2008-11-15

Олигтойхон үнсмээр байна

Үнэрлэх бол үнсэхийн салшгүй хэсэг
Үндэсний маань монгол үнсэлтэнд
Үүнийг би охиндоо
Учирлан байнга хэлдэг болов
Үнссэнгүй, үнэрлэллээ гэж
Урдаас бас гомдол мэдүүлнэ.

Удалгүй охин минь арга олжээ
Улаан уруулаа цомбойлгох болжээ
Уруул дээр бол шомбойтол үнсэхээс
Үнэрлэх боломж үгүй гэж
Мэргэн арга олсон мэт
Мишээгээд алга болдог болов.

Энэ охиноо гэж.
Өөрөө би үнэрлүүлэн үнсэж өссөн, өөрөөр бол хүнийг үнсэж мэдэхгүй юм байна.

Үнэрлэн үнсэх эсвэл үнсэхдээ үнэрлэх бол зөвхөн манайханд байдаг зүйл үү гэтэл бас үгүй бололтой. Тэр нэгэн жил Дани улсад судалгааны ажлаар очихдоо тэндхийн нэг айлд хэдэн сар амьдарч жинхэнэ баруун маягийн амьдралын ахуйтай анх танилцаж байсансан. Миний очсон айлын эзэгтэй, 20 шахаж буй нэгэн хүүтэй байв. Хүү тусдаа гарсан боловч ойрхон амьдрах тул өглөөн цай, оройн хоолонд голдуу ороод ирэх. Хүү бол европ биетэй, өвөрмөц ази царайтай нэгэн.

Орой үдэш хоолны дараа вино шимэн, хорвоогийн элдэв сонин, эрээн мярааныг ярин сууж байх зуур нэгэн удаа хүүгийн аавын талаар ярьж байна. Эзэгтэй (Кристиана) маань залуухан байхдаа Гринландад аялалаар очжээ. Тэндхийн онгон байгальд сэтгэл алдарсан тэрээр Гринланд, Дани хоёрын хооронд байнга ирж очиж байх бололцоотай ажил олж хийхээр шийдэж, ажлаа ч олон хэдэн жил тэнд суурьших зуур нутгийн нэгэн хархүүтэй амьдралаа холбосон нь хүүгийн эцэг байжээ. Кристианаг Гринландад амаржсаны дараа нутгийн хөгшчүүл тэднийхээр айлчлан голдуу байгалийн материалаар хийсэн жижиг бэлэг сэлт авчирна, зарим нь хүүг үнсэхдээ, "үнсэх ч гэждээ уруулаа цомбойлгон хамартайгаа нийлүүлэн, үнэрлэж" орхих юм гэнэ. Энхрийхэн бяцхан жаалыг нь уугуул нутгийн хүмүүс үнэрлэж шиншлээд байсанд Кристиана гайхахаар барахгүй дургүй нь хүрч байсан гэдэг. Тэгснээ "одоо бол үнэрлэж, үнсэх аймаар дуртай" гэв.

- Би ч гэсэн
- Юу?? Та нар бас тэгдэг юмуу?

Бид хоёр нэг их нарийн нандин зүйлээр холбогдсон хүмүүс шиг ихэд баярлалдан хөгсөж билээ.

2008-11-09

Юмс өөрчлөгдөнө.

Барак Обама. Энэ хүнийг шинэхэн сонгогдох АНУ-ын Ерөнхийлэгч гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Миний хувьд бол Обама гайхамшигт илтгэгч, удирдагч болохоо сонгуулийн компанит ажлын үеэр нэгэнт сайн харуулсан гэж боддог юм. Сонгуулийн сурталчилгаандаа зөв хүмүүсийг тохирсон ажилд нь мэдрэмжтэйгээр томилж чадсан нь түүний амжилтын гол нууц болов уу? 

Түүний илтгэл, хэлэх үгийг нь сонгуулийн үед Жон Фаврио (Jon Favreau) бэлдэж, Обаматай хамт засан хянаж байсан. Хичнээн сайхан уярам үг, хөдөлшгүй баримт бүхий илтгэлтэй байгаад ч түүнийгээ бусдад дамжуулж, түгээн хүргэж чадах авьяас, чадвар хангалтгүй бол бусдын өгөөш ч болж мэднэ. Сонгуулийн сурталчилгааны үед тавьсан Обамагийн хамгийн алдарт илтгэл бол "Улам төгс нэгдэл" (гэж орчуулах болов уу, "A more Perfect Union") юм. Энэ илтгэлээ Обама өөрөө дуудан бичүүлж, Жон засан тохиолдуулсан гэдэг. Илтгэлийг санваартан Жэрэмя Уврайтын (Jeremiah Wright) хийсэн болчимгүй мэдэгдлүүдэд хариу, тайлбар болгон тавьсан (1). 

Хүний амьдрал гэж сонин байх юм. Санваартан Жэрэмя бол Обамагийн амьдралд яах аргагүй чухал байр суурь эзэлдэг хүн байсан. Обамад Христосын үзэл бодлыг тайлбарлан ухуулж, сүмд элсүүлэн, ивээлдээ авсан, түүний хурим, тэр битгий хэл хүүхдүүдийг адисласан хүн болно. Хожим санваартан тэтгэвэрт гарснаас хойш хар цагаан арьстны ялгааг дэвэргэсэн, АНУ-ын төрийн бодлогыг гуйвуулсан, таран бутаргах чиглэл бүхий болчимгүй мэдэгдлүүд удаа дараа хийх болсон тул Обама түүнээс зайгаа барин, улмаар харьяалагддаг байсан сүмээсээ албан ёсоор гарсан болно. Яг энэ үеэр Обама, Хиллари 2 ардчилсан намаас нэр дэвшигчийн төлөө өрсөлдөж байсан үе. Хиллари ч "Бид эцэг эх, үр хүүхдээ сонгодоггүй, харин ямар сүм, багшаа сонгох боломжтой" хэмээн Обамаг доош хийж амжив. Ер нь ард олны дунд Обамагийн сүмийн багшаас үүдэлтэй нилээд эргэлзээ бий болсон тул түүний нэр хүнд суларч эхлэв. Тэгтэл чухам энэ үед Обама сүүлийн хэдэн жилд сонсогдоогүй өнөөх алдарт илтгэлээ тавив. Илтгэлийн гол агуулга бол бид өөрсдийнхээ хар цагааныг гайхан суухын оронд "нэгдэн нийлж, бидний өмнө тулгараад байгаа эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны бохирдол зэрэг нийтлэг олон асуудлыг шийдэн улам нэгдмэл нэгдсэн улс бий болгох"-ын төлөө уриалан дуудсан явдал байв. 

АНУ-ын түүхэнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хар арьстнуудыг дорд үзэх явдал байсан уу гэвэл байсан. Цаг хугацааны эрхэнд, удаа дараагийн тэмцлийн үр дүнд, олон зүйлс нээлттэй болж, бид "өсөн дээшилж, хөгжин дэвшиж ирсэн түүх"-тэй учраас "би ерөнхийлэгчийн сунгаанд оролцох болсон" (2). Юм өөрчлөгддөг байхгүй юу хэмээн олон нийтэд сануулахын зэрэгцээ өөрийн хуучин багш, санваартан Жэрэмяг сургаад өгсөн. 

Муугаас эхтэй сайн гэж байх юм. Хэрэв санваартан Жэрэмя хүмүүсийг төөрөлдүүлсэн дэмий олон мэдэгдэл хийгээгүй байсан бол Обама тайлбарлан болгон, түүнд асар их нэр хүнд авчирсан түүхэн илтгэлээ тавих өөр орчин, нөхцөл бүрдэх байсан болов уу? 

Харин түүний Ерөнхийлэгчээр сонгогдохоо мэдсэний дараа Чикагод хэлсэн үг тийм ч хүчтэй, сонсголонтой байж чадаагүй. Мэргэжилтнүүд ч "энэ бол Обамагийн тавьдаг түвшний илтгэл биш" гэж дүгнэв. Бараг хоёр жил Ерөнхийлэгчийн сунгаа, сонгууль гэж явсан болохоор сонгуулийн эерэг үр дүн түүнд асар их тайвшрал авчирсан нь ойлгомжтой. Эсрэгээр Маккейны сонгуулийн дараа хэлсэн үг бол асар ухаалаг, АНУ-ын төлөө бүх зүйлээ дайчлахад хэзээд бэлэн байдаг дайчин, эх оронч хүний үг байлаа. Обамаг ерөнхийлэгчээр сонгогдон баяр хүргэхэд Маккейныг дэмжигчид шуугилдан, исгэрэхийг завдав. Маккейн тэднийг дор нь болиулж Обама бол миний ерөнхийлэгч, бидний ерөнхийлэгч, бид тэр хүний ялалтыг хүндэтгэх хэрэгтэй хэмээн хэдхэн секундэд ойлгуулж амжсан. Урьд нь сонгуулийн сурталчилгааны үеэр бол Обамаг элдэв үгээр дайран довтолж, заримдаа ийм настай хүнээс яаж ийм үг гарч чадаж байна аа гэж бодогдохоор үе зөндөө байлаа. Юм гэдэг дорхноо өөрчлөгдөх юм. 

Сонгуулийн сурталчилгааны үед Маккейны нэр хүнд доошлоход нөлөөлсөн хүн бол Сара Пейлин гэж яах аргагүй бодогдоно. Өөрийн гэсэн бодолгүй мэт намын бодлогыг тусгасан хэдэн үгийг тоть мэт давтана. Дээрээс нь нэгэн оюутан түүний имейлийн нууц үгийг илрүүлэн онгойлгосон явдал, мөн Канадын хоёр алиалагч Францын ерөнхийлэгч Саркозийн дууны өнгийг дууриалган Пейлинтэй бүхэл бүтэн таван минут ярьсны дараа өөрсдийгөө илчилсэн нь Пейлинийг улс төрчийн хувьд биш юмаа гэхэд хувь хүний хувьд жаахан мангардуу болохыг харуулаад өгсөн (Эрхэмсэг, дэгжин Саркози бол "би Пейлинтэй юугаа ярих билээ" хэмээн бодсон биз).

За, юм өөрчлөгддөг юм байна. Монголоос гаралтай нэгэн АНУ-ын дээд албанд зүтгэхийг харах юмсан. 

Ашигласан материал
1. http://en.wikipedia.org/wiki/A_More_Perfect_Union_(speech)
2.http://en.wikisource.org/wiki/A_More_Perfect_Union
3. Сонгуулийн үеийн ТВ мэдээнүүд