2010-08-12

Mахчин цөгөрцөг

Pray mantis - гэж англиар нэрлэгдэх энэ амьтны талаар өчигдөр орой эндхийн нэгэн сувгаар хараад шигших, зэвүүцэх, айх, гайхах зэрэгцэв. Харь гаригийн биет шиг дүр төрхтэй энэ амьтны толгой бараг 300 хэм эргэлдэх чадвартай бөгөөд дуран шиг аугаа том нүднийхээ тусламжаар биеэ огт хөдлөхгүйгээр өгөөш амьтдыг дагуулан ажиглана. Маш хурдан хөдөлгөөнтэй ялаанаас өгсүүлэн, эрвээхэй, загас, шувуу (эрээн далт бяцхан шувуу), 20 см урт могой, хулгана, ер нь тааралдсан бүхнээ иднэ. Арай ядан амьтны зэрэгт хүрэх гэж яваа үр төлөө ч идэж мэднэ. Цөгөрцөгний урьд хоёр хөл бол нарийн бэлдсэн зэвсэг мэт.
Бас нэг гайхалтай зүйл бол эм нь эрээ бариад идчих юм. Бэлгийн ажил дуусангуут заримдаа бүр дуусаагүй байхад эм нь эр лүүгээ дайрч толгойг нь аваад идчихнэ. Эр цөгөнцөр толгойгүй хирнээ эмээсээ амар салахгүй юм. Тэгээд толгойгүй эр цөгөнцөр хэд хоног амьдардаг гэнэ.
Голдуу халуун дулаан газар амьдрах энэ амьтны зарим төрөл, орчны дагуу өнгөө гайхалтай өөрчилж чадна. Зарим нь хатсан навч мэт борлож, мэр сэр толбо бие дээрээ бий болгоно. Зарим зүйлийн цөгөрцөгүүд цэцэгний өнгийг хуулан "дуурайж", тэр битгий хэл цэцэгний хэлбэрийн дагуу биеэ нугалан хэвтэх тул аль нь цөгөрцөг, аль нь цэцэг гэдгийг ялгахад маш түвэгтэй гэж байгаа.

Энэ этгээд амьтны ашигтай тал гэвэл тариан талбай, цэцэрлэгийн элдэв хортон шавьжийг хянахад хэрэглэдэг тул химийн бодист дургүй цэцэрлэгч нар цэцэрлэгтээ зориуд олж тавьдаг гэнэ.