2009-12-01

Канадын мэргэжлийн цагаачид

Канада улс жил бүр маш олон тооны ажиллах хүчин гаднаас авдаг орон. Энэ нь эндхийн хүн амын өсөлт удаанаар барахгүй хожим эдийн засгийн өсөлтөө даагаад явах ажиллах хүчний хомсдолд орсонтой холбоотой.

Ингэхдээ голдуу дээд мэргэжилтэй, чадалтай мэргэжилтнүүдийг гаднаас сонгон шилж авах боловч тэдгээр нь энд ирээд мэргэжлээрээ ажиллах нь тийм амар бус. Хэргийн учир нь хэлний мэдлэг тааруу, эсвэл хэл сайтай ч Канадын ажлын туршлага үгүй гэдэг шалтгаанаар бүх л газар ажлын анкетыг чинь тоосонд даруулан, өөдөөс чинь хаалгаа барьж орхино. Өндөр хөгжилтэй оронд ажиллаж амьдрахаар үр хүүхэд, хань ижлээ дагуулаад ирсэн цагаачид ямар нэгэн ажил олж, амьдралаа залгуулахаас өөр аргагүйд хүрнэ. Шинэ ирсэн эмч, хуульч, инженер, багш нар энд ирээд сав угаана, жолооч болно, айлын гэр цэвэрлэнэ, тавилга зөөж, ачигч болох жишээтэй. Ажлынхаа зэрэгцээ өөрийнхөө оронд сурсан зүйлээ дахин сурна, дээшлүүлнэ гэх мэтийн элдэв олон төрлийн шалгалт, хүнд сурталыг давж байж мэргэжлийнхээ ажилд очно. Гэхдээ энэ даваа нилээн удаа цаг хугацаа, мөнгө төг, шаргуй хөдөлмөр шаардаж мэднэ. Зарим нь ч бууж өгөөд нөгөө муу нэртэй ажилтайгаа үлдэх боловч тэдний үр хүүхэд нь, эцэг эхийнхээ хүслийг биелүүлээд зогсохгүй нилээд гайгүй ажил хөдөлмөр, амьдралтай болох, эндхийн орчинд гайхалтай сайн идээшин зохицох тохиолдол бий. Энэ үед чухам тэдний эцэг эх өөрсдөөрөө бахархах үе ирдэг байх аа.

Ямар ч байсан, Канадын цагаачлалын систем бол цагаачдыг ажиллах байраар хангах бодлоготойгоо зохицдоггүй, шинэ цагаачдын боловсролын түвшин, өөр оронд ажиллаж байсан туршлагыг тэр бүр үнэлдэггүй зэргээр байнгын шүүмжлэлд өртдөг газар юм. Тэд сайндаа л эндхийн хэл, соёл сургах төдий арга хэмжээ авдаг хэмээн аргаа барсан хүмүүс гомдоллох нь их.

Канадчууд ч бас зүгээр байсангүй, цагаачлалын бодлогодоо хэд хэдэн шинэлэг зүйлс нэвтрүүлсээр байна. Өнгөрсөн жилийн нэг өөрчлөлт бол, энд их дээд сургууль төгссөн гадаадын оюутан хэрэв энд ажилд орохыг хүсвэл мэргэжлийн болоод мэргэжлийн бус ажилд гурав хүртэл жил ажиллаж болох боломжийг олгосон явдал. Урьд нь зарим нэг газрын байршлыг үл харгалзвал зөвхөн нэг жил ажиллах эрхтэй байсан. Энэ жил нэмэн оруулсан нэг өөрчлөлт бол шинээр ирэгсдийг мэргэжлийнх нь ажилд оруулах тал дээр түлхий анхаарах явдал юм. Энэ талаар Канадын эдийн засгийн үйл ажиллагааны планд тусгасан байна. Шинээр цагаачлагчдын боловсрол, мэргэжлийг шалгах, хүлээн зөвшөөрөх бодлогыг дээшлүүлэх, тэднийг мэргэжлийн ажлаар хангах ажилд 50 сая доллар төлөвлөсөн байх юм. Эхний ээлжинд буюу 2010 оноос эхлэн дараах мэргэжил бүхий цагаачдын мэргэжлийн чадварыг үнэлэх явцыг боловсронгуй болгох аж. Үүнд:
• архитектур
• инженер
• нягтлан бодогч, аудит, санхүү
• эмнэлгийн лабораторийн ажилтан
• Occupational Therapists (юу гэж орчуулдаг вэ?)
• эм зүйч
• биеийн тамирын эмч, дасгалын ажилтан нар
• ахлах сувилагч

Сонирхолтой нь, энд эмч, сувилагч нар асар дутагдалтай байдаг газар. Өмнөд Африкаас эмчээ, Филиппинээс асрагч, сувилагч нараа татаад авдаг бодлоготой. Канадын засгийн газар чухам энэ хоёр орны эмч, сувилагч нарыг бэлтгэх түвшинг олон үггүй хүлээн зөвшөөрдөг тул тусгай баг бүрдүүлэн, бүр нутагт нь очиж эдгээр мэргэжилтэй хүмүүсийг "импортлох" үйл ажиллагаа явуулдаг.

2009-11-20

Цагаан дарь эхийн магтаал

Түүнтэй би нилээд хэдэн жилийн өмнө Бээжингээс Улаанбаатар орох замд тааралдсан юм. Тэрээр Драмсалад шашны ухаан суралцдаг оюутан байсан.

Шавьхийсан жижиг биетэй, ухаалаг үг яриатай түүнтэй, Замын-Үүдээс арайхийн олдсон ганц ор хуваан, элдвийг ярьсаар УБ-д буусан маань тодхон санагдана. Дараа нь түүнтэй холбоо барихыг оролдсон боловч тэр үед ээжийнх бие их тааруу байсан тул амжаагүй.

Шашны онолын талаар гаргууд сайн мэдлэгтэй түүнийг өөрийн эрхгүй хүндлэх, бишрэх сэтгэгдэл төрж байсан. Саяхан, санамсаргүйгээр түүний бүтээлийг ютүүбээс олж ихэд олзуурхав. Түүнийг Гүнзэ гэдэг. Одоо бодвол Монголдоо байгаа байх даа.



2009-11-16

Би яагаад алга болсон бэ?

Манайх нэг оюутантай болсон юм байхгүй юу. Тэр нь миний хүү биш шүү, би өөрөө. Ингэснээс, манай ангид миний хүүгийн үеийн насны охид, залуучууд байна. Эгдүүтэй ч юм шиг, ичмээр ч юм шиг.

Гадаадад дээд сургууль төгсөн, бас ч үгүй докторын зэрэг хамгаалан мөн л гадаадад мэргэжлээрээ ажиллаж байсан миний амьдрал хэвээр байгаа боловч арай л өөр зүйл хийж, оролдож үзмээр санагдаад санхүүгийн коллэжид элсэв. Элсэн орсны дараа нөгөө коллэж маань их сургууль болж дээшлэдэг юм байна.

Гадаад, дотоодгүй сурч эсвэл багшилж явсан бибээр ийм эрчимтэй сургалттай сургууль урьд өмнө хараагүй юм байна. Долоо хоног тутам 2-3 онлайн юмуу хураалгах шалгалттай байх юм. Эхэндээ тэр шалгалтуудыг хугацаанд нь хийхгүй, өнгөрөөж орхих вий дээ хэмээн байн байн календар шалган, цаг хугацаатай уралдаж явдаг байсныг бодвол одоо арай дээр, энд тэнд хэдэн үг тэрлэх зэрэгтэйгээ болжээ. Хөгшин оюутан юм чинь бас арга байжу. Учир, эвийг нь одоо л олж байх шиг байна. Дүнгийнхээ учрыг лав саяхан олсон. 83 оноо нэг шалгалтанд авсан байна. Тэгтэл багш маань "Excellent" - онц гээд бичсэн байх юм. 83 оноо авбал онц байх учиргүй, багш андуурсан байна хэмээн бодож явтал ангийн маань хүүхэд надад дүнгийн шатлал үзүүллээ. 80-с дээш бол бүгд л онц юм байна.

93-100 - А (нэмэх) - "OUTSTANDING" - Гаргууд онц
87-92 - А - "MARKEDLY SUPERIOR" - тэмдэглүүштэй онц
80-86 - А (хасах) - "EXCELLENT" - зүгээр л онц

Зүгээр л онц гэснээс арван жилд байхад физикийн багш маань тавлаг тарган, туранхай, хавчиг, хариугүй жижиг гээд л олон янзын онц тавьдаг байж билээ. Түүний шатлалаар бол би бол арай ядан онц авсан юм уу даа.

Бусад ээж, аав яадаг юм байгаа юм, бид л хүүхдүүдээ наян хэд авлаа гээд зэмлээд байсан чинь энэ чинь муу дүн биш юм байна шүү дээ гэх бодол бас орж ирэв. Гэхдээ арван жилд бол хавчиг таваас харвинтэй дөрөв илүү гэж боддог байсан.

Санхүүгийн болон татварын талаарх хичээл их сонирхолтой юм. Нэгэнт л энд амьдарч байгаагийн хувьд эндхийн бизнэсийн орчин, данс бүртгэл, элдэв татвар (бид цалингийнхаа 25-30% татварт өгдөг), бас татвар багасгах арга гээд л хичээлүүд орж өгнө. Их нарийн ширийн зүйл үзээд байгаа мэт санагддаг, гэтэл багш гуай "энэ бол ердөө л суурь" гэсэн шүү. Хувийн бизнэс эрхлэвэл зүгээр юмуу даа гэсэн бодол орж ирээд байгаа.

Бид хичээлийн шинэ жилийн нээлтийн цуглаанд нэг ийм "бороо" оруулсан юм. Та нар олуулаа бол бас оролдоод үзээрэй, сайн удирдаачтай байх хэрэгтэй гэж санагдсан. Нүдээ аньж байгаад сонсоорой.



Блогоор маань орж гарч байсан та нартаа баярлалаа.

2009-07-31

Тархины дасгал

Оюун ухааны фитнесс дасгалуудыг өдөр бүр 20 минутын турш эрчимтэйгээр хийж байвал бидний задлан дүгнэх (analytical), бүтээлч санаачлагатай (creativity) болон практик чадварууд илүү хөгжих нөхцөл бий болдог.



Адил өнгөтэй дүрсүүдийн хооронд зураас тат. Зурааснууд хоорондоо огтлолцох учиргүй.



Зураасуудыг огтлолцуулахгүйгээр ижил өнгөтэй хос дүрсүүдийг хооронд нь холбох.




Учрыг нь олов уу? Илүү амархан болж байна уу? Адил өнгөтэй дүрсүүдийг хооронд нь холбохдоо холбоос зурааснууд хоорондоо огтлолцох учиргүй.



S-ээс F-д зорчихдоо алхам бүрд адил өнгө, эсвэл адил хэлбэр бүхий дүрсээр дамжаарай.

From: Puzzles & Brain Teasers, Reader's Digest

2009-07-29

Элэгний вирус

Энэ сарын эхээр үсээ засуулахаар нэгэн худалдааны төвд очтол эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн хүмүүс цусаа донорлохыг уриалж байхтай тааралдав. Урьд нь энэ талаар бодож явсан болохоор дуртай гэгч нь цусаа өгөхөөр болов. Эхлээд баахан урт анкет бөглөх болов. Аль оронд амьдарч (Африкийн орноос гадна нөгөө өндөр хөгжилтэй Европын орнууд хүртэл асуудалтайд тооцогддог аж, учир нь тэнд үхрийн галзуу өвчин дэлгэрч, уг өвчний нэг хэлбэр нь хүнд илэрсэнтэй холбоотой), зорчиж аялж байсан, ямар нэг эм хэрэглэж байгаа эсэх, тэгээд нөгөө ДОХ, энэ тэр гээд бараг залхмаар удаан асуулттай анкет бөглөв. Арга ч үгүй биз дээ, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр хэн нэгний өвчин эдгээх зорилгоор өвчтэй цус шахаж болохгүй нь тодорхой тул. 

Олон жижиг шалгуур дамжсаар цусаа өгөх болов. Тэрхэн зуур бас дэлгүүр лүү гүйж ходоодоо борлуулж, шингэнээ сэлбэж амжлаа, амьхандаа биеэ бэлтгэж байгаа нь тэр. Нийтдээ надаас 2 уут цус авав. Эхний уутанд бараг 20мл, дараагийнхад 480мл цус орох юм. Эхлээд тэд эхний ууттай цус элдэв шинжилгээнд хамруулан, миний цус найдвартай гэж тодорхойлогдсон тохиолдолд нөгөө 480мл цусыг цусны төвөөр дамжуулан хэрэгтэй өвчтөн дамжуулах аж. Цусны шинжилгээгээр элэг гэмтээгч ба дархлалын хомсдол үүсгэгч вирус болон элдэв шумуулаар дамжиж өвчин үүсгэдэг вирусууд донор цусан байгаа эсэхийг тодорхойлдог гэнэ (нийтдээ 6 төрлийн шинжилгээ хийдэг гэсэн). 

Цусаа өгсний дараа надад нэгэн карт өгснийг сонирхон харвал дээр нь нэг сар өдөр заасан байх юм, ямар учиртайг нь асуувал - дараа цус өгч болох хамгийн эхний боломжийг дурдсан юм гэж хэлсэн нь тэд донор цусны гачигдалд ороход ойрхон байдгийн илрэл бололтой. 

Би гэдэг хүн их чухал ажил бүтээсэн мэт гэртээ ирж мэдээгээ илтгэв. Хоёр сарын дараа цус өгөхөд бэлэн байхын тулд цус сайн төлжүүлэх хүнс хэрэглэх, витаминаа алдаг оног биш тогтмол хэрэглэх, эрүүл агаарт алхаж байх, хөдөлгөөнтэй эрүүл байж, дараа дахин хүмүүст тус болохыг хичээж урам өндөр хэд хонов. Хүүхдүүдээ том болохоор нь ийм хандивын үйлст бас хамруулах юм шүү гэж бодож амжив. Манай нөхөр ч дэмжин, дараа хоёулаа хамт очихоор болов.

Хэдэн өдрийн өмнө нөгөө цусны төвөөс нэгэн захиа иржээ. Онгойлгох зуураа "Цаашид танаас цус авах боломжгүй боллоо" гэдэг өгүүлбэр уншиж амжив. Шалтгаан нь би урьд элэгний Б вирусаар өвдөж байсан байна гэжээ. Үүнийгээ чухам яаж тодорхойлсныгоо детектив киноны тайлал шиг тайлбарласан байв. "Таны цусанд илэрсэн зүйл бол элэгний Б вирусын вакцинаас эхтэй биш, жинхэнэ өвчнөөс гаралтай гэдгийг ийм, тийм шинжилгээгээр ингэж батлав. Хамгийн гол нь таны биед одоогоор энэ вирус байхгүй байна" хэмээн дөрвөн хуудас тайлбар илгээжээ. 

Гурван зүйл ихэд таалагдав. Нэгд, энэ шинжилгээний хариуг намайг хариуцсан эмчид мэдэгдэхийн тулд надаас эхлэж зөвшөөрөл авна гэсэн байв. Баярлалаа, мэдэгд, мэдэгд. Эмч маань элэгний үйл ажиллагааг тодорхойлогч шинжилгээ хийх хэрэгтэй боллоо гэдгээ надад даруй хэлнэ. Хоёрт, энэ вирус одоохондоо миний цусанд байхгүй ч нэгэнт элэгний вирус тул уг вирусын талаар зөвлөгөө хавсаргажээ. Гуравд, элэгний Б вирусаар өвчлөгсөд ихэнх тохиолдолд өвдсөнөө мэдэхгүй, хөнгөн хэлбэрээр өнгөрдөг тул гэр бүлийнхнийгээ шинжилгээнд хамруулж, зөвлөгөө авахад илүүдэхгүйг дурджээ. Ерөнхийдөө бол, энэ хүн манай донор биш юм чинь гэж намайг орхисонгүй, миний эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө өгсөнд их олзуурхав. 

Бусдаар бол гар тулж, нүүр учрахгүй ч олон хүнд алсаас тусалж байя гэж бодож байсан минь талаар болсонд жаахан гутранги байна даа. 

2009-07-24

Let it be

Зарим түвэгтэй асуудлыг зөнд нь орхих гэдэг бол тухайн асуудлыг бидний санасан бодсоноор биш тэр асуудлын өөрөө аяндаа шийдэгдэх үе хүртэл хүлээх, аяыг нь харах, даган зохицох чадвартай холбоотой.
1968 оны өвөл, Бийтлз хамтлагийнхан салж бутрахад ойрхон байсан үед, Пол МкКартни нилээд гунигтай дүнсгэр хүнд өдрүүдийг өнгөрүүлжээ. Тэгтэл нэгэн шөнө тэрээр ихэд "тайтгаруулсан" зүүд зүүдэлсэн гэдэг. Түүний зүүдэнд түүнийг 14 настай байхад нь өөд болсон ээж Мари иржээ. "Түүний царай их тод тодорхой байсан. Ээж маань надад намуун, аргадсан дуугаар "Let it be" гэж хэлсэн." Пол, хөгжмийн зохиолч байсны хувьд өөрийнхөө зүүдэнд тулгуурлан дуу бичиж эхэлжээ. Ингэж л поп дууны ертөнц дэх хамгийн алдартай дуунуудын үг бий болсон гэдэг.


When I find myself in times of trouble,
Mother Mary comes to me,
Speaking words of wisdom,
Let it be... there will be an answer,
Let it be.

Энэ дуу бол бараг л сүлд дуулал болсон гэж МкКартни дурдсан байна. 9 сарын 11ний Ихэр Цамхаг -террорист халдлагын дараа олон радионы сувгууд энэ дууг давтан давтан явуулж байсан тул Нью-Йоркт болсон хандивын тоглолтонд уг дуугаа МкКартни дуулахаар шийджээ. "Энэ дуу бол ганц надад ч биш асар олон хүмүүст тохиолдсон хүнд хэцүү үеийг даван туулахыг дэмжсэн аргадал тайтгарлын илэрхийлэл болсон юм" гэж алдарт дуучин маань өгүүлсэн байх юм.

2009-07-20

Наранд нүдний шил зүүлгэе!

Зуны дулаан улирал болж охин минь шавиагаа ханатал (энэ сонин хэллэг хаанаас гаралтай бол?) тоглож, гадаа өнжиж байна. Наранд хамаагүй тоглуулахгүй байхын тулд нарны хорт туяа, арьсны хорт хавдар, нарны хамгаалалтын тос хэрэглэхийн ач тус зэргийг тархинд нь хоногштол тайлбарлаж өгсний хүчинд охин маань "Би гадаа тоглож болох уу" гэж асуухын өмнө "Би тосоо сайн түрхээд... " гэж ярьж эхлэх болов.

Өнөөдөр дэлгүүр орж хүнсээ цуглуулахад туслуулахын тулд охиноо дагуулан явлаа. Нөгөө хурц нар зөвхөн миний охины урд, хажуугаас төөнөөд байх шиг суудал дээрээ нилээн хавчигнаж явсан охин маань машинаас буухдаа "Нар нүдний шил зүүдэг болоосой" гэв.

Наранд нүдний шил зүүлгэе!
Тэгвэл хэт хурц нарнаас болж гол мөрөн ширгэхгүй, ган халуун болохгүй, ургац, талх тариа алдахгүйгээр үл барам олон мянган хүн арьсны өвчнөөр өвдөхгүй, нарны тос үйлдвэрлэхгүй, савалгаанд хэрэглэх гэж элдэв хуванцар үйлдвэрлэж байгаль бохирдуулахгүй - байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засгийн нилээд таатай үзүүлэлтүүд ажиглагдаж магад.

2009-07-07

Сайхан наадаарай

Наадмын талбайгаар зүгээр л нэг орохсон...
Хуушуур олж хүртэхсэн....



Морьны газраар ороод гарахсан...





2009-06-26

Таатай анхааруулга

Гар утас ба электрон хэрэгсэл

Гар утас болон бусад электрон хэрэгслүүд нь хичээлийн үед саад болох мөн бусдыгаа дээрэлхэх гадуурхах, шалгалтын үед мэхлэн залилахтай холбоотой асуудлыг ихэсгэх нь даамжирсаар байна. Ийм учраас ГАР УТАС/ЭЛЕКТРОН ХЭРЭГСЭЛ ашиглах журам батлагдаж, сургуульд энэ жил бүргүүлэх өдрөөс эхлэн шалгалт дуусах хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

ГАР УТАС, БЛАКБЕРИ, МП3, АЙПОД БОЛОН ЭДГЭЭРТЭЙ ТӨСТЭЙ ЭЛЕКТРОН ХЭРЭГСЛҮҮД НЬ СУРГУУЛИЙН ОРЧИНД 8.00-15.00 ЦАГИЙН ХООРОНД ҮЗЭГДЭЖ, ХАРАГДАЖ, АШИГЛАГДАХ УЧИРГҮЙ. ХӨГЖИМ, ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ БА КАМЕР МӨН ҮҮНД ХАМРАГДАНА.

Энэ журмыг зөрчсөн тохиолдолд асуудал үүсгэсэн хэрэгслийг шууд хураан авч, сургуулийн захиргаанд өгөх болно.

  • Нэг удаа зөрчсөн тохиолдолд - хичээлийн дараа тухайн сурагч өөрийн биеэр очиж сургуулийн захиргааны хариуцсан этгээдээс хураалгасан зүйлээ хүлээн авна.
  • Хоёр удаа зөрчсөн тохиолдолд - тухайн сурагчийн эцэг эх, асран хамгаалагч ирж, хүүхдийнхээ хураалгасан эдийг авна.
  • Гуравдахь болон удаа дараа зөрчсөн тохиолдолд - сургуульд тодорхой хугацаанд ирэх эрхгүй болгох хүртэл арга хэмжээ авна.
Хэрэв хичээлийн үед хүүхэдтэйгэй холбоо барих шаардлагатай бол эцэг эхчүүд сургуулийн жижүүрт хандаж, мессеж дамжуулж болно. Онцгой шаардлагатай үед сурагчдын ангид очиж мэдээг даруй дамжуулах болно.

Хүүгийн маань сургууль ийм шинэ дүрэм мөрдөх болсонд их талархаж байна.


2009-05-21

Хүүгийн гэрийн даалгавар - Shakespearean Sonnet

Хүүгийн гэрийн даалгавраас зөвшөөрөл аван орууллаа. Уран зохиолын хичээл дээр эссэ бичихээс гадна шүлгийн бүтэц зааж, хэдэн мөр бичиж ирэх даалгавар өгчээ. Энэ бол Шекспирийн сонет загвараар бичсэн даалгавар болно. Уг загвар ёсоор бол мөрний адагт орох үгийн төгсгөлүүд мөр алгасан адил байх (abab cdcd efef gg), хамгийн сүүлийн хоёр мөр адил төгсгөлтэй байх, нэг мөр дэх үгнүүдийн үе 10-12-оос хэтрэхгүйгээр уянгалаг байх зэрэг Шекспирийн шүлэг бичихдээ баримталдаг байсан аргуудыг сурагчдад мэдүүлэхийг зорьжээ.



Gaming



In video games, I can be anything

A hero, a crook, a warrior, a god

I can grab rebounds better than Yao Ming

If I want to fly, just give it a nod


I can shoot better than a whole SWAT team

It's my game, I control all of the guns

I have more power than a laser beam

I play guitar and drums, I hit home runs


There's more to video recreation

I forget to do my homework and chores

My parents look at me, with frustration

I spend many hours in video stores

Yes they are fun, but they drive me crazy

They can also make me slow and lazy




My family


I have a mischievous little sister

Who points a finger at me all the time

Blames me whenever she gets a blister

She nicks cash out of me, to my last dime


My mom says she's fat, in fact she's just right

She needs no reason to hug us and kiss

She tries her best and she is very bright

She is a great cook and is full of bliss


And I have a nice helpful and cool dad

Who is the biggest chocolate eater

He makes me feel happy when I am sad

He eats ice cream sundaes by the liter

There's my family, not including me

It's a fun family and let it be.



2009-05-13

Зээрийн сүрэг (250 000 орчим)

Сүрэг сүрэгдээ урьд өмнө дэлхийд тэмдэглэгдэж байгаагаагүй их сүрэг Монголын минь талд бэлчиж явааг эндээс харна уу? 2007 он их гантай жил байсан юм уу даа. 

Далимд нь хэлэхэд Монгол зээрийн талаар Википедиад мэдээлэл байдаггүй юм байна. 

Зээрийн мах их зөөлөн, элдэв амтгүй байсан санагдана.