2008-10-30

Хааяа болзох зүгээр

Өөр хотод ажлаар явсан тэр маань ирэв. Энэ амралтын өдөр юу хийх вэ хэмээн утсаар асуув. Би замдаа сонин аваад гадуур сонин хачин юу болж буйг мэдээд очъёо гэлээ. Сонингоос лавлан харвал олон улсын киноны фестиваль болж байгаа аж. Нэг кино шууд нүдэнд туслаа.
"The Great Match"


Хөл бөмбөгийн 2002 оны дэлхийн аваргын төлөөх шувтаргын тоглолтыг үзэхийн тулд ертөнцийн гурван булангаас хэсэг нөхөд бараг эр хүний арван гурван мэх гаргахаас наагуур юм болов. Амазонгийн ширэнгэн ойд амьдрах хэсэг индианчууд, Сахарын цөлийн нүүдэлчид, эцэст нь манай монголын Баян-Өлгийн хөдөөний нэгэн айлыг уг кинонд сонгон авч дэлхийн аваргын алтын төлөөх тэмцээнийг телевизээр үзэхийн тулд бас бус бэрхшээл давах хэрэгтэй болж буйг харуулжээ.

Хэтрүүлсэн, хальсан зүйлс энэ кинонд бишгүй гардаг. Гэхдээ хотын төвийн том кинотеатрт залран, тэр том дэлгэцээр үзэсгэлэнт сайхан Алтайн нуруу, дов толгод, монголын морь, тэмээ, ахуй амьдралыг хөөмийн уянгат аялгуун дор харах боломжтой байсандаа бид баярлан, бахдан хэдэн цагийг өнгөрөөв.

Киноноос гарч, дөрвүүлээ ресторанд хооллов. Захиалсан хоолоо хүлээх зуур хөөрсөн нөхөр маань дахин нэг кино үзэх санал гаргав. Тэр битгий хэл билетээ урьдчилан худалдаж авах хэрэгтэй гэнэ. Бэлэн цэцэн сонингоо урьдаа тавин ямар кино үзэхээ шийдэх болов. Чехийн "I served the king of England" (Obsluhoval jsem anglickeho krala -Jiri Menzel) гэх инээдмийн кино шилэгдлээ. Бас нэг словак найз уруугаа залгаж, ийм кино гарч байгааг мэдэгдэв. Нилээн зугаатай, бас том хүний үйл явдалтай кино байж мэдэх тул гэрээрээ дайрч 2 хүүхдээ буулгаад, бас болоогүй зайрмагаар гэдсээ баярлуулж аваад буцаад өнөөх кинотеатртаа ирж тухлан суулаа.
Чехүүд үе үе их сүрхий кинонууд найруулан тавих юм. Чөлөөт сэтгэлгээ, шогийн мэдрэмж сайтай, мэр сэр жижиг зүйлсээр ихийг илэрхийлэх чадвартай байх шиг.

Кино ч нилээн оройтож дуусав, гэртээ ирж нэг чех пиво хуваан уугаад, нэг их ажил амжуулсан хүмүүс шиг их урамтай гэгч нь орондоо оров.

Нэг дэх өдөр, ажилдаа ирэв. Хамт ажиллах нэгэн залуу үүдэнд тааралдан амралтаа хир өнгөрөөснийг асуув. Би ч баахан кино үзсэн тайлангаа тавьлаа. Тэгтэл тэр "Та хоёр болзож байгаа юм шиг явж дээ" гэв.

Нээрээ хааяа болзох зүгээр юм...., нөхөртэйгөө.

P.S. Дээрх 2 кино хоёулаа Берлиний Киноны наадмаас шагнал хүртсэн бөгөөд чех кино энэ жилийн Оскарт гадаад хэл дээр киноны зэрэглэлд чехийн талаас нэр дэвшсэн.

2008-10-07

Инээдтэй баримтууд

Жинхэнэ Ноблийн шагналын элэглэсэн хэлбэр болох Ig Noble Prize* (мөнгөн шагнал үгүй, ёслолын үйл ажиллагаанд оролцох замын зардлаа өөрөө төлөх) шагнал бий болоод бараг хориод жил бий болжээ. Энэ арга хэмжээний гол агуулга бол хүмүүсийг шинжлэх ухаан, эрүүл мэнд, техник технологид анхаарлыг татаж дур сонирхолтой болгох, ер бусын сонин явдыг онцлон тэмдэглэх, сэтгэх, дүрслэн бодох ур чадварыг хүндэтгэх зорилготой билээ.

Энэ жилийн шагнал авсан бүтээлүүдийг сонирхон заримаас нь дурдвал биологийн салбарт “нохойн бөөс муурныхаас өндөрт үсэрдэг”, химийн салбарт “Кока-кола эр бэлгийн эсийг үхүүлэх чадвартай” гэж баталсан эрдэмтэд үүний эсрэг баталгаа хийсэн эрдэмтдийн хамт авав (хи хи хи). Шагнал авагсад дараа нь нэг минут орчим тэдний бүтээлийн нийтлэг ач холбогдолын талаар ярьдаг, хэрвээ нэг минутаас хэтэрч сунжирч эхлэх юм бол найм настай охин өндөр, нарийн дуугаар “Уйтгартай байна, уйтгартай байна” гэж орилон уйлж яриаг тасалдуулна.

Шагнал авагсдын бүтээлийг хараад байвал дандаа утгагүй, цаг барсан, балай гэмээр бүтээлүүд биш байх юм. Жишээ нь, өндөр давтамжтай, нарийн дуу авиаг бүх хүн сонсдоггүй (насанд хүрэгчид сонсохгүй), энэ авиа шилжилтийн насныханд илүү сонсогддог тул энэ чанарт тулгуурлан зөвхөн тухайн бүлгийнхэнд зориулан бүтээсэн бүтээгдэхүүн 2006 оны энх тайвны шагнал авчээ. 13-25 насныханд энэ нээлт хоёр талаар үйлчилнэ.

Нэгд, зарим сургуулиуд энэ төхөөрөмжийг худалдан авч, сургуулийн хаалга, хүүхдүүд их цуглардаг газар байрлуулж, эд ахуйгаа хамгаалах болжээ. Зарим сурагчид гэртээ цагтаа харихын оронд сургуулийн гадна үлдэн тамхи татах, орчин бохирлох, цонх хагалах зэрэг сөрөг үйл ажиллагаа явуулдаг яг тэр цэгүүдэд уг төхөөрөмжийг байрлуулахад хэсэг хугацааны дараа тэд тухайн газраас дайжиж байгаа нь ажиглагдсан байна.

Хоёрд, энэ дуу авиаг ашиглан гар утасны тусгай дуу бий болжээ. Эдгээрийг сургуулийн насныхан утсандаа буулгаж аваад хичээл дээр багшаасаа, гэр орондоо эцэг эхээс далдуур утсаа ашиглаж болох нь ээ.

Ig Noble шагналыг хувь хүнээс гадна улс, байгууллага мөн хүртдэг юм байна. Тэр битгий хэл сайн нэртэй сургуулийн эрдэмтэд (Харвард) хүртэл хүртсэн байх тохиолдол гарчээ. 1981 онд (даанч тэр үед энэ шагнал бий болоогүй байсан) АНУ-ын ХАА-н танхим (USDA) энэ шагналыг авах байсан болов уу гэж боддог юм. Тэд тэр үед кетчуп бол улаан лооль юм гэж баталж орхитол бөөн хэл ам дэгдэж орхисон тул сарын дараа кетчуп бол кетчуп, улаан лооль биш гэж дахин зарласан гэдэг.
* - Ignoble гэсэн үгээс дамжуулсан утгаар хэрэглэдэг мөн Швэдэд Ig бол муу дүн (F) гэсэн утгатай ажээ.

Ашигласан материал
http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/5411816.stm http://en.wikipedia.org/wiki/Ig_Nobel_Prize
Radio news