2008-07-31

Баатар болох шахсан нь

Нутагтаа очиж охиныхоо монгол хэлийг сэргээх бидний аялалын нэг зорилго байлаа. Орчинд нь очоод удахгүй монголоор ярьж эхэлнэ гэж бид их гэнэн бодсон байв. Охин маань нөгөө ярьдаг хэлээрээ ярьж, үеийн ах дүүгийн хүүхдүүд зарим нь англиар, зарим нь монголоор ярьсаар, тэдний хооронд ямар нэг үл ойлголцох бэрхшээл гараагүй тул горьдлого маань амархан мөхөв. Зарим хамаатнууд маань англи хэлний дадлага хийх сонирхолтой байсан тулд охиныхоо монгол хэлтэй би өөрөө л ажиллах хэрэгтэйг ихэд хатуу ойлгож авав. Гэхдээ охиндоо нэгэн дасгалын ном авлаа. Юу гэвэл монгол хэл сурч байгаа гадаад оюутнуудад зориулсан монгол ардын үлгэрүүдтэй ном юм. Үлгэр бүрийн эцэст өгүүлбэр зохиох, зөв үг нөхөх, зөв хариулт дугуйлах гэх мэт бид гадаад хэл үзэхдээ ашигладаг яг л тэр дасгалууд бүхий ном байна. Дөнгөж хоёр жилийн өмнө Чингис хааны тухай номыг ахтайгаа булаалцалдан уншдаг байсан хүүхэд гэнэт ингэтлээ төрөл арилжсан юм шиг эргэчих гэж. Охиныг маань бага байхад нь хардаг байсан дүү нар маань "гадаад хүүхэд шиг санагдаад, нэг л хөндий эвгүй байна" гэж гомдол мэдүүлж байлаа.

Дараагийн нэг чухал зорилго бол ээжийгээ төрсөн нутагт нь аваачих байв. Биднийг очихоос өмнө нилээд олон шинжилгээ муу гарсан, хоолонд тааруу, царай гандуу ээж минь биднийг гэртээ угтав. Явахаас өмнө заримдаа ээжтэйгээ утсаар ярихаас ч халширдаг болоод байсан юм. Дуу нь их сул болсон байсан. Ээж маань биднийг хараад уйлж байна. Бас тэгснээ хүүхдүүдээ ирэх гэж байгаа тул сүүлийн 3 өдөр сүүгээр нүүрээ зүлгэж царай орсон гэж байна. Ээжийнх нь царай хир байна гэж тандангуй асууна. Хүүхдүүддээ эвтэйхэн харагдах гэж илт хичээж байв.

Ээжийн байдлыг ажиглан 7 хоносны дараа нутагтаа очмоор байвал бид аваад явна, та хариугаа заавал одоо хэлэх хэрэггүй, 2 өдрийн дотор хэлбэл сайн байна гэж манай нөхөр хэлэв. 2 өдөр өөрийн байдал бодол болоод нутаг, ах дүүгээ янз бүрээр төсөөлөн бодож ихэд догдолсон болов уу гэж би бодсон. 2 өдрийн дараа та одоо үгүй гэж хэлэх оройтсон гээд манай нөхөр хэлчихэв. Тэгэхэд ээжийн минь нүүрэнд санаа амарсан байдалтай инээмсэглэл тодорч харагдсан. Ерөнхийдээ замын явдлаас халширч, урам дэмийн үг эрэлхийлж байсан болов уу. Тэгээд л ээжийн маань их чанга дуу ороод ирэх шиг болсон. Миний ээж бол хөдөө явах сургаар өнгө орсон гэж хэлж болно. Явах шийдвэрээ гарах үед зарим эмчилгээний үр дүн нааштай гарсан нь сэтгэл санаанд нь бас нөлөөлсөн байх. Ээж Увс аймгийн Зүүнговь сумын Урт булаг хэмээх газар төрсөн. Бид онгоцоор 3 цаг, дараа нь машинаар 5, 6 цаг явж Зүүнговь, Баруунтуруун сумын хооронд зусах ээжийн дүү, авга, нагац ах нар дээр очно.

Бид даруй билетээ авахаар хөөцөлдөв. Дүү нар маань танил энэ тэр хүнээр яриулж байж билет авч өгсөн. Учир нь АэроМонголиа билетны кассны газар 7 сарын 1ний үймээний хөлд устсан тул тэд бидний хөдөө явах өдөр хэдэн билет зарагдсан, хэдэн билет зарж болох эсэхээ мэдэхгүй байв. Билет худалдан авсан хүмүүс ирж бүртгэл хийлгэсний дараа, өөрөөр хэлбэл явах өдрөөс нэг 2 өдрийн өмнө ирж сул билет байвал аваарай гэж бидэнд хэлсэн боловч бид өвчтэй хүн авч яваа тул бэлтгэл ажлаа хангах, заавал гурвуулаа нэг онгоцонд багтахын тулд билет бүтэхгүй бол яана гэж айгаад авсаныгаа хэлэх юун.

Хөдөөний өглөө

Хөдөө очиход зарим хүмүүс уйлан хайлан угтав. Хөгшин настай нь уулзахгүй байх хэмээн халаглаж байснаа өгүүлнэ, арай залуувтар нь ямар ч байсан нутагтаа очиж өөд болъёо гэж ирсэн хэмээн бодлоо гэж нууж хаалгүй хэлэв. Ямар ч байсан бид алс холоос зорин ирж, ээжийгээ нутагт нь аваад ирдэг, баатарлаг үйлстэй, сүрхий хүүхдүүд болж тоогдов. Миний хувьд бол тэр алс хол газар дажгүй яваад ирсэн ээж маань баатар юм. Ээж өрөм, хайлмаг, хонины дотор эрхтэн, түүгээр хийсэн бууз зэрэг элбэг иддэггүй байсан зүйлсээ амтланхан идэж хэд хонолоо. Ээжийн гэдэс дотор хямрах болов уу гэтэл ер тоосонгүй. Нутгийн агаар ус ундлан ихэд таашааж байгаа нь илт.

Хустын голын эх (Бөөргийн элсэн дороос ундарч эхэлдэг)

Нөхөр маань үеэл дүүгийн хамт ирж очихын 50иад км мориор давхиж ээжийн багадаа тоглож өссөн, хонио хариулан бэлчээдэг байсан Хустын голоос дээж авчирч өгөв. Ээж ихэд бэлэгшээн авч биеэ арчин хэмээн урдаа хөшиг татуулав. Ээжийн авга ах бидэнд улс орны хөгжилтэй холбоотой сонирхолтой түүх ярьж өгсөн юм. Миний өвөөгийн аав засгийн даалгаварын дагуу өртөө хийдэг байжээ. Өртөө хийх газрыг цаанаас заан тодорхойлно. Өөрийн гэр орноо ачин малаа тууж очих өртөөний газар бүр амьдрахад таатай бус, малын бэлчээр сайтай биш байх нь энгийн тохиолдол. Гэвч тэд тайлбар тавих эрхгүй, тэр битгий хэл тэр өдөр уг өртөөнд хичнээн мэдээ ирнэ төчнөөн удаа тэр бүрийг дараагийн өртөөнд өөрийн мориор бүтэн нэг сар дамжуулна. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөхөд айл бүр 70 толгой малтай байх, илүүг нь нэгдэлд заавал тушаадаг болов. Нэгдэл тэгэхдээ аль илүү тарган, махтай шөлтэйг нь хураан авна. Нэгэн нөхөр нэгдэлд очихоор заагдсан хонийг нэг муу туранхай төлөөр сольсны хариуд 5 жил шоронд хоригдсон гэдэг.  Өндөр авга ах маань одоо өөрөө мянгат малчин бөгөөд хэдэн жилийн өмнө хажуудаа сумын төвийн нэгэн хүү туслуулахаар авч хонио малуулсан гэнэ. Нөгөө хүү өөрийн амьдралаа бодон тусдаа гарахад 100 хонь тасалж өгөөд явууллаа гэсэн. 

Миний мэргэжлийн өвчин хөдөлж дээр үеийн хүмүүс эргүүтэй  хонь, галзуу үхрийн махыг хүнсэндээ хэрэглэдэг байсан уу гэж асуув. Тархи, нугасыг нь хаяад бусад махыг хэрэглэдэг байсан гэв. Тэгэхдээ махаа чанах тогооны голд зэс хийгээд чанадаг байсан гэв. Би бүр алмайрч гүйцэв. Яаж тэд мэддэг байсан байна аа? Галзуу өвчний прион уургийн зэсэнд холбогдох чадвар, улмаар эрүүл уургийг өвчтэй хэлбэрт шилжихээс хамгаалах зэсийн шинж чанарын онцлог бол одоогийн шинжлэх ухаанд шинэхэн хийгдсэн судалгаа шүү дээ. Гайхалтай ард түмэн юм, манайхан чинь. 


Газарчин дүү маань (Элсэн манхны оройд гарч утсаа ашиглах дуртай юм)

Аялалын төгсгөлд бид аав, буурал аавын газруудаар орж хүндэтгэл үзүүлэв. Энэ удаад ээжийн төрсөн нутгаар очлоо. Дараа удаа очихдоо аавын нутгаар буюу Хөвсгөл аймаг заавал орно оо.

6 comments:

peakfinder said...

Saihan yavjee, neeree baruun tiisheegee ih saihan gej sonsood l baidag. Uzeh yumsan. Eejiigee nutagt n' avaachdag sain ohin shuu.

Anonymous said...

Hooh mash goy temdeglel baina! Honinii chanasan dotor iddeg ih aztai baina aa! Zarim azi delguurt honinii dotor baigaach yamar ch amtgui baina. hehe

Barimalch

Nisu said...

saihan zugaaljee, manai eej bas ter zugiinh um bna

Дeстини said...

Peak: Eejiig avaad yavah bol manai hunii sanaa baiv. Bayrlaad barshgui, baruun tiisheegee zunshlaga taaruu baisan avch saihan baina lee.

Barimalch: Honinii chanasan dotor gehleer bi hudal jaakhan horshoisdog yum. Er surhii idej baisniigaa meddeggui hirnee.

Nisu: Shine hun blogoor zochilsond bayrlalaa. Bid butsahdaa Uvs nuurand bas orood avsniigaa durdah heregtei bolov uu.

gegeen said...

hehe, ter chingisiin comic goyo baigaaz. manai batsaan anglishaar shulganadag baij bas chingisiin comic-g mgl-r hachin sain oilgood bn gejuagaa.

www.gegeen.com

qu|kZ said...

Saihan bichsen baina. Taniy blog-t anh udaagaa zochilj baina.