.
Medicine Lake бол ид шидтэй гэмээр, энэ их нуураас эх авсан гол үгүй атал нуур замхран алга болно. Учир нь газар доош шингэн Хойд Америкийн гүний цэвэр усны гол нөөцийг бүрдүүлдэг юмсанж.

2008-01-20

Аавдаа

Алхаа гишгээ нь аавтайгаа
Арай ч дэндүү адилхандаа гэж
Ахиу насны ээж минь
Харц бууруулах аядана.
Аавын эрхдүү охин би
Хоймрын эзгүйг мэдэрсэн ч
Алив зовлон жаргалан бүхнээ
Аминчлан түүнтэй хуваалцсан хэвээр
Амжилт бүхэнд минь баясах эжий минь
Аав нь байсан ч болоосой гэж гашуудсан хэвээр
Аав минь та бидэндээ
Ариун Дээд Бурхан шүү
Аав Бурхантайгаа байхад
Аниа бид алзахгүй

2008-01-19

Энэ чинь 2008 он

Бид нүүж ирээд галт тогоондоо сав угаагч залгуулах гэтэл "Та нар жаахан хүлээж бай, бид танай галт тогоог шинэчилж өгнө" гэсэн хариу өгөв. Саяхан засварын компаниас ярьж байна. 2 долоо хоногт бүгдийг солино, угсарна, шалыг чинь ч сольж магад байдлаас болно, гадуур хоолло, хоолны мөнгийг чинь өгнө гээд та 2н хэн нь гэртээ байх вэ? гэв. "Бид хоёул ажилладаг" "Өө тийм үү, танай тэр хавийнхан чинь..." 

...Манайд засвар орох эсэх тодорхойгүй байна. 
"Энэ чинь 2008 он шүү дээ. Хүн зүгээр гэртээ сууж байна гэж энэ хүмүүс яаж бодож чаддаг байна аа гэж" нөхөр маань гайхсаар. Би л харин энэ чинь 2008 он шүү дээ гэдэг үгтэй болж авав.

Хэтэрхий ардчилсан оронд байх тийм ч бас амар биш

Хэдэн сарын өмнө мэдээ уншиж байтал ийм зүйл таарч билээ. Америкийн нэгэн хотын залуу гэр бүлийн эхнэр нь ажил тараад гэртээ ирээгүй хэд хоножээ. Нөхөр мэдээж цагдаад мэдэгдэв. Цагдаагийнхан хурдан, түргэн хөдөлсөнгүй, хэд хоногийн дараа эхнэрийг нь их их хүнд байдалтай олжээ. Нөхөр, цагдаагийнхны удаан, хойрго байдлыг шүүмжлэхэд цагдаагийн байгууллагын ажилтан ийм мэдэгдэл хийв. "Эмэгтэй хүн ажил тараад гэртээ ирэхгүй байна гэдэг бол хууль бус ажиллагаа биш" гээд мэдэгдлийн төгсгөлд цагдаа үнэнээ тоочив: Бид чинь гэртээ ирээгүй, оройтсон хүн бүрийн хойноос хөөцөлдөөд байвал бусад ажлаа хийхэд хэцүү болно шүү дээ гэлээ.

хамгийн нимгэн ноүтбүүк

Гайхалтай юм аа. Энэ ноүтбүүк хамгийн нимгэнээс гадна Trackpad дээр хоёр хуруугаа ашиглан файл, зургаа томруулах эсвэл эргүүлэх зэрэг урьд өмнө байгаагүй үйлдлүүдтэйгээрээ тасархай юм. Дэлгэрэнгүй бичлэгийг эндээс харна уу?

Туулай - Pookie




Гэр бүлийнхээ хамгийн отгон "гишүүн"- ий (манай охин ингэж тодорхойлсон юм) талаар бичихгүй бол болохгүй нь ээ. Нэр нь Пууки. Манай охин Пуучкин гэх. Цав цагаан өнгөтэй, зөвхөн хөлийн хурууны үзүүр, чих, сүүл хэсэг хар өнгөтэй Holland Lop гэх угсааны туулай юм. Чухам тэр Lop гэдэг үгэнд их утга байна. Ихэнх туулайны чих сэргэлэн гэгч нь босоо, сортойсон байрлалтай байх бол манай туулайных хүүхэлдэйн киноны их азгүй эсвэл загнуулсан дүрийг илтгэх мэт "даруу" байрлалтай. Бүр дандаа шүү, Пуукигийн чих хацраа даган унжсан байрлалтай байх бөгөөд түүний тэр чих, толгой хацарт их учир бий. Гэрийн тэжээмэл амьтан гэдгийгээ маш сайн мэдэрсэн Пууки маань чухам толгой, хацарны орчим илүүлэх их дуртай. Сүүлийн үед хүний ойролцоо хэвтэж илүүлж л байвал тоглож нуугдах ч яамай гэсэн янзтай болсон шүү. Пуукигийнмаань хамгийн сонирхолтой зүйл гэвэл тоос сорогч. Яагаад дурлаад байгаа учрыг нь сайн олоогүй нөхөр маань нэг удаа тоос сорогчны сойзоор биеийг нь дагуулаад илэв. Пууки, одоо л намайг ойлголоо гэсэн шиг дуртай гэгч нь соруулж билээ. Гэрээр нэг үс, хялгас болохгуй зүгээр юм уу даа гэж бид олзуурхаж байгаа. Дараа Пуукигийн зургийг орууламз.

Ийм нэгэн эхлэл

Амарсайхан шиг алиалан бичиж
Амтат яриагаараа бусдыг хөгжөөж,
Алив бүхний урмыг сэргээхгүй ч,
Заяа шиг мэдрэмхий байж,
Унаж төрсөн газар ус битгий хэл
Удирдуулсан даргын талаар
Зөв сэтгэлээр бичиж,
Зөн олонтойгоо хуваалцахын тулд
Номын ордон найзын жишгээр,
Google ахын буянгаар,
Гурван цэнт ч үрэхгүйгээр,
Холыг ойртуулах увидастай ч
Цагийг үрэх нигууртай
Хавтгай саарал хайрцагийн өмнө
Хадаастай юм шиг суув аа.