2008-12-29

Шинэ жилийн мэнд хүргэе!

Элдэв хөөрхөн бичлэгээрээ хань болж байдаг Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе!

Энд ирснээс хойш бид давирхай, чийг үнэртсэн таримал мод засах дуртай болсон юм.


Энэ музей биш, үзвэрийн газар биш зүгээр л айлын гэр гэнэ ээ. Хайран эрчим хүч, хүлэмжийн хий гэсэн...


Энэ жил Канадын баруунаас зүүн эрэг хүртэл их цастай баяр боллоо.


Усыг нь уувал ёсыг нь дага гэж. Эндхийнхэн Талархалын болон Зул сарын баяраар шарсан цацагт хяруул иднэ. Манай хүү гурав дахьсан гэж байгаа. Цаг цагт нэг цадна, цацагт хяруул идэж нэг цадна гэх болов.

2008-11-15

Олигтойхон үнсмээр байна

Үнэрлэх бол үнсэхийн салшгүй хэсэг
Үндэсний маань монгол үнсэлтэнд
Үүнийг би охиндоо
Учирлан байнга хэлдэг болов
Үнссэнгүй, үнэрлэллээ гэж
Урдаас бас гомдол мэдүүлнэ.

Удалгүй охин минь арга олжээ
Улаан уруулаа цомбойлгох болжээ
Уруул дээр бол шомбойтол үнсэхээс
Үнэрлэх боломж үгүй гэж
Мэргэн арга олсон мэт
Мишээгээд алга болдог болов.

Энэ охиноо гэж.
Өөрөө би үнэрлүүлэн үнсэж өссөн, өөрөөр бол хүнийг үнсэж мэдэхгүй юм байна.

Үнэрлэн үнсэх эсвэл үнсэхдээ үнэрлэх бол зөвхөн манайханд байдаг зүйл үү гэтэл бас үгүй бололтой. Тэр нэгэн жил Дани улсад судалгааны ажлаар очихдоо тэндхийн нэг айлд хэдэн сар амьдарч жинхэнэ баруун маягийн амьдралын ахуйтай анх танилцаж байсансан. Миний очсон айлын эзэгтэй, 20 шахаж буй нэгэн хүүтэй байв. Хүү тусдаа гарсан боловч ойрхон амьдрах тул өглөөн цай, оройн хоолонд голдуу ороод ирэх. Хүү бол европ биетэй, өвөрмөц ази царайтай нэгэн.

Орой үдэш хоолны дараа вино шимэн, хорвоогийн элдэв сонин, эрээн мярааныг ярин сууж байх зуур нэгэн удаа хүүгийн аавын талаар ярьж байна. Эзэгтэй (Кристиана) маань залуухан байхдаа Гринландад аялалаар очжээ. Тэндхийн онгон байгальд сэтгэл алдарсан тэрээр Гринланд, Дани хоёрын хооронд байнга ирж очиж байх бололцоотай ажил олж хийхээр шийдэж, ажлаа ч олон хэдэн жил тэнд суурьших зуур нутгийн нэгэн хархүүтэй амьдралаа холбосон нь хүүгийн эцэг байжээ. Кристианаг Гринландад амаржсаны дараа нутгийн хөгшчүүл тэднийхээр айлчлан голдуу байгалийн материалаар хийсэн жижиг бэлэг сэлт авчирна, зарим нь хүүг үнсэхдээ, "үнсэх ч гэждээ уруулаа цомбойлгон хамартайгаа нийлүүлэн, үнэрлэж" орхих юм гэнэ. Энхрийхэн бяцхан жаалыг нь уугуул нутгийн хүмүүс үнэрлэж шиншлээд байсанд Кристиана гайхахаар барахгүй дургүй нь хүрч байсан гэдэг. Тэгснээ "одоо бол үнэрлэж, үнсэх аймаар дуртай" гэв.

- Би ч гэсэн
- Юу?? Та нар бас тэгдэг юмуу?

Бид хоёр нэг их нарийн нандин зүйлээр холбогдсон хүмүүс шиг ихэд баярлалдан хөгсөж билээ.

2008-11-09

Юмс өөрчлөгдөнө.

Барак Обама. Энэ хүнийг шинэхэн сонгогдох АНУ-ын Ерөнхийлэгч гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Миний хувьд бол Обама гайхамшигт илтгэгч, удирдагч болохоо сонгуулийн компанит ажлын үеэр нэгэнт сайн харуулсан гэж боддог юм. Сонгуулийн сурталчилгаандаа зөв хүмүүсийг тохирсон ажилд нь мэдрэмжтэйгээр томилж чадсан нь түүний амжилтын гол нууц болов уу? 

Түүний илтгэл, хэлэх үгийг нь сонгуулийн үед Жон Фаврио (Jon Favreau) бэлдэж, Обаматай хамт засан хянаж байсан. Хичнээн сайхан уярам үг, хөдөлшгүй баримт бүхий илтгэлтэй байгаад ч түүнийгээ бусдад дамжуулж, түгээн хүргэж чадах авьяас, чадвар хангалтгүй бол бусдын өгөөш ч болж мэднэ. Сонгуулийн сурталчилгааны үед тавьсан Обамагийн хамгийн алдарт илтгэл бол "Улам төгс нэгдэл" (гэж орчуулах болов уу, "A more Perfect Union") юм. Энэ илтгэлээ Обама өөрөө дуудан бичүүлж, Жон засан тохиолдуулсан гэдэг. Илтгэлийг санваартан Жэрэмя Уврайтын (Jeremiah Wright) хийсэн болчимгүй мэдэгдлүүдэд хариу, тайлбар болгон тавьсан (1). 

Хүний амьдрал гэж сонин байх юм. Санваартан Жэрэмя бол Обамагийн амьдралд яах аргагүй чухал байр суурь эзэлдэг хүн байсан. Обамад Христосын үзэл бодлыг тайлбарлан ухуулж, сүмд элсүүлэн, ивээлдээ авсан, түүний хурим, тэр битгий хэл хүүхдүүдийг адисласан хүн болно. Хожим санваартан тэтгэвэрт гарснаас хойш хар цагаан арьстны ялгааг дэвэргэсэн, АНУ-ын төрийн бодлогыг гуйвуулсан, таран бутаргах чиглэл бүхий болчимгүй мэдэгдлүүд удаа дараа хийх болсон тул Обама түүнээс зайгаа барин, улмаар харьяалагддаг байсан сүмээсээ албан ёсоор гарсан болно. Яг энэ үеэр Обама, Хиллари 2 ардчилсан намаас нэр дэвшигчийн төлөө өрсөлдөж байсан үе. Хиллари ч "Бид эцэг эх, үр хүүхдээ сонгодоггүй, харин ямар сүм, багшаа сонгох боломжтой" хэмээн Обамаг доош хийж амжив. Ер нь ард олны дунд Обамагийн сүмийн багшаас үүдэлтэй нилээд эргэлзээ бий болсон тул түүний нэр хүнд суларч эхлэв. Тэгтэл чухам энэ үед Обама сүүлийн хэдэн жилд сонсогдоогүй өнөөх алдарт илтгэлээ тавив. Илтгэлийн гол агуулга бол бид өөрсдийнхээ хар цагааныг гайхан суухын оронд "нэгдэн нийлж, бидний өмнө тулгараад байгаа эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны бохирдол зэрэг нийтлэг олон асуудлыг шийдэн улам нэгдмэл нэгдсэн улс бий болгох"-ын төлөө уриалан дуудсан явдал байв. 

АНУ-ын түүхэнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хар арьстнуудыг дорд үзэх явдал байсан уу гэвэл байсан. Цаг хугацааны эрхэнд, удаа дараагийн тэмцлийн үр дүнд, олон зүйлс нээлттэй болж, бид "өсөн дээшилж, хөгжин дэвшиж ирсэн түүх"-тэй учраас "би ерөнхийлэгчийн сунгаанд оролцох болсон" (2). Юм өөрчлөгддөг байхгүй юу хэмээн олон нийтэд сануулахын зэрэгцээ өөрийн хуучин багш, санваартан Жэрэмяг сургаад өгсөн. 

Муугаас эхтэй сайн гэж байх юм. Хэрэв санваартан Жэрэмя хүмүүсийг төөрөлдүүлсэн дэмий олон мэдэгдэл хийгээгүй байсан бол Обама тайлбарлан болгон, түүнд асар их нэр хүнд авчирсан түүхэн илтгэлээ тавих өөр орчин, нөхцөл бүрдэх байсан болов уу? 

Харин түүний Ерөнхийлэгчээр сонгогдохоо мэдсэний дараа Чикагод хэлсэн үг тийм ч хүчтэй, сонсголонтой байж чадаагүй. Мэргэжилтнүүд ч "энэ бол Обамагийн тавьдаг түвшний илтгэл биш" гэж дүгнэв. Бараг хоёр жил Ерөнхийлэгчийн сунгаа, сонгууль гэж явсан болохоор сонгуулийн эерэг үр дүн түүнд асар их тайвшрал авчирсан нь ойлгомжтой. Эсрэгээр Маккейны сонгуулийн дараа хэлсэн үг бол асар ухаалаг, АНУ-ын төлөө бүх зүйлээ дайчлахад хэзээд бэлэн байдаг дайчин, эх оронч хүний үг байлаа. Обамаг ерөнхийлэгчээр сонгогдон баяр хүргэхэд Маккейныг дэмжигчид шуугилдан, исгэрэхийг завдав. Маккейн тэднийг дор нь болиулж Обама бол миний ерөнхийлэгч, бидний ерөнхийлэгч, бид тэр хүний ялалтыг хүндэтгэх хэрэгтэй хэмээн хэдхэн секундэд ойлгуулж амжсан. Урьд нь сонгуулийн сурталчилгааны үеэр бол Обамаг элдэв үгээр дайран довтолж, заримдаа ийм настай хүнээс яаж ийм үг гарч чадаж байна аа гэж бодогдохоор үе зөндөө байлаа. Юм гэдэг дорхноо өөрчлөгдөх юм. 

Сонгуулийн сурталчилгааны үед Маккейны нэр хүнд доошлоход нөлөөлсөн хүн бол Сара Пейлин гэж яах аргагүй бодогдоно. Өөрийн гэсэн бодолгүй мэт намын бодлогыг тусгасан хэдэн үгийг тоть мэт давтана. Дээрээс нь нэгэн оюутан түүний имейлийн нууц үгийг илрүүлэн онгойлгосон явдал, мөн Канадын хоёр алиалагч Францын ерөнхийлэгч Саркозийн дууны өнгийг дууриалган Пейлинтэй бүхэл бүтэн таван минут ярьсны дараа өөрсдийгөө илчилсэн нь Пейлинийг улс төрчийн хувьд биш юмаа гэхэд хувь хүний хувьд жаахан мангардуу болохыг харуулаад өгсөн (Эрхэмсэг, дэгжин Саркози бол "би Пейлинтэй юугаа ярих билээ" хэмээн бодсон биз).

За, юм өөрчлөгддөг юм байна. Монголоос гаралтай нэгэн АНУ-ын дээд албанд зүтгэхийг харах юмсан. 

Ашигласан материал
1. http://en.wikipedia.org/wiki/A_More_Perfect_Union_(speech)
2.http://en.wikisource.org/wiki/A_More_Perfect_Union
3. Сонгуулийн үеийн ТВ мэдээнүүд 

2008-10-07

Инээдтэй баримтууд

Жинхэнэ Ноблийн шагналын элэглэсэн хэлбэр болох Ig Noble Prize* (мөнгөн шагнал үгүй, ёслолын үйл ажиллагаанд оролцох замын зардлаа өөрөө төлөх) шагнал бий болоод бараг хориод жил бий болжээ. Энэ арга хэмжээний гол агуулга бол хүмүүсийг шинжлэх ухаан, эрүүл мэнд, техник технологид анхаарлыг татаж дур сонирхолтой болгох, ер бусын сонин явдыг онцлон тэмдэглэх, сэтгэх, дүрслэн бодох ур чадварыг хүндэтгэх зорилготой билээ.

Энэ жилийн шагнал авсан бүтээлүүдийг сонирхон заримаас нь дурдвал биологийн салбарт “нохойн бөөс муурныхаас өндөрт үсэрдэг”, химийн салбарт “Кока-кола эр бэлгийн эсийг үхүүлэх чадвартай” гэж баталсан эрдэмтэд үүний эсрэг баталгаа хийсэн эрдэмтдийн хамт авав (хи хи хи). Шагнал авагсад дараа нь нэг минут орчим тэдний бүтээлийн нийтлэг ач холбогдолын талаар ярьдаг, хэрвээ нэг минутаас хэтэрч сунжирч эхлэх юм бол найм настай охин өндөр, нарийн дуугаар “Уйтгартай байна, уйтгартай байна” гэж орилон уйлж яриаг тасалдуулна.

Шагнал авагсдын бүтээлийг хараад байвал дандаа утгагүй, цаг барсан, балай гэмээр бүтээлүүд биш байх юм. Жишээ нь, өндөр давтамжтай, нарийн дуу авиаг бүх хүн сонсдоггүй (насанд хүрэгчид сонсохгүй), энэ авиа шилжилтийн насныханд илүү сонсогддог тул энэ чанарт тулгуурлан зөвхөн тухайн бүлгийнхэнд зориулан бүтээсэн бүтээгдэхүүн 2006 оны энх тайвны шагнал авчээ. 13-25 насныханд энэ нээлт хоёр талаар үйлчилнэ.

Нэгд, зарим сургуулиуд энэ төхөөрөмжийг худалдан авч, сургуулийн хаалга, хүүхдүүд их цуглардаг газар байрлуулж, эд ахуйгаа хамгаалах болжээ. Зарим сурагчид гэртээ цагтаа харихын оронд сургуулийн гадна үлдэн тамхи татах, орчин бохирлох, цонх хагалах зэрэг сөрөг үйл ажиллагаа явуулдаг яг тэр цэгүүдэд уг төхөөрөмжийг байрлуулахад хэсэг хугацааны дараа тэд тухайн газраас дайжиж байгаа нь ажиглагдсан байна.

Хоёрд, энэ дуу авиаг ашиглан гар утасны тусгай дуу бий болжээ. Эдгээрийг сургуулийн насныхан утсандаа буулгаж аваад хичээл дээр багшаасаа, гэр орондоо эцэг эхээс далдуур утсаа ашиглаж болох нь ээ.

Ig Noble шагналыг хувь хүнээс гадна улс, байгууллага мөн хүртдэг юм байна. Тэр битгий хэл сайн нэртэй сургуулийн эрдэмтэд (Харвард) хүртэл хүртсэн байх тохиолдол гарчээ. 1981 онд (даанч тэр үед энэ шагнал бий болоогүй байсан) АНУ-ын ХАА-н танхим (USDA) энэ шагналыг авах байсан болов уу гэж боддог юм. Тэд тэр үед кетчуп бол улаан лооль юм гэж баталж орхитол бөөн хэл ам дэгдэж орхисон тул сарын дараа кетчуп бол кетчуп, улаан лооль биш гэж дахин зарласан гэдэг.
* - Ignoble гэсэн үгээс дамжуулсан утгаар хэрэглэдэг мөн Швэдэд Ig бол муу дүн (F) гэсэн утгатай ажээ.

Ашигласан материал
http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/5411816.stm http://en.wikipedia.org/wiki/Ig_Nobel_Prize
Radio news

2008-09-30

Хэрэгт дурласан минь

АНУ-д өрнөж буй санхүүгийн хямралыг улам хурцдахаас өмнө ямар нэгэн арга хэмжээ яаралтай авах шаардлагатай байна хэмээн АНУ-ын ерөнхийлэгч мэдэгдэж байхыг бодоход асуудал нилээд эвгүйдсэн бололтой юм. Зах зээлээ сэргээхэд 700 тэрбум долларын тусламжийн төсөл хэрэгжүүлэхийг Конгрессоор батлуулахын тулд Буш учирлан ярьж буй нь бараг гуйж байгаатай адил сонсогдов (өчигдөр тэр төсөл нь Конгресоор ороод уначихсан).

Тэгтэл Канадчууд ер тоодоггүй, бид банкны өөр орчинтой тул тийм ч амар салхинд хийсэхгүй гэж эндхийн том албаны хүмүүс мэдэгдэл хийв. Англи, Японгүй сандраад байхад Канадчуудын ийм тайван байгаа байдал их сонин санагдсан тул Канад, АНУ-ын банкны системийн ялгааг олж мэдэхийг хичээснээ дор сийрүүлэв.

АНУ-д:
1. Тоо томшгүй олон тооны хадгаламжийн институт бий ((худалдааны банк, хадгаламж зээлийн хоршоо (хуучнаар), кредит банк зэрэг)). Олон банктай байх нь өрсөлдөөн ихтэй, тогтвортой бус байдаг байна. Зөвхөн он гарсаар тэнд арав гаруй банк дампуурав.

2. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, 50 муж тус бүрд салбараа нээсэн банк байдаггүй (энэ нь том жижиг аливаа компаний үйл ажиллагаанд хүндрэлтэй байдаг. Тэд үйлдвэрлэл, худалдаагаа явуулахын тулд маш олон тооны, зарим нь бүр 100 гаруй банктай харилцаа тогтоох хэрэгтэй болдог байна. Хичнээн олон банк ганхана, тэр хэмжээгээр харилцагч компаниудын үйл ажиллагаанд нөлөөлдөг)

3. Чек ба шуудангаар харьцангүй их төлбөр хийгдэнэ ((цахим төлбөр (хийгдэж байгаа боловч) жинхэнэ бизнесийн хүрээнд тийм амар нэвтэрч амжихгүй байна))

4. Доллараас өөр гадаад мөнгөн тэмдэгтийн данс эзэмших хориотой

5. Банкуудын төлбөр тооцооны асуудлын менежментийг зохицуулагч нь Холбооны Фонд (? Federal Reserve) болно. Ихэнх чек, мөнгөн гуйвуулга үүгээр дамжиж, чөлөөлөгддөг аж. Чекийг нааш цааш нь илгээж баталгажуулж, гүйлгээнд оруулах тул 1-3 өдөр шаардлагатай болно.

Канадад:
1. Канадын банкны тогтолцоо энгийн, ойлгоход хялбар байдаг. Зөвхөн цөөн тооны хэдэн том банктай, тэдгээр улс орон даяар салбаруудаа нээсэн. Энэ улсын банкны түүхэнд зөвхөн нэг банк дампуурчээ. Компаниуд голдуу харилцааны нэг үндсэн банктай байдаг.

2. Канад улсын зах зээл АНУ-ын зах зээлийн арван 10 %-тай тэнцэх боловч банкны нийт каритал хөрөнгийн 90%-ийг Канадын хамгийн том 6 банк эзэмшдэг, харин АНУ-ын том 6 банк ердөө 50.8%-г барьдаг байна (гэхдээ энэ баримт бол АНУ-д олон банк дампуурахаас өмнөх үеийн баримт болно).

3. Банкны цар хүрээг тухайн улсын ДНБ-тэй харьцуулан илэрхийлбэл Канадын улсын банк АНУ-ынхаас даруй гурав дахин том гэнэ (банкны мэдэл дэх үл хөдлөх хөрөнгийн хэмжээг ДНБ-д жишсэн үзүүлэлт).

4. Канадын Төв Банк, АНУ-ын Холбооны Фонд шиг өдөр тутмын төлбөр тооцооны асуудалд оролцдоггүй.

Дүгнэвэл, Канад улс АНУ-тай нилээд адил мэт боловч банкны тогтолцооны хувьд асар өөр аж.

Ашигласан материал
http://gbr.pepperdine.edu/074/bank.html
www.wikipedia.com
TV news

2008-09-19

Амжилтанд хүрэхийн үндэс юу вэ?

Энэ бичлэгийн утга бол хэн нэгнийг шүүмжлэх, хэн нэгэнд сургах заах гэсэн зорилго агуулаагүй болно. Энэ талаар өчнөөн ном, сонин гарын авлага байдаг нь тодорхой. Бидний хэдэн нөхөд саяхан энэ талаар ярилцан, зорьсондоо хүрч, амжилттай сайхан амьдрахын тулд мөрдөх хоёр жор байдаг гэж үзвэл Та юу гэж хэлэх вэ гэсэн асуултанд хариулах болов. Манайхан эхнээсээ хэлж байна:

- Хөдөлмөрч байх, бас өөрийнхөөрөө байх

- Хөдөлмөрч байх, гэхдээ бас ухаан зарж ажиллах, ажиллаад л байдаг, үр дүн нь явцгүй бол дэмий

- Хүсэж байгаа ажлаа хий, хийж буй ажилдаа дурла

- Хүн юу гэх нь хамаагүй, өөрөө зөв гэж үзсэнийгээ хийх, хүний бодлоор амьдрахгүй байх

- Эхлээд өөрөө өөртөө үнэнч байх, дараа нь бусдад чин сэтгэлээсээ ханддаг байх, чөлөөт сэтгэлгээтэй байх

- Шаргуу зан, хөдөлмөрч байх

- Шийдэмгий зоригтой байх, дасан зохицох чадвар сайтай байх

- Аливаа зүйлд өөдрөгөөр хандах, байнга урагшаа тэмүүлж байх

Тэгтэл яриаг эхэлсэн ахимаг насны хүн ингэж хэлэв. Түүнийхээр бол байнга суралцах, сурах үйл явцыг ер зогсоохгүй байх, бас шинэ зүйл үзээд алдахаас айхгүй байх, эдгээрийг мөрдлөгө болгон зөвөөр тунгаан амжилтанд хүрэх өөрийн гэсэн жор боловсруулах нь зүйтэй гэв.

Тэгтэл өнөөдөр үдийн цайгаар гадуур алхан нэгэн жижиг худалдааны төвд орвол “Success is not the key to happiness. Happiness is the key to success. If you love what you are doing, you will be successful.” гэж даавуун дээр англи төвдөөр бичсэн хананд өлгөх зориулттай зүйл зарж байна. Номын санд орвол тухайн үедээ их амжилт олж байсан гэх Jack Canfield –н The Success Principles ном хямдарсан байх юм.

Юу болоод л SUCCESS гэдэг үг миний хажуугаар эргэлдээд байгаа юм бол доо?

Блог андууд маань энэ талаар хэрхэн бодож явдагаа бичнэ байх гэж найднам.

2008-09-01

Өглөө эрт сэрээхээ мартав аа, ээж ээ!

Хичээлийн шинэ жил эхлэх гээд хүүхдүүд маань бөөн баяр. Ялангуяа 10 настай бяцхан охин минь нилээд сүйд болж байгаа нь үнэхээр эгдүүтэй.

Гурван долоо хоногийн өмнө 2 хүүхдээ дагуулан нэгэн худалдааны төв орлоо. Энэ үед бид уг нь өөр зүйл худалдан авах төлөвлөгөөтэй явсан тул тэдний хичээлийн хэрэглэлээ авья гэсэн санааг би нэг их ойшоон дэмжсэнгүй, гэхдээ жагсаалтаа аваад гараад ирсэн урмыг нь бодож "За та нар өөрсдөө сонгон аваарай, их үнэтэйг нь битгий ав, үнэтэй бүхэн чанартай байх албагүй, хэтэрхий хямд байвал бас битгий ав, удахгүй хаях хэрэг гарч мэднэ, тэгэхлээр хогонд мөнгө төлөөд хэрэггүй" гэж захиад өөрөө өөр тасагт худалдаа хийн, үе үе ирж шалгаж байхаар тохиролцон саллаа. Хоёр хүүхэд маань ч дээр дээр үсрэн үлдэв.

Хэд хэдэн удаа эргэж тойрон тэдний худалдааны явцыг асуув. Тэд жигтэйхэн ажил хэрэгч харагдана. Хоёр давхар түрэх тэргийн доор нь Ах, дээр нь Дүү авсан зүйлсээ өрсөн харагдана. Жижиг баллуураас эхлэн франц хэлний толь бичиг хүртэл авсан охин маань "Надад том толины хэрэггүй, би дөнгөж хэл үзэж эхэлж байна. Тэгээд ч энэ ердөө 2 доллар" гэж хямд үнэд баярлан өгүүлнэ. Ид өсөлтийн насны хүү маань "Би ч бараг болж байх шиг байна. Харин үдийн хоолны сав шинээр авна" гэнэ. Хоолоо бэлдэхээр саваа бэлд гэдэг үг санаанд орж хүүгээ урамшуулан зогсож байтал Дүү нь өглөө, өдөр, оройн 3 хоол орчихмоор том сав авчирч бөөн инээдэм болов. Их иддэг Агаагаа цаашлуулж байгаа хэрэг.

Үдийн хоол гэснээс эндхийн сургуулийн хүүхдүүд үдийн хоолонд идэх сэндвич, зууш, тараг, алим, самар энэ тэрхэн сургуульдаа авч явдаг юм. Эндхийн зарим сургуулиудад хөнгөн төрлийн зууш, хоол зарах боловч хийжүүлсэн ундаа, давсалсан шарсан төмс, шоколад, чихэр зэрэг таргалуулах чанарын бүтээгдэхүүнийг зарахыг хориглосон нь сайшаалтай хэрэг. Ах сургуульдаа авч явсан хоолоо дуусгаад ирнэ, Дүүгийн хоол заримдаа тэр чигтээ буцаж ирнэ. Яагаад идээгүй вэ гэвэл заримдаа зав гараагүй гэдэг байлаа.
- Яагаад?
- Оочирлоод...
- Юун оочир?
- Хоолны дараа гарч тоглодог ш дээ. Тэгээд дуртай тоглоомон дээрээ тоглохын тулд оочирлодог байхгүй юу.

Миний охины хувьд сургууль бол тоглоомын газар шиг гэж хэлэхэд бараг буруудахгүй болов уу?

Хичээлийн хэрэглэлээ өөрсдөө худалдан авсан хүүхдүүд орой гэртээ ирэн ер бусын баяртай байлаа. Хавар авсан шинэ шахуу цүнхэндээ Ах ойр зуурын зүйлсээ хийгээд тавив. Дүү хуучин үүргэвчээ угаагаад тавьсан харагдана. Хичээлийн хэрэгслээ харахад найзууд маань нүдэнд харагдах юм гэж баясан өгүүлнэ. Маргааш нь охин минь хатсан цүнхэндээ хичээлийн хэрэгслээ хийн, цүнхээ үүрэн толины өмнө догдлонхон зогсож байсансан. Сургууль бол сурган хүмүүжүүлэхээс гадна ангийн анд найз нартайгаа уулзах, цагаа хамт өнгөрөөх, тоглох нөхцөлийг бүрдүүлдэг үндсэн орчин тул хүүхдүүд маань сургуульдаа яарахаас ч яах вэ дээ.

Маргааш тэдний маань хүсэн хүлээсэн сургууль эхэлнэ. Хүүхдүүд хирэндээ их эрт 9.30д орондоо орлоо. Ах удаан ном уншихгүй унтана гэж амлав, Дүү маргаашийн цаг агаар шалган ямар хувцас өмсөхөө дахин дахин бэлдэсээр хэвтлээ. Тэгснээ өглөө эрт сэрээгээрэй хэмээн захив. Хичээлдээ анхааралтай сууж, даалгавраа чанартай хийн бас тоглоомоо зохицуулан хангалттай сайн тоглож аваарай, миний хоёр үр минь.

Сонирхуулахад, эндхийн хичээлийн шинэ жил 9 сарын эхний 2 дахь өдөр эхэлдэг. Хичээл өглөө 9 цагт эхэлж, өдөр бараг нэг цаг завсарлана. Үдийн завсарлагаагаар 15 мин хоолоо идээд дараа нь 35 мин тоглоно. Хичээл 1 цагт дахин эхэлж дундаа нэг завсарлан 3 цагт тарна. Бидний амьдарч байгаа мужийн боловсролын дүрэм ёсоор бага, дунд насны ангийнханд өдөрт нэг цагийн биеийн тамирын хичээл орох ёстой гэсэн заалттай тул өдөрт ерөнхийдээ 4 цагийн оюуны хичээл ордог бололтой юм. Бас эндхийн сургуульд, ялангуяа бага ангийнханд даалгавар бараг өгдөггүй. Сурагчид хэдэн цагийн даалгавартай байх ёстойг зарим мужид хуулиар зохицуулна. Жишээ нь, Онтарио муж гэхэд 6-аас доош ангийн хүүхдүүдэд даалгавар байхгүй (харин өдөр бүр ном унших), 7-8 ангийнхан өдрийн нэг цаг, түүнээс дээш ангийнхан 2 цагийн даалгавартай байхад хангалттай гэж үздэг. Даалгавар их байвал хүүхэд ядаргаа, хямралд өртөнө, тухайн хүүхдийн гэрийнхэнтэйгээ өнгөөрөөх цагаас хумсална бас түүгээр үл барам даалгавар бол гэр бүлийн хэрүүлийн үндэс болдог гэж үздэг оронд бид амьдарч байна. 

2008-08-24

Oлимпын тухайд

Энэ жилийн Олимп Монголчуудын хувьд маш сайхан наадам боллоо. Хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн манай баг Олимпид ердөө л 29 тамирчин явуулсан, долоон тамирчин тутмын нэг медаль авлаа гэсэн үг. Үүнийг жишээлбэл, 331 тамирчин илгээсэн Канадын багтай харьцуулбал тэд ердөө 18 медальтайгаар олимп дуусгав. Манай баг тамирчид медалийн тоогоор Бельги, Швед, Австри, Финланд, Грек зэрэг гайгүй хөгжилтэй орнуудын тамирчдыг ардаа орхисон байсан. Гайхалтайяа, гайхалтай.

Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд өргөн, гадаад дотоодод байгаа биднийхээ урам, сэтгэлийн тэнхээг дээшлүүлж, хийморийг сэргээж өгсөн тамирчдадаа их баярлалаа. Өчигдөр орой шөнө дөл болтол хүлээн сууж Сэрдамба, Бадар-Ууган хоёрынхоо тоглолтыг харав. Сэрдамба анхнаасаа баруун гараа огт өргөхгүй байгаад байсан нь гэмтэлтэй холбоотой юм санж. Бадар-Ууган бол дэндүү илэрхий давамгүй байсан. Олимпийн дэвжээнд өрсөлдөгчөө ийнхүү өчиггүй буулгаж авна гэдэг үнэхээр бахдамаар байна.

Монгол Улсад олимпын анхны алтан медаль авчирсан Түвшинбаярын амжилтанд бид бүгдээрээ уяран хайлан баясаж, зөрчилдөөнтэй төрийн удирдлагууд хүртэл эвлэрэн нэгдсэн мэт санагдаж байлаа. Энэ үзэгдэл Нелсон Мандела хэрхэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хар цагаан арьстны хоорондох зөрчлийг регби спортоор “дамжуулан” зөөлрүүлсэн талаарх номыг санагдуулж байв. Үнэндээ бол дуртай спорт, сайхан сайхан болон амжилтанд тэмүүлэх нийтийн хүсэл, түүнийг зангидаж чадсан ухаантай удирдагчаас манайханд сурах зүйл их байгаа байх.

Амжилт бүхний цаана нөр их хөдөлмөр байдаг. Миний хувьд хамгийн их тэвчээр хатуужилтай тамирчин гэвэл АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин, 41 настай Дара Торрес юм. Түүнд жинхэнэ тамирчин хүний эр зориг байна. Хамгийн их сэтгэл зүйн хямрал даван гарч ирсэн бөгөөд хамгийн настай тамирчин бол Канадын морин спортын тамирчин Иан Миллар (мөнгө медаль) байх гэж бодож байна. Дөнгөж 5 сарын өмнө хорт хавдараар эхнэрээ алдсан гунигт дурсамжтайгаар Бээжинд ирсэн тэрээр 2012 оны Лондонгийн Олимпод хүүхдүүдийнхээ хамт дахин гарах магадлалтай байгаа. Мартсанаас энэ бол түүний 9 дэх Олимп байв.

Хамгийн алдарт тамирчин гэвэл хүн бүхэн АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпсыг (8 алт) дурдах болов уу. Гэхдээ түүний амжилтанд түүний удамшлын өвчний давуу тал нөлөөлсөн гэх яриа бий (өөрөө ч энэ талаар номондоо дурджээ). Майклд 5000 хүн тутамд нэг тохиолдох Марфаны синдромын шинж тэмдэгүүд байдаг. Энэ өвчний хамгийн нийтлэг шинж бол хэтэрхий урт мөч, урт нарийн хуруунууд, үе мөчний хөдөлгөөн дэндүү уян байх явдал юм. Майклын хувьд гараа алдлан зогсоход биеийн өргөн, өндөрөөсөө урт байдаг. Майкл угаасаа аварга том хөлтэй дээрээсээ шагайн үеэр их уян тул сэлэхдээ загас шиг байхаас аргагүй. Гэхдээ биеийн энэ шинжээр нь түүнийг энэ өвчтэй гэж оношлоогүй, түүний зүрхний хэт хурдан цохилтонд санаа зовсон дасгалжуулагч анх шинжилгээнд хамрагдахыг зөвлөж, шинжилгээгээр ч түүний синдром оношлогдсон байна. Энэ синдромтой хүмүүс зүрх судасны өвчнөөр өөд болох нь бараг гарцаагүй тул хэт их ачаалалтай ажиллахыг зөвлөдөггүй аж. Дэлхийн шилдэг зүрхний эмч нарын хяналтанд байдаг Майклын хувьд дасгал сургуулилтаа зохицуулан хийж энэ өвчний муу талыг сэдрээхгүй байвал бүр их амжилт болох байх гэж бодож байна.

Олимпийн уур амьсгалаар хөглөсөн өдрүүдэд дууслаа. Дөнгөж саяхан нэг өдөр ажилдаа ирж, Олимпын нээлтийн төгсгөл хэсгийг үзэж байсансан. Бид цагийн зөрөөнөөс болж эхний хэсгийг үзэж чадаагүй, бодвол олон сайхан зүйл гараа биз дээ. Бамбар цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн тэр мөчөөс эхлэн нилээн сунжран байж эцэст нь олимпын бамбарыг хамгийн сүүлчийн тамирчин бариад агаарт хөөрч эхлэв. Бид ч одоо юу болох бол хэмээн сэтгэл догдлон хараад л байлаа. Гэтэл нөгөө тамирчин маань гүйж байгаа аятай агаарт яваад л байх юм. Манай ажлынхны заримынх нь тэвчээр алдагдаж "нөгөө уул хад даваад нисдэг хятад киноны баатар шиг" гэв. Нөгөө нь залгуулан авч "одоо бамбарыг дайсны тал аваад зугтана, эрэлхэг хятадууд аврах болно" гэж инээлдэж байсансан. Ямар ч байсан хятадуудад дургүй талууд ч гэсэн нэг их улс төржүүлж, хэл ам хийхгүйгээр намуун, тайван Олимп "явуулж" орхилоо.

2008-08-02

Чингис хааны 500 морьтон баатар цэргийн vзvvлбэр



Чингис хааны 500 морьтон баатар цэргийн vзvvлбэрийг Тєв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэрт зохион байгуулж эхлээд нэг хоёр жил өнгөрч байгаа юм. Энэ үзүүлбэрийг нагац ах маань урьж үзүүлсэн юм. Тоглолттой өдөр бүр Дуурийн театрын өмнөөс автобус хоёр талдаа үйлчилдэг нь их таатай санагдав. Тоглолт бэсрэг наадмаар эхлэх юм. Цөөн бөхтэй боловч зарим уран сайхан мэхийг ойрхоноос харах сайхан байв. Дараа нь нум сумын харваа болно. Монгол нум сум хэрхэн харвахыг зааж үзүүлнэ, харвана. Гадаадууд ихэд сонирхон, өөрсдөө ч мөн үзэн алдаж байсныг хэлэх хэрэгтэй байх.
Удалгүй Чингис хааны 500 морьтон баатар цэргийн vзvvлбэр эхлэв. Бүх тоглолт цагтаа эхэлдэг нь тэмдэглүүштэй сайхан. Түүхэн үйл явдлаас эхтэй, нэгэн тулалданы хэсгээс сэдэвлэн авсан тоглолт байв. Баатруудын хувцас, тоноглол их сүрхий, дээрээс нь тэд хөдөө байж, бэлтгэл нилээн хийсэн тул бүгд борлож улайсан жинхэнэ дайчны дүр төрхтэй харагдана.


Морьдоо тэд чамбай сайн бэлтгэжээ. Мэдээж тулалдаан болсон хойно нэг тал ялна (энэ удаад Тэмүүжингийн тал ялах нь бүр тодорхой), нөгөө тал дийлдэнэ, морь мал мэдээж сүйднэ. Морьд унаж үхсэн мэт хэвтээд өгөх юм. Хажууд нь дайчид сэмхэн шиг толгойг нь илж, бас үхсэн шархдсан мэт хэвтэнэ. (Үзүүлбэр дуусахад тэд аажуу босоод явж одно. Хөөрхөн байгаа биз дээ). Чингис хаан удалгүй ялалтаа тунхаглан, эрийн гурван наадам зохион байгуулна.

Нэг удаа үзчихэд гэмгүй үзүүлбэр юм билээ. Ялангуяа тэр олон морьдын дэл сүүлээ гайхуулан давхих нь сэтгэл хөдөлгөм. Тоглолт ардын урлагийн концертоор өндөрлөдөг.

2008-07-28

Гэртээ хариад.... гэртээ ирэв

Ингээд хоёр нутагтан болчих гэж.  

Гэртээ харих гэж яаран тэмцэн явах зуур ийм хол амьдардаг болсондоо бухимдасхийн ядаж Солонгос, Япон зэрэг ойрхон улс гүрэнд ажил эрдэг ч юм билүү гээд бодоод амжсан би (гэр бүл, хүүхдүүдийн хамт) сарын дараа Бээжин, Seattle дамжин, нислэгийг хүлээлгийн цагтай нь хамт тооцвол 26 цагийн дараа нөгөө гэртээ ирлээ.  

УБ-аас гарахдаа бороогоор үдүүлж, Эдмонтонд мөн бороогоор угтуулав. Энд жигтэйхэн сайхан ногоон, модны мөчир бараг цонхонд тулан ургаж, бас хэдэн мөөг уг модны ёрооолд хөвөөлөн ургасан нь хирхэндээ биднийг тосох гэж гангарсан мэт санагдав. Манай УБ-ын зуслан ч гэсэн дутахгүй ногоон, энэ жил бороо хур элбэг тул нутагт маань зуншлага хачин сайхан байлаа шүү. 

Монголд амьдрал жинхэнэ буцалж байгаа юм шиг санагдсан. Энд тэндгүй шинэ байшин сүндэрлэн босож, хүн бүр дор дороо шаргуу хөдөлмөрлөн ядаж нэг үл хөдлөх хөрөнгө эсвэл орлогын нэгэн эх үүсвэртэй болохын төлөө тэмцэж байна. Хаа хамаагүй шахцалдуулан барьсан жижиг зарим байшингууд эв хавгүй, уялдаа зохицолгүй харагдах нь олонтоо.
 
Хөдөө орон нутагт гэрийн гадна нэг биш 2, 3  машин харагдах нь элбэг, антеннаас гадна нарны эрчим хүчний эх үүсвэр байрлуулсан, хонио хариулангаа техт илгээн, утас цохиж хол ойрын сонин мэдээнээс дутна гэж үгүй. Харин зарим хөдөө сүлжээ унах магадлал их тул ойр буй дов толгодын оройд мотоцикл, мориороо очиж, эсвэл гэрийн тооноос уясан утас уруугаа сандал дээр зогсон орилон ярих хэрэг гардаг юм. Гэхдээ энэ нь мэдээж хэдэн жилийн өмнөх хэрэг гарвал мориор сумын төв орж хэл ам залгуулдаг байсан үетэй харьцуулбал хамаагүй дээр. Хот хөдөөгийн хооронд хувь хүмүүсийн тууврын мал маш элбэг тааралдана, бараг даахгүй болтол нь ачсан юмуу даа гэж бодогдмоор ноос ачсан машинууд хот уруу мөн цувна. 

Зам харилцаа маань даанч сул дорой хэвээр. Уг нь энд тэндгүй маш олон зам засахаар эхэлсэн боловч яагаад ч юм гацсан бололтой. Ядаж 100км зам засвар нэрээр хаасан боловч ажиллаж байгаа хүн хүч харагдсангүй. Харин хариуд нь өргөн уудам тал маань машины замд талхлагдсан санагдлаа. Хүүхэд байхдаа тэр олон салаа зам хараад түүгээр давхих жолооч нар ид шидтэй, гайхалтай санагддаг байсан бол энэ удаад тэгсэнгүй, тэр учир тоймгүй олон зам миний бие дээгүүр даваад гарсан мэт санагдаж байв. Зассан замын чанарыг шалган хүлээж авдаг ажлын хэсэг байдаг байлтай. Хурдны морьд үзэхээр Хүй долоо худаг уруу тавьсан замыг хүн бүхэн мэдэж буй, маш нимгэн хучаас хийсэн тул дуусаагүй байхад нүх гарч эхэлсэн байна. Зам засварын компаниуд мөнгөө сүрхий хэмнэдэг бололтой, элдэв анхааруулга замын дагуу тавихдаа муу, дээрээс нь ядаж ажилчдадаа зориулалтын хувцас өмсгөхгүй тул зам дээр унаа нь эвдэрсэн жолооч уу эсвэл ажил хийж байгаа хүн үү гэдгийг ялгахад түвэгтэй.  Хятад царайны хүмүүс голдуу ажиллаад байх шиг байсан. 

Элсэн тасархайн хавьд нэг жуулчны газар хоног төөрүүлэхээр буувал солонгос эзэнтэй баазад буусан байв. Гадны жуулчид мэр сэр харагдавч ажилчид нь зочдоосоо олон байв. Ер нь энэ зун жуулчин цөөн байгаа гэж сонстов. Учир нь Хятад ах Олимпийн аюулгүй байдал нэрээр маш олон жуулчдад Хятадын виз өгөхгүй байгаа сурагтай. Гаднаас Монголд очих зочид Хятадыг Монголтой хамт үзэхээр төлөвлөх нь олонтоо байдаг гэнэ, мэдээж шүү дээ, зардал мөнгөө бодсон ч. Хятадын виз гарахгүйн улмаас олон жуулчид Монголд хийх аялалаа ч мөн зогсооход хүрч байна гэж жуулчны байгууллагад ажиллах танил маань гомдоллоно.  

Хятад ах бол Олимптоо бэлдээд сүйд. Онгоцны буудал хотын хооронд зорчих хурдан галт тэрэг ашиглалтанд ороод удаагүй байна. Гял цал гэж жигтэйхэн, мөн агааржуулагчтай тул гадны бохир агаар үнэрлэхгүй, бас бие биенээсээ өрсөн замбараагүй дайрах машинуудыг харж цухалдахгүй таатай явах болжээ. Метронд харуул, шалгалт ч сүрхий чанга, бүх гар цүнхнээс дэлбэрэх бодисын дээж авч байна. Олимпийн эмблем бүхий цамц өмссөн залуучууд газар сайгүй зогсож, чадах чинээгээрээ англиар ярин туслахыг хичээнэ. Хятад орон үнэхээр их эрчтэй хөгжиж буй нь мэдэгдэнэ.  
 
Ингээд түр завсарлая даа. Эргээд бодоход нутагтаа хар хур гэж очоод сүр пар гээд гараад явсан санагдана. Олон сайхан зураг бий, ачаагаа ирэхээр тавимз. Америк ахын нутагт 2 хүрэхгүй цаг саатсан маань бидний зарим ачааг хонон өнжин шалгах шалтаг болсон гэнэ. Одоо бол гацаанд орсон Их хурал, үүнээс үүдэн гарах уршгийн талаар үймээн, шатсан байшинг хараад эмзэглэснээс илүү ихээр санаа зовон бодож сууна. Зарим хүмүүс бололцоо, чөлөөтэй болох тусам даврах бололтой. Энэ үг дээр дооргүй бүх хүмүүст хамаатай. 





2008-05-28

Та гэртээ хичнээнийг илгээдэг вэ?

Буурай бүү хэл бузар хөгжилтэй орнуудын иргэд ч гадаадад ажиллаж хөдөлмөрлөн ар гэрийнхээ санхүүд тус нэмэр үзүүлдэг.

Буурай орны иргэд эргээд нутагтаа хичнээн хэмжээний мөнгө илгээдэг болохыг Дэлхийн банкнаас барагцаалан гаргасан судалгааны тоймыг дурдъя. Энэ бол албан ёсоор банкаар гуйвуулж буй мэдээнд үндэслэсэн боловч барагцаалсан тоо, үүнээс далдуур үүнээс ч их мөнгө цувардаг байж мэднэ гэж мэдээнд дурджээ.

2007 онд дэлхий даяар нийтдээ 318 тэрбум ам. долларын шилжүүлэг ар гэртээ илгээдэг тооцоо гарсны 240 тэрбум нь буурай хөгжилтэй орнууд уруу чиглэгдэх байсан гэнэ. Энэ бол тухайн орнуудын гаднаас албан ёсоор авдаг тусламжаас дор хаяж хоёр дахин их бөгөөд гадны шууд хөрөнгө оруулалтын бараг гуравны хоёртой тэнцэх мөнгө гэсэн үг.

Энэ замаар гаднаас хамгийн их мөнгө хүртдэг топ 10 орнуудад Энэтхэг (27 тэрбум ам. доллар), Хятад (25.7), Мексик (25), Филиппин (17), Франц (12.5), Испани (8.9), Бельги, Герман, Англи, Румын (7.2-6.8 тэрбум ам. доллар) зэрэг улсууд орж байна. Өндөр орлоготойд тооцогдох Франц, Испани, Англи орны иргэдийн хувьд бол тэд Европын өөр өндөр цалинтай орнуудад ажилладаг бөгөөд тэдний нутагтаа гуйвуулсан мөнгө бол өөрийн унаган орны ДНБ-ийн 0.5%-ийг ч бүрдүүлэхгүй аж. Харин Таджикстан, Молдав, Тонга, Киргизстан, Гондурас орны хувьд илгээсэн мөнгөний хэмжээ тус дурдсан улсуудын ДНБ-ийн дөрөвний нэгээс илүүг бүрдүүлдэг байна гэж судалгаагаар гарчээ.

Монгол орны хувьд тодорхой мөнгөний хэмжээ олж харсангүй, харин та бидний илгээсэн мөнгө манай улсын ДНБ-ийн 6-10% болдог гэнэ.

Эх сурвалж
"Тайм" сэтгүүл, 2008 оны 5 сарын 19, хуудас 8-9
Дэлхийн банкны вэб хуудаснаас:
http://siteresources.worldbank.org/EXTDECPROSPECTS/Resources/476882-1157133580628/BriefingNote3.pdf

2008-05-21

90$ үнэтэй 0.1 секунд

Замын хөдөлгөөний дүрэм гайгүй сайн мөрддөг гэж өөрийгөө боддог байлаа. Тэгтэл улаан гэрлээр гарсан, 270$ төл эсвэл шүүхэд уулзъя гэсэн утгатай захиа замын хөдөлгөөн зохицуулагч газраас ирсэн байсанд үнэндээ гайхав. Гайхахаас ч яахав, цагдаа намайг зогсоосон тохиолдол одоохондоо гарсан биш.

Баримт болгон барьж явсан машины минь араас, дугаарыг нь татаж байгаад авсан хаашаа ч бултахын аргагүй 3 янзын зураг хавсаргасан байх юм. Хамгийн айхтар баримт бол хугацаа, улаан гэрэл идэвхижсэнээс хойш 0.3 секундын дараа уулзвар уруу нэвтэрчээ. Уг нь би шар гэрэл асаж байхад уулзварт орохыг хичээсэн бололтой. Ямар ч хатуу юм дээ, ядаж нэг секунд биш шүү дээ гэж хошуугаа унжуулан явтал дахин нэг торгуулийн хуудас ирэв. Бас л 0.3 секунд, бас л 270$, бас л нөгөө гурван зураг.

Гайхсан би ажлынхаа хүмүүсээс асуулаа. Хурд хэтрүүлснийх, уулвар дээр эгнээ сольсных гээд л 170$ дотор торгуулсан хүмүүс жагсаж байна. Харин улаан гэрлээр гарсан гэх хүн 1-2 байсан нь би сайн жолооч биш гэсэн утга илэрхийлээд байх шиг. Цагдаа зогсоогоогүй бол өөр хэрэг, шар гэрлээр орсон гээд шүүх дээр оч, ядаж торгуулийг чинь бууруулна гэсэн зөвлөгөө бас ирэв.

...Бодлоо, хэдэн төг хэмнэхээ мэдэхгүй, хэчнээн цагийн ажил барж шүүхээр явахаа мэдэхгүй тул дуугүй төлөөд өнгөрсөн нь дээр мэт. Ажиглавал дундаж цалинтай хүмүүсийн сарын цалингийн 10%-аар торгосон байх шиг. Маргааш нь ажилдаа ирэх зуураа замын дагуу хичнээн камер байрлуулсныг тоолов. Хурдны камер, улаан гэрлийн камер гэх зэргээр миний зорчих 20 км замд лав долоон камер "энд камер байгаа шүү" гэж хэлж зоочихоод намайг тандаад байсныг би дөнгөж жилийн дараа анзаарлаа.

Мөнгө хүчтэй юм аа, намайг хүмүүжүүлэх бололтой.

2008-05-16

Ботулины хорын эсрэг эм гарах уу?

Биологийн аюулт зэвсэг болгон ашиглаж болох ботулин хорны эсрэг эм гаргахад эрдэмтэд тун ойртсон байна. Энэ эм одоогоос 4-5 жилийн дотор зөвшөөрөгдөн үйлдвэрлэлд нэвтрэх болов уу гэж эрдэмтэн таамаглаж байгаагаа ч нуусангүй.

Ботулины зөвхөн 1г хор хэдэн зуун мянган хүнийг үхэлд хүргэх аюултай. Жил бүр ботулиноор бохирдсон хоолны хордлогоос болж өчнөөн хүн нас бардаг. Энэ хорт бичил биетний эсрэг вакцин байдаг боловч үүнийг зөвхөн урьдчилан сэргийлж хэрэглэнэ. Нэгэнт өвчин дэгдсэн тохиолдол энэ вакцин тус болдоггүй. Тэгвэл шинэ гарах энэ эмийг хор нэгэнт биед нэвтрэн орсон тохиолдолд хэрэглэж болох талаараа давуу аж. Сонирхолтой нь энэ хорыг үрчлээ багасгах гоо сайхны эмчилгээнд маш бага тунгаар хэрэглэдэг. 

Clostridium botulinum гэгч бичил биетэн нь долоон янзын мэдрэлийн хор ялгаруулах бөгөөд эдгээр нь хүний мэдрэлийн эсийн тодорхой уурагтай холбогдон улмаар эсүүдийн хоорондын болон булчингуудтай холбогдох харилцааг ноцтой тасалдуулдаг байна. Үүний үр дүнд өвчтөний амьсгалын булчин ажиллагаагүй болж, амьсгал боогдон бачуурч үхэлд хүргэдэг. Шинээр гарах гэж буй эм яаж үйлчилдэг вэ гэвэл, ботулины хорыг "хуурах" замаар түүний мэдрэлийн эстэй холбогдох нөхцөлийг саатуулдаг. Үүний үр дүнд мэдрэлийн эсийн зөв үйл ажиллагаа сааталд орохгүй, хэвийн хадгалагдаж чаддаг байна. 

АНУ-ын засгийн газар ботулин зэргийн биологийн зэвсэгээс хамгаалахад зориулсан судалгаанд есөн тэрбум доллар 2009 онд зарцуулахаар төлөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс даруй 5 хувиар их байна.

Ботулиныг биологийн зэвсэг болгон ашиглах оролдлого хэд хэд гарсан боловч амжилтанд хүрсэн удаагүй. 1991 оны дайны үед Ирак улс хэдэн мянган литр ботулин үйлдвэрлэсэн мэдээ байдаг. 

Clostridium botulinum -ий (botulus - хиам гэсэн латин үг. Анх хиамнаас энэ хор хүнд дамжиж байсан) тухайд товчхон: агааргүй орчинд амьдрах чадвартай хөрсний гаралтай бичил биетэн боловч бага зэргийн хүчилтөрөгчтэй орчинг мөн тэсвэрлэнэ. Спор үүсгэдэг (зарим бактери спор үүсгэдэг, спор нь тухайн бичил биетэнд гадны тааламжгүй нөхцөл үүссэн тохиолдол "амиа" хамгаалан, аварч үлдэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг тусгай "оромж" юм. Гадны таагүй нөхцөл гэвэл хэт хуурайшилт, хэт халуун, хүйтэн, өндөр даралт, эсвэл тэжээл муутай орчин гэх мэт ) тул устгахад амар биш. Буцлам халуун усанд тэсвэртэй учир элдэв консервлэсэн бүтээгдэхүүнийг хийхдээ даралттай халуун ус хэрэглэх эсвэл сахар ахиу хэмжээтэй хэрэглэвэл тус бактерийн ургалтаас сэргийлж чадна. Сонирхолтой нь энэ хор бактерийн ургалтын явцад ялгардаггүй, харин бактерийн задралын явцад гадагшилдаг. Энэ бактерийн хор нь нүүрний булчинг сулруулдаг тул анагаах ухаанд булчингийн хэтэрхий таталтай өвчний үед голдуу хэрэглэдэг байсан. Хожим эмч нар нүүрний үрчлээг мөн тэнийлгээд байгаад анзаарч үрчлээнд хэрэглэх боломжийг бүрдүүлсэн, гэхдээ энэ бол тууштай эмчилгээ биш, 5-6 жил болоод л дахин нэг Botox тариулах хэрэгтэй болдог гэнэ лээ.

Мэдээлллийн эх сурвалж 
http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/7395731.stm (2008/05/12)
http://en.wikipedia.org/wiki/Clostridium_botulinum (2008/05/18)

2008-05-11

Банфф - Дархан Цаазат Газар

Цаст өндөр уул нурууд, гол горхи, агуу хавцал, халуун рашаан гээд биеийн алжаал тайлах, тойрон аялал хийх үзэсгэлэнт сайхан байгаль бүхий газруудын нэг бол яах аргагүй Банфф юм. Канадын Үндэсний Паркуудын системийн суурийг тавьж, НҮБ-ийн Дэлхийн Өв газарт тэмдэглэгдсэн нутаг болох Банфф нь Жаспер уулыг үргэлжлүүлэн 6641км кв талбайд Бритиш Колумбиа ба Алберта мужуудыг зааглан оршино.

Энэ удаад Банффийн халуун хүхэрт рашаан, тэндхийн өвөрмөц бичил биетэн, бяцхан амьтны талаар дурдахыг хичээлээ. 

Сайн харвал рашаан газраас бургилан гарч буй нь харагдана.

Газар дороос бургилах халуун рашааны эхийг маш сайн хамгаалан өдийг хүртэл хадгалж чадсан нь үнэхээр гайхалтай. Хамгийн үзэсгэлэнтэй хэсэг бол уг рашааны агуй уруу орох хэсэг юм. Агуйн дээд хэсгээр рашаан орж ирэн, агуйд том биш цөөрөм үүсгэжээ. Харин агуйн ам хэсгийг дэлбэлэн өргөсгөж, жуулчид нэвтрэх нарийн тунел барьжээ. 

Агуу дахь цөөрөм

Хүхэрт рашаанд амьдрах амьд биет бол хүхрийн хүчлийн давс ангижруулагч бичил биетэд юм. Эдгээр бичил биетэний бодисын солилцооны үед бий болсон хүхэрт-устөрөгч нь ялзарсан өндөгний өмхий үнэртэй тул тэр хавь жаахан тааламжгүй үнэртэй. Гэхдээ задгай агаарт тул туйлын тэвчимгүй муухай ч бас санагдаагүй. Зарим бичил биетний биомассыг зураг дээрээс харж болно.

Энэ сагсайсан цагаан зүйлс бол бичил биетний биомасс болно.

Бичил биетнээс гадна дэлхийн хамгийн жижиг эмгэн хумс болох Physella johnsonii энэ рашаанд байх юм. Энэ эмгэн хумс бол апелсины үрнээс том биш, ердөө л 5мм гэсэн үг. 

Энэ жижиг бор зүйлс бол нөгөө эмгэн хумс болно.

P.S. Анх 1883 онд Банффийн халуун хүхэрт рашааныг тухайн газрын ойролцоо төмөр замын шугам тавьж байсан гурван ажилчид илрүүлэн хувьдаа авахаар нилээд хөөцөлдсөн нь бүтээгүй гэдэг. Төр төмөр нударгаа буулган, энэ рашаан бол Канадын бүх ард түмний хүртээл, мөн аялал жуулчлалын төв байвал зохистой газар хэмээн зарлигджээ.

2008-05-07

Ширээ сандал хоёр

Элий балай хирнээ эвлэгхэн, утга учиргүй мөртөө уран цэцэн, цөөн мөрт, шүлгүүдээрээ 19р зууны үед гайхагдаж явсан нэгэн бол яах аргагүй Эдвард Лийр (Edward Lear, 1812-1888 ) мөн. Тэрээр хошин шог зурагнуудаар дөрвөн мөртөө хүртэл чимэглэдэг алиа нэгэн байжээ. Түүний нэгэн бүтээлээс иш татвал,

Ширээ Сандал хоёр

"Чи бараг гадарлахгүй дээ,
Хөл минь хөрч дааран,
Халуу шатан хавдаж, хачин их зовж байгааг минь.
Хэрэв бид гадаа гарвал,
Хэдэн үг солилцож болох юм,
Агаарт гарахын төлөө аминчлан өөрсдөө залбирьяа" хэмээн
Ширээ Сандалд хэлэв.

Сандал Ширээнд хэлэв,
"Чи мэднэ шүү дээ
Бид тэгж чадахгүйг,
Явж чадахгүйг мэдсээр байж
Ямар өөдгүй зүйл ярина вэ!"

Ширээ санаа алдан,
"Чинийхтэй би яг адил тооны хөлтэй,
Яагаад бид хоёр хөл дээрээ
Явж чадахгүй гэж?
Үзээд алдахад үнэн буруудахгүй" хэмээв.

Үзээд алдтал үнэнгээсээ болж байх юм гэнэ. Хөөрч баярласан тэд гудамж уруудан сонин хачин дуу гарган явсаар нэг мэдэхэд төөрсөн байжээ. Төөрсөн тэдэнд нугас, хулгана бас цох туслан гэрт нь авчирч гэнэ ээ. Гэртээ ирэхээс өмнө толгойгоороо (ямар толгой байх билээ дээ) хөл хийн шавиа ханатал бүжиглэн наадаж гэнэ... Эхийг дор сийрүүлэв.

Said the Table to the Chair,
'You can hardly be aware,
'How I suffer from the heat,
'And from chilblains on my feet!
'If we took a little walk,
'We might have a little talk!
'Pray let us take the air!'
Said the Table to the Chair.

Said the Chair to the table,
'Now you know we are not able!
'How foolishly you talk,
'When you know we cannot walk!'
Said the Table with a sigh,
'It can do no harm to try,
'I've as many legs as you,
'Why can't we walk on two?'

So they both went slowly down,
And walked about the town
With a cheerful bumpy sound,
As they toddled round and round.
And everybody cried,
As they hastened to the side,
'See! the Table and the Chair
'Have come out to take the air!'

But in going down an alley,
To a castle in a valley,
They completely lost their way,
And wandered all the day,
Till, to see them safetly back,
They paid a Ducky-quack,
And a Beetle, and a Mouse,
Who took them to their house.

Then they whispered to each other,
'O delightful little brother!
'What a lovely walk we've taken!
'Let us dine on Beans and Bacon!'
So the Ducky and the leetle
Browny-Mousy and the Beetle
Dined and danced upon their heads
Till they toddled to their beds.

Lyrics and prose of Edward Lear "A book of bosh", chosen by Brian Alderson, 1975.

2008-04-25

Өнөөдөр ДНХ-ийн өдөр

Энэ бол ДНХ-ийн хос гинжин бүтцийг илрүүлсэн түүхт үйл явдал мөн хүний геномын төсөл амжилттай дууссантай (2003) уялдуулан ДНХ-ийн талаарх судалгааг үнэлж, олны хүртээл болгох, нийтэд хамарсан мэдлэг түгээх зорилгоор санаачилсан өдөр юм байна. 

Ерөнхийдээ хүн, ургамал, амьтан, бичил биетний ДНХ-ийн бүтэц зарчмын хувьд адил. ДНХ нь хэдэн мянган генээс тогтох бөгөөд тэдгээр генүүд нь өөр өөрийн гэсэн уургийг үйлдвэрлэх мэдээлэл агуулсан байдаг. Тэдгээр уургийг хэдийд үйлдвэрлэх мэдээлэл ч бас тэнд хадгалагдсан байдаг: өөрөөр хэлбэл гэрэл асааж унтраахтай адил (арай ч тийм хялбар биш л дээ) генийн нийлэгжилтийг зохицуулж болно. Эсэд бий болсон уургууд "хамтран ажиллаж", бие махбодийн энгийн бөгөөд нарийн үйл ажиллагааг зохицуулдаг. Уургууд нийлж, бидний хоол амаар ороход зажиллах булчингуудыг ажиллуулна, залгиулна, ходоодонд ялгарах ферментийг нийлэгжүүлнэ, ходоод, нарийн гэдэсний ханаар нэвчин цусанд орох амин дэм, ашигт бодисын шилжилтийг зохицуулна. Тэгэхлээр бид элдэв янзын уураг, түүнийг кодлох генгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх. Түүнчлэн элдэв өвчин эмгэгийн зүй тогтол, тэдгээрийг эмчлэх арга зүйг тухайн хүний онцлогт тохируулан эмчлэх боломжийг ДНХ-ийн эрчимтэй, нарийн судалгаагүйгээр эрэлхийх аргагүй.

ДНХ-ийн өдөр тохиож буйтай холбогдуулан, ген ба уургийн талаархи судалгааны буянд хоолоо олж иддэг хүний хувьд энд би чухам ямар ажил хийдгээ дурдъя. Угийн микробиологич мэргэжилтэй бибээр бичил биетний генийн онцлог шинжийг тэдгээрийн ангилал зүйд ашиглах зарим нэг арга сурсан байсан юм. Ингэж молекул биологийн олон гайхамшигт арга, техникийн зах зухтай танилцсан маань хожим энэ судалгааны төсөл дээр ажиллах боломжийг нээж өгсөн. 

Та бүхэн эргүүтсэн хонь, эсвэл үхрийн галзуу өвчний талаар сонсож байсан. 2003 онд Канад улсад үхрийн галзуу өвчин гарсны улмаас 6.3 тэрбум долларын алдагдал амсжээ (Канадаас үхрийн мах импортлодог АНУ, Япон зэрэг орнууд одоо болтол хориогоо бүрэн тавиагүй байна). Чухам тэр үес Канад улсын Засгийн Газар энэ талын судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих зорилгоор шинээр судалгааны төвүүд бий болгож, холбогдох санаа, төсөл бүрийг дэмжиж эхэлсэн. Үүний давалгаанд миний ажиллаж буй Албертын Их Сургуульд ч мөн үхрийн галзуу өвчний судалгаа хийгдэж эхлэв. Прион гэж нэрлэгдэх уургийн бүтцэнд өөрчлөлт орсны улмаас үхрийн галзуу, хонины эргүү өвчнийг үүсдэг гэж үздэг (энэ уургийг нээсэн эрдэмтэн 1997 онд Ноблийн шагнал авсан боловч энд эргэлзээтэй асуудал их бий). Энэ уураг нь бусад амьтдад жишээ нь хандгай, мөн хүний тархи, мэдрэлийн системийг эргэлт буцаалтгүй гэмтээж, ой ухаан самруулах, тахир дутуу болгох улмаар үхэлд хүргэх аюултай. Гэхдээ прион уургийн ген, амьтан бүрт маш төстэй боловч онцлох ялгаатай байдлаар хадгалагдсан байдаг тул жишээ нь нохойны прион уураг өвчин үүсгэх хэмжээнд хүртэл өөрчлөгдсөн тохиолдол одоо болтол бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл нохой прионоор өвдөөгүй. 

Миний судалгаа бол үхрийн ба хонины прионоор өвчлүүлсэн хулганы тархины эсийн уургуудын харилцан үйлчлэл энэ өвчний үед хэрхэн өөрчлөгддөг болохыг судлах ёстой. Судлах уургуудаа өвчилсөн хулганы тархинаас авсан РНХ-ийн дагуу лабораторийн нөхцөлд үйлдвэрлэдэг юм. Энэ бол цэвэр эрдэм шинжилгээний төсөл, үүнээс гарах үр дүнг цаашдын судалгааны суурь болгон хэрэглэх зорилготой.

2008-04-22

Бисфенол А-д хорио тавьлаа.

Бисфенол А (БФА) гэх бодисын талаар бичлэг оруулж байсан минь саяхан.

Тэгтэл энэ оны 6 сараас эхлэн хүүхдийн угж, хоолны савыг энэ бодис бүхий материалиар хийхийг Канадын Засгийн Газар хориглолоо. Уг бодисын талаар хийгдсэн 150 судалгааны баримтуудыг үндэслэн анхаарал сарних өвчин (энд харамсалтай нь ийм өвчтэй хүүхэд цөөхөн биш), сахарын өвчин мөн түүнчлэн гормоны гаралтай хавдар үүсгэдэг нь тогтоогдсон БФА-д ялангуяа нярай насны хүүхдүүд илүү өртөмтгий байх магадлал өндөр юм байна. БФА-г төмөр лаазны доторлогоо хийхэд ашиглахыг хориглох төлөвлөгөө бас байгаа боловч харамсалтай нь түүний оронд хэрэглэх өөр бодис буюу технологи хараахан байхгүй юм байна.

Том хүмүүсийн хувьд эндхийнхэн өөрсдийн ажиглалт, судалгааг 2009 оноос явуулна гэнэ. Ямар ч байсан хуванцар савны хэрэглээг хязгаарлаж байхад илүүдэхгүй биз.

Жич: Төрөл бүрийн хуванцар байдаг. Хуванцар бүр БФА агуулахгүй. Хуванцар савны ёроолд байх гурвалжин тэмдгийн доторхыг анзаарвал 1-7 тоо байгааг харж болно. Хэрэв таны савны ёроолд 3 юмуу 7 тоо байвал БФА тухайн савны үйлдвэрлэлд орсон гэсэн үг бөгөөд халаах явцад уг бодис асар ихээр ялгарна, бусад тоонууд байвал БФА-н аюул үгүй гэсэн үг.   


2008-04-16

Дуртай дуунуудын маань нэг

Ажилдаа ирж очихдоо голдуу мэдээ сонсдогсон. Заримдаа өглөө сонссон мэдээгээ орой ТВ-ээр харж "Энэ одоо яагаад өчигдрийн мэдээ давтаад байна" гэж гайхширдаг. Гэтэл ойрд мэдээний оронд нэгэн дуучны хоолой, түүний дууны найруулга, хөгжмийн сонголтыг бишрээд салахаа байв. Дуучны нэр Jennifer Warnes. Энэ хуудсаар орж, Famous Blue Raincoat, дараа нь slide show тэгээд sample мр3 гэдэг дээр дарвал түүний зарим дууг сонсож болохоор байгаа. Болж өгвөл миний тэр жигтэйхэн сүйд болоод байгаа Bird on a wire дууг сонсоод үзээрэй. Энэ дууны ая гайхалтай cайхан, хөгжмүүдийн хоршил дээд зэрэг, ялангуяа саксофоны аялгуу орж ирэхэд би бараг галзуурах шахна. Дараагийн Жанна Д'арк (зөв бичив үү?) -д зориулсан дуунд хоршин дуулсан Leonard Cohen -ы хоолой үнэн содон, Женниферийн дууг бүр илүү хөглөөд өгнө. Ямар ч байсан сонсоод үзээрэй.

Bird on a wire

by Leonard Cohen

Like a bird on the wire,
like a drunk in a midnight choir
I have tried in my way to be free.
Like a fish on a hook,
like a knight from an old fashioned book
I have saved all my ribbons for thee.
If I have been unkind,
I hope that you could just let it go by.
And if I have been untrue
I hope you know it was never to you. No, no

Like a baby, stillborn,
like a beast with his horn
I have torn everyone who reached out for me.
But I swear by this song
By all I have done wrong
I'll make it all up to you. Yes I will
I saw a beggar leaning on his wooden crutch,
H called out to me, "Don't
ask for so much."
And a young man leaning on his darkened door,
He cried out to me, "Hey, why
not ask for more?"

Like a bird on the wire,
Like a drunk in a midnight choir
I have tried in my way to be free.


Joan of Arc

Now the flames they followed Joan of Arc
as she came riding through the dark;
no moon to keep her armour bright,
no man to get her through this
dark and smoky night.
She said, "I'm tired of the war,
I want the kind of work I had before,
a wedding dress or something white
to wear upon my swollen appetite."
La...

Well, I'm glad to hear you talk this way,
you know I've watched you riding every day
and something in me yearns to win
such a cold and lonesome heroine.
"And who are you?" she sternly spoke
to the one beneath the smoke.
"Why, I'm fire," he replied,
"And I love your solitude, I
love your pride."
La...

"Well then fire, make your body cold,
I'm gonna give you mine to hold,"
and saying this she climbed inside
to be his one, to be his only bride.
Then deep into his fiery heart
he took the dust of Joan of Arc,
and high above all these wedding guests
he hung the ashes of her lovely wedding dress.
La...

It was deep into his fiery heart
he took the dust of Joan of Arc,
and then she clearly understood
if he was fire, oh she must be wood.
I saw her wince, I saw her cry,
I saw the glory in her eye.
Myself I long for love and light,
but must it come so cruel, must it be so brave?
La...

2008-04-12

Хамгийн энэрэнгүй хүн

Ноблийн шагнал гардуулж эхэлсний зуун жилийн ойд зориулсан баяр ёслолын үйл ажиллагаа ид дундаа өрнөж байв. Би нэр хүнд бүхий Холмэнколлэн зочид буудлын дунд давхарт Дээрхийн Гэгээнтэн Далай ламын онцгой төлөөлөгч болох Лоди Гяр Ринбүүчитэй (Lodi Gyari Rinpoche) цай уухаар сууж байлаа. Танхим хүн хөдөлгөөн ихтэй байв. Ноблийн энх тайвны шагналтан Ели Вийсэл (Elie Wiesel) чимээ шуугианыг үл анзааран дагалдан яваа хүнтэйгээ ярианыхаа амтанд гүнзгий орсон харагдана. Хажуугийн ширээнд бас нэг шагналтан болох Зүүн Тиморын Хосе Рамос Ортас (Jose Ramos-Hortas) хоёр сурвалжлагчид ярилцлага өгч байх юм. Миний ширээнээс доод давхрын үүдний заал тод харагдана. Амьдралд нэгэнт нэвтэрсэн металл илрүүлэх төхөөрөмж үүдэнд байрлуулжээ. Тэнд өө сэвгүй, жигд хувцастай зургаан норвеги цагдаа зогсож нэвтэрсэн хүн бүхнийг шалгаж байв. Энэ үйл ажиллагааны үер Осло хот дайны үеийнх шиг хамгаалалтын арга хэмжээ нэвтрүүлж байлаа. Өглөө буудал уруу ирж явах үедээ дээврийн стратегийн гол цэгүүд дээр байрласан маш содон харагдах хэд хэдэн мэргэн буудагч нарыг анзаарсан юм. Байлдааны хоёр F-16 онгоц байнгын бэлэн байдалд эргэлдэж байв. Энэ хэдэн өдрүүдэд Ослогийн дээгүүр онгоц нисэхийг түр зуур хориглох ажээ.
Гяр Ринбүүчи бага зэрэг санаа зовонгуй, арван таван минут хожигдон ирлээ. Тэрээр Түвд лам нарын буудалд болсон Далай лам, Ричард Холбруук нарын уулзалтаас шууд ирсэн байв. 1995 оны Балканы энх тайвны хэлэлцээрийг зуучилсан Америкийн дипломатч Холбруук энэ ёслолын арга хэмжээнд оролцохоор ирсэн байсан юм. Лоди Гяр нөгөө л зангаараа захиалгын ганган хийцтэй бодвол Савил Роугийнх болов уу костюм өмсжээ. Түүний махлаг бие, дугуй царайнаас гандан буурахгүй гялалзаж яваа Ази бизнесмений дүр харагдана.

Лоди Гяр, Тэнзиний (Tenzin Geyche Tethong) хамт Далай ламын ойрын зөвлөх нарын нэг юм. Лоди Гяр бол Баруунд Далай ламын дараа орох Түвдийн хамгийн нэр нөлөөтэй өмгөөлөгч яах аргагүй мөн. Далай ламын итгэлт ажлыг дөчин жил амжуулсан энэ хүний амнаас Түвдийн лидерийн талаар олж мэдэхийг би хүссэн юм.

"Далай ламтай ажиллахад ер нь ямархуу байдаг вэ?" гэж би асуулаа.
"Бүх хүн түүнийг их нигүүлсэнгүй хүн гэдгийг мэднэ. Дээрхийн гэгээнтэн бас их эрс шийдэмгий зантай. Үүнийг нь ойрхон хамт ажиллах хүмүүс л мэднэ. Энэ зан нь би мэт хүмүүсийг их татдаг" гэж тэр өгүүлэв.

"Түүний сэтгэлийн хат" гэж би хэлэв.
"Тийм ээ. Түүний бусдыг өрөвдөх сэтгэл бол олныг хамарсан гэдэг нь эргэлзэшгүй. Гэхдээ үнэнийг хэлэхэд Дээрхийн Гэгээнтэн бол тийм ч амар босс биш. Түүний бусдыг хэмжих шалгуур бол онцгой. Би өөрөө их өндөр хүслэнтэй хүний төлөө ажилладаг гэдгээ мэддэг. Энэ маань надад тустай, яагаад гэвэл намайг барьж хязгаарлаж байдаг. Би хувийн харьцаандаа тодорхой хил хязгаарыг давж алхахгүй гэсэн үг" гэж Гяр хэлээд надад дараах түүх ярьж өгөв.

Тянмины талбайн үйл явдал өрнөх үед би түүний Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм. Тэр үед хэд хэд өгсөж уруудсаныг эс тооцвол бид Хятадын талтай яриа хийхэд нилээд ойртсон байсан үе. Янг Минфу, ажилчдын нэгдсэн хөдөлгөөний удирдагч байсан бөгөөд бид ямар ч байсан харьцааг сэргэж чадсан байв. Хонконгт зарчмын хувьд урьдчилсан уулзалт хийж, тэндээс тохиролцоо хийх уулзалтын тов, газрыг тодорхойлох гэрээтэй байв. Далай лам болон хүний нутагт орогносон Түвдүүдийн хувьд Хятадын талыг хэлэлцээрийн ширээнд ятгаж авчрахаас илүү чухал зүйл тэр үед байгаагүй. Тэдний сүүлийн дөчин жил хөөцөлдөж байсан зүйл бодит биелэлээ олоход ойртсон байв. Би тэр уулзалтанд бэлтгэн Дарамсала дахь гэртээ сууж байтал Тянмины талбайн бослого дэгдлээ. Дээрхийн Гэгээнтэн унаа явуулан намайг түүний өргөөнд ирэхийг хүссэн байв. Намайг ирэхэд Тензин түрүүлэн ирээд хүлээж байв. Бид хоёр шууд Далай ламын өрөөнд явж орлоо.

Далай ламыг тэгтлээ их түгшиж, сандарсан байхыг би анх удаагаа харсан юм. Тэр яг Наролеон шиг л харагдсан. Биднийг яваад ороход эргэж харсан ч үгүй, ихэд бодлогоширсон харцтай нуруугаа үүрэн зогсож байв. Тэрээр бидэнтэй мэндэлсний дараа "Харсан уу, харсан уу?" гэж асуулаа. Тэр үед түүнээс өөр зүйл ТВ-гээр гарахгүй байсан тул түүний юу ярьж байгааг бид ойлгож байв. "Хятадын засгийн газар мөн түүний өөрийн ард түмнийг дарангуйлан явуулж буй бодлогыг буруушаан гаргах миний мэдэгдэлийг та хоёр боловсруулах хэрэгтэй байна. Би мөн тэр талбай дээрх залуучуудыг чин сэтгэлээсэээ дэмжиж байна" хэмээн Далай лам өгүүлэв.

Миний амиа хичээсэн түвд ухаан шууд л "Бурхан минь, энэ чинь бидний хэдэн жил хөөцөлдсөн хэлэлцээр хийх боломжийг баллаж орхино" хэмээв. Гэгээнтэн эргэн харж миний хэлэх гэснийг шууд ойлгон "Энэ юу вэ?" гэж хурдхан асуув. "Дээрхийн Гэгээнтэн минь, таны энэ үйлдэл тань тохиролцооны талаархи бидний зүтгэлийг магадгүй нилээд олон жилээр гажуудуулж болно гэж та мэдэж байгаа буй" гэж би хариуллаа. Тэрхэн зуур би Далай лам байр сууриа өөрчлөх болов уу гэж бодсон юм. Гэтэл тэр буцаад эргээд харчихав. Түүнээс асар их, барынх шиг их энерги мэдрэгдэж байв. "Тийм ээ, энэ үнэн, чиний юу гэх гээд байгааг би ойлгож байна. Гэхдээ одоо би хэлэхгүй юм бол би хэзээ ч эрх чөлөө, ардчилалын талаар ярих ёс суртахууны эрхгүй болно. Энэ залуу хүүхдүүд миний хүсэж байгаагаас илүү ч юм хүсээгүй, дутуу ч юм хүсээгүй. Би тэдний төлөө дугарахгүй юм бол би ардчилал, эрх чөлөөний талаар хойшид ярихаасаа ичих болно" хэмээж билээ.

Лоди дуугаа хураав. Би царайгаа өөрчлөхгүй гэж бодсон боловч болсонгүй. Далай ламын хариултанд сэтгэл ихэд хөдөлсөн надад царайгаа түвшин байлгах хэцүү байлаа. Тэрээр Хятад оюутнуудын амар амгаланг нутгийн хүмүүсийн горьдлогоос өмнө шударгаар тавьсан байв. Би буруу харлаа. Зааланд хүмүүсийн ярианы дүнгэнээн намдаагүй үргэлжилсээр байв.

"Дээрхийн Гэгээнтний талаар асар их хүндэтгэл төрж билээ" хэмээн Гяр яриагаа үргэлжлүүлэн "Би мөн өчүүхэн жижигхэн, амиа хичээсэн амьтан болохоо мэдэрсэн. Мэдээжийн хэрэг, өнгөрснөө эргэж харвал, Далай ламын тэр байр суурь хэлэлцээрийг устгана гэсэн миний дүгнэлт зөв байсан. Дэнг Заиoпенг (Deng Xiaopeng) хэзээ ч Далай ламыг уучлаагүй юм. Бидний хожим сонссоноор бол тэрээр энэ асуудлыг өөр дээрээ хэтэрхий буулган авсан байсан. Гэхдээ иймэрхүү зүйлүүд намайг Далай ламд хүчин зүтгэхэд хүндэтгэлтэй санагдуулдаг юм. Яагаад гэвэл тэрээр өөрийн сургааль, номлолд итгэдэг, түүнийхээ дагуу хөдөлдөг хүн юм."

Лоди Гяр бид хоёр бараг нэг цаг илүү хөөрөлдөн суув. Гяр маш сайхан ярьдаг хүн тул түүний ярианд би ууссан байлаа. Гэнэт доод давхрын орох зааланд шуугиан болоод явчихав. Бид доош өнгийн харвал тэргүүн хамба Дэсмонд Туту (Desmond Tutu) зочид буудалд дөнгөж хөл тавьж байлаа. Час улаан ёслолын өмсгөлөөр гангарч нүүр дүүрэн инээмсэглэх өмнөд африкийн хамба ламтнаас асар их нэр хүнд гэрэлтэх аж.

Бид суудалдаа эргэн суусны дараа Гяр яриандаа эргэн орж "Дээрхийн Гэгээнтэн хамгийн анхны айлчлалаа Европод 1973 онд хийсэн юм. Тэр үед би маш залуу, их туйлширдаг ч байж дээ. Зургаан долоо хоногийн айлчлал талдаа орчихсон, бид Швейцарьд байсан үе. Дээрхийн Гэгээнтэн Цюрих дэх хувийн ордонд байрлаж байв. Тэрээр Түвдийн талаар тэр болтол нийтэд олигтой мэдээлэл өгч чадаагүйд би бухимдангуй байв" хэмээн өгүүлэв.

"Оронд нь шашин шүтлэг яриад байсан уу" гэж би асуулаа.
"Тэр байнга л ярьдаг нийтлэг хариуцлага, энэрэнгүй үзэл, сайхан сэтгэлийн талаар ярьж байсан. Гэхдээ олон хүмүүс Түвдийн талаар мэдэхийг хүсэж байсан юм. Түвд хүмүүсийн талаар олигтой зүйл хийхгүй байгаа юм шиг надад санагдаж байв. Би тод санадаг юм, түүний байрласан байр бол өнгөт шилээр гангарсан их тансаг байшин байсан. Нэгэн өглөө би түүний өрөөнд яваад орлоо. Миний санаа түгшсэн, сэтгэлд минь ямар нэгэн зүйл байгааг тэр шууд мэдчихэв".

"Тэр чиний санаа сэтгэлийг уншчихдаг уу" гэж би сонирхов.
"Тийм. Тэрээр 'Юу болоов?' гэж асуув. Би ч хариуллаа. 'Дээрхийн Гэгээнтэн минь, та Түвдийн талаар илүү ярих хэрэгтэй байх гэж би бодож байна. Энэ бол бидний зовж буй түвдүүдийн талаар дэлхийд мэдэгдэх маш том боломж.' Тэрээр 'Тийм ээ, үнэн, би ойлгож байна. Үнэндээ бол би ч гэсэн Түвдийн талаар илүү их ярих нь дээр гэж бодсон. Гэхдээ чи мэдэндээ, энэ хүмүүсийн ихэнх нь сэтгэлдээ их зовлон тээж явдаг. Тэд над уруу би зовлонг нь нимэглээд өгчих юм шиг хоосон горьдлого тээгээд ирдэг. Би нимэглэхгүй шүү дээ. Тэдний зовлон дээр би өөрийн зовлонг нэмээд явуулах эрхгүй гэж би боддог.' Үүнийг сонсоод миний нүд нулимсаар дүүрч билээ".

Лоди Гяр яриагаа таслан, буруу харлаа. Энэ дурсамжинд түүний сэтгэл ихэд хөдлөсөн нь илт байлаа. Түүний явах цаг ч болов. Бид босоход тэр миний нүд уруу эгцлэн харж "Виктор, би нэг л юманд их итгэлтэй байна. Дээрхийн Гэгээнтэн бол миний мэдэх хамгийн энэрэнгүй үзэлт хүн юм" гэв.

Гяр намайг тэвэрч салах ёс гүйцэтгэсний дараа буудлын гадна хүлээх машин уруугаа явж одов. Ноблийн шагналтан шалгаруулж эхэлсний 100 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагааны ихэнх хэсгийг мань хүн үзэж чадахгүй нь. Тэр байнга л нисэж явдаг нэгэн, одоо ч мөн онгоцондоо хоцрохгүй суух ёстой аж.

Өндөр Гэгээн Далай лам ба Виктор Чан "Өршөөхүйн ухаан" (The Wisdom of Forgiveness) номноос авав.
div>

2008-04-02

Тусламж

Нутагтаа энэ зун очихын тулд билет захиалах гэж мунгинаж байна.

Эндээс Бээжин нисэх билетээ ч нэг юм авахаар болж байх шиг байна. Бээжинд очоод яах вэ? http://www.uniteasia.mn/index.php - хуудсаар ортол Бээжингээс УБ орох галт тэрэг хямд байдгийг саналаа. 24133 гэж олон улсын билет захиалах кассын дугаар байна. Нэг л дутуу, гажиг харагдсан боловч залгалаа, холбогддоггүй. Дахин баахан веб хуудсаар тэнэсний хүчинд төмөр зам уруу залгахдаа 11 биш, 21 гэж гадаадаас залгадаг болохыг мэдэв. Бас л болдоггүй. Аан тийм, Google-ээс "төмөр замын утасны дугаар" гэж монголоор бичээд эртэл Арсуны блог хамгийн түрүүнд жагсаж байна. Блогоороо айлчил гэж байгаа юм гэж ойлгоод (далимдуулан) баахан айлчилгаа хийв.

Буцаад билетний сураг гаргах ажилдаа орлоо. SilkRoad travel гэх сүрхий нэртэй, үнэхээр аялалыг маань силкен дээр яваа мэт зөөлөн, зовлонгүй, хурдан, шуурхай болгоод өгч мэдэх байрын нэртэй хуудас олоод залгалаа. "Бээжингээс УБ орох онгоцны билет үү?" "Үнэтэй л байдаг юм даа. Ta ер нь МИАТ-аас асуучих - 1818" Дүн дүн дүн дүн...

"Хүүеэ, жаахан хүлээл дээ, би билетийг чинь авъяа гээд байна шүү дээ"... Ингэж борлуулалт хийдэг газар байдаг л юм байх даа.

1818. Энэ гадгаадаас чинь энэ утас уруу яаж ордог юм бол? 011 976 11 1818; 011 976 1818 - аль нь ч болохгүй юм.

AirChina - хэд хэд залгаж байж арайхийн холбогдов. Бээжин - УБ - Бээжингийн билет 614$. Дөрвийн дөрвөн хүнд арай л хатуу үнэ юм.

Бүхэл бүтэн нэг цаг хагас элдэв интернетийн хуудас эргүүлэн, аргаа баран ийш тийш залгасны дараа чаддагаараа дүү лүүгээ залгаж, гайгүй үнэтэй билет захив. Би ингээд мунгинаад, азгүйтээд байна уу, аль эсвэл билет ийм үнэтэй болчихсон юм уу? Бээжингээс УБ орох вагоны билет урьдчилан худалдан авах арга мэдэх хүн байвал хэлж өгч туслаач. Элдэв хүнд дарамт учруулалгүй, өөрсдөө билетээ авдаг газраас нь түвэггүй аваад, очсон хойноо тосоод ав гэж хэлдэг болмоор байх юм.

Бээжингийн Олимпоос шалтгаалан Монголд ч бас очих хүмүүсийн тоо ихсэж юуны магад. Аялал жуулчлалын компаниуд үйлчилгээ, харилцааны соёлоо сайжруулаасай билээ.

Жич: Хойд Америкт амьдардаг бөгөөд энэ 6 сард Монгол явах санаатай хүмүүс байвал http://us.hnair.com/news.htm хуудсаар ороод үзээрэй. Шинэ хямд нислэгийн шугам нээгдэж байгаа юм байна. Билетний үнэ бусад компанитай харьцуулахад 30-40% хямд байна.

2008-03-23

Алдагдсан энергийг буцааж ашиглах нь

Төсөөлж үзье л дээ. Улаанбаатар амьдрах Амарсайхан, Энэтхэгт сурах Бибби, Нью-Йоркт ажиллах Ганаа өглөө босон алхахдаа өөрийн гэсэн цахилгаан гүйдэл үүсгэн, хуримтлуулах чадвартай жижиг төхөөрөмжөө өвдгөндөө бэхлэн гарна. Дараа нь түүний тусламжтайгаар гар утаснуудаа цэнэглэж, цүнхэндээ хийчихээд байгалийн гаралтай түүхий эд өчүүхэн ч болов хэмнэсэндээ, эрчим хүч үйлдвэрлэх гэж баахан хорт хий байгаль орчинд хаядаг үйлдлийг жаахан ч болов бууруулсандаа сэтгэл додигор ажилдаа ирдэг бол яах вэ?

Олон орны эрдэмтэд борооны дусал, гүүрний чичиргээ тэр битгий хэл алхалтаас үүсэх энергийг цуглуулан, цахилгаан соронзон орон цаашилбал цахилгаан гүйдэл гарган авч амьдрал ахуйд хэрэглэх боломжийг идэвхийлэн судалж байгаа юм байна. Зарчим бол ердөө бидний мэдэх соронз, зэс утасны тусламжтайгаар цахилгаан гүйдэл гарган авах арга дээр үндэслэгдсэн. 

Тэгэхлээр уг нь соронзонг хөдөлгөх хямд эх үүсвэр байвал бид асар их эрчим хүч, тэр хэмжээгээр байгалийн бохирдол, сэргээгдэхгүй эрдэс баялаг гээд олон зүйл хэмнэж болох нь. Одоогоор эрдэмтэд байгаль орчин, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас ашиглагдахгүй алддаг энергийг ашиглах олон арга нээгээд байгаа юм байна. Байгаль орчинд хамгийн элбэг бөгөөд ашигладдаггүй хаягддаг энергийн нэг бол аливаа хөдөлгөөний засварын бүтэгдэхүүн болох чичиргээ юм. Жишээ нь: гүүрээр өнгөрөх машины урсгалд гүүр байнга чичрэх (эндээс 20-120W энерги цуглуулах боломжтой), бүжгийн талбайн доргио гэх мэт. Энэ доргилтууд бол бүгд үнэгүй, энэ доргилтыг дээрх зарчмын дагуу цахилгаан гүйдэл гарган авахад ашиглах боломжтой ажээ. 

Тэр битгий хэл өвдөгний гадна талд бэхлэн алхах явцад зарцуулагдсан хүчийг хуримтлуулах жижиг төхөөрөмж гарган авсан байна (бид алхахдаа хөлөө урагш зөөн газар тавих агшинд ашиглагдахгүй үлдсэн энергийг хуримтлуулж байна гэсэн үг). Нэг алхаа бүрт 2.5W энерги цуглуулж болно. Алхалтын энерги хуримтлуулах төхөөрөмж бол одоохондоо жаахан болхи, бас хөөрхөн жинтэй (1.6кг) байгаа юм байна, удахгүй гар утас шиг болох биз. Алхалтаас бий болсон үнэгүй эрчим хүч ашиглан 10 гар утас цэнэглэж болно. 

Мөн түүнчлэн борооны дусал цахилгаан гүйдэл дамжуулах чадвартай материал дээр буухдаа бага хэмжээний боловч нэгэн хэвийн тогтмол цахилгаан гүйдэл үүсгэх чадварыг ашиглан жижиг цахилгаан төхөөрөмжүүд ашиглаж болохыг эрдэмтэд бас нээгээд байна. Борооны нэг дуслаас 1микроватт энерги цуглуулах боломжтой. Энэ бол асар бага тоо боловч чийгшилт ихтэй газруудад ашиглах боломжтой. 

Анагаах ухаанд бол зүрхний цохилтоос бий болсон доргилтыг ашиглан бага хэмжээний, зай цэнэглэх зэргийн энерги гаргаж авах бололцоотой. Жишээ нь: зарим зүрх өвчтэй хүмүүст зүрхний булчин, түүний базлалтыг зохицуулах чадвартай хиймэл төхөөрөмж (pacemaker) суулгадаг юм байна. Уг төхөөрөмж зайгаар ажиллах тул хэдэн жил болоод хагалгаа хийн зайг солих хэрэгтэй болдог гэнэ. Хэрэв зүрхний цохилтын доргилтоос бий болсон энергийг уг зайг цэнэглэхэд эргүүлэн ашиглаж чадвал олон дахин хагалгаа хийх аюулаас аврагдах боломжтой юм байна. 

Юм хөгжинөө гэж... 

"Not a Watt to Be Wasted" - Тайм сэтгүүлийн 2008 оны 3 сарын 17ны дугаараас хэсэгчлэн авав. 


Жич: Манайд энэ зарчмаар ажилладаг гар чийдэн байдаг байж билээ, хэрэглэхийн өмнө хэд сайн сэгсрээд болоо, зай май гэж санаа зоволтгүй; сэгсрэхэд зэс утасны ороомогт суурилуулсан соронзон хоёр тийш зайлагдаж, үүссэн цахилгаан соронзон орны дүнд бий болсон гүйдлийн үр дүнд гар чийдэн ажиллах жишээний. Сүүлд бид National Geographic - ээс гараараа эргүүлэн өөрсдөө зайг нь цэнэглэн ашигладаг жижиг радио худалдан авсан юм. Энэ радио гар чийдэнтэй, бас утсаа цэнэглэж болно. Зай худалдан авч бас ажиллуулж болно, гэхдээ зай үнэ гайгүй ч байгаль орчинд хортой тул бид аль болох хэрэглэхийг зайлсхийдэг, хэрэглэсэн ч цэнэглэдэг зай ашиглахыг эрмэлзэнэ. Байгаль орчноо чадахаараа л хамгаалцгаая. Гараар цэнэглэдэг радионы зураг оруулав. 

2008-03-21

Beijing Confidential

Жэн Воны бичсэн "Beijing Confidential" ном гараад удаагүй байхад нь өнгөрсөн оны сүүлчээр олж уншсан юм. 

Уг номонд Хятадын Соёлын Хувьсгалын үес эхлэн одоог хүртлэх хот, улс, хувь хүний өөрчлөлтийн талаар сэтгэл хөдлөм өгүүлнэ. Хамгийн онцлог нь улс орны хөгжил дэвшил Хятадад хүний хөгжил дэвшлээс илүү хурдацтай байдаг юм байна.

Канадад цагаачилсан Хятадын гурав дахь үе болох зохиолч өөрөө 1972 онд Бээжингийн Их Сургуульд анх сурч байсан хоёрхон гадаад оюутны нэг байв. Тэр үед түүний хөдөлгөөн бүр нарийн нягт хяналтын дор, мэдээж хэнтэй уулзаж, юу ярих нь хэмжээстэй байсан гэдэг. Хэдийгээр Канадад төрж өсөн, барууны соёл боловсрол эзэмшсэн боловч анх Бээжинд очихдоо улаан Мао үзэлтэн байсан зохиолч маань хамт сурч байсан нэгэн хятад оюутны сургийг гаргахаар Бээжинд дахин ирснээр ном эхэлдэг.

Соёлын хувьсгалын үеийн үзэл суртлын хүнд дарамтанд автсан ард иргэдийн үнэн бодит, итгэж болох зүйл бол олон юм яривал буруутгагдах явдал байв. Дээрээс нь гэнэн бол бүр өнгөрөө. Өөрөө өнгөрөхөөс гадна бусдыг бас хорлочихож мэднэ. Энэ ахуйд амьдарч байсан Жэн Вонгийг Бээжинд байхад нь дээд ангид сурч байсан Yin Luji (Ен Лужи) гэх оюутан АНУ талаар нилээд сонирхон, тийшээ гарахад туслаач гэж хэлснийг нь тэр үеийн улаан Мао үзэлтэн Жэн элдэв бодож тунгаалгүй шууд дээш нь ховлочихсон гэж байгаа. Жэн удалгүй нутаг буцаж тэдний хооронд холбоо тасарчээ. Хожим хорь гаруй жилийн дараа өдрийн тэмдэглэлээ сөхөн сууж байсан Жэн, Ены амьдралд ноцтой хохирол учруулсан мэт санагдан, ихэд гэмшин, Енийг болбол олж уулзаж, уучлал гуйх, бүтвэл үр хүүхдэд нь туслах санаатай Бээжинд ирж буй нь энэ. 

Бээжинд ирээд мэдээж Бээжингийн Их Сургуульд сурч байсны хувьд тэндхийн архиваас шүүлгэн ядаж Ений зөв овог нэрийг олохоор очтол юу гэдэг гээч! 1952-1980 он хүртэлх баримт манай архивт байхгүй. Яагаад? - Мэдэхгүй. Энэ чинь Соёлын Хувьсгалтай холбоотой. Бүхэл бүтэн Мао-гийн үеийн түүхийг шууд арчаад тавьчихдаг гэнэ. Бүр ямар ч баримт үлдээж болохгүй гэж байгаа юм шиг. (Тэр битгий хэл 1989 онд Тянминий талбайд болсон мөргөлдөөнийг түүхийн хичээлдээ заадаггүй тул одооны залуучууд тэр талаар ер мэддэггүй гэж байгаа).

Цаашилбал, оюутан үеийн зарим багш, хамт сурч байсан оюутнуудтай уулзвал соёлын хувьсгал, элдэв баривчилгааны талаар ер дурсахгүй, огт мэддэггүй дүр эсгэх нь дэндүү чөлөөт, нээлттэй нийгмээс ирсэн Жэнд их том цохилт болно. Зарим нэг нь холбоо барихаас түвэгшээн, хариу өгөхгүй, ер нь уулзахаас татгалзаж байгаа нь тодорхой байдаг. Гэхдээ л тэдний нэг Жэний утсыг Енд дамжуулан, Енийг олохын тулд хувийн мөрдөн байцаагч хүртэл авахаар сонирхож үзсэн Жэн бөөн баяр болдог.

Ен тэр үедээ нэлээн чөлөөт сэтгэлгээтэй, улс орон, Маогийн бодлогыг шүүмжлэн ярьчихдаг, дээрээс нь өдрийн тэмдэглэл хөтлөдөг байсан нь өөрийгөө бариад өгөх гол шалтаг болсон байдаг. Жэн өөрийг нь матсаныг Ен мэдээгүй байдаг боловч мань хүн энэнд төдийлэн ер эмзэглэхгүй, учир нь тэр гадагш гарах бодлоо бараг хүн бүрт л ярьж явсан байдаг. Жэнийг дипломоо гардахын өмнөх өдөр сургуулийн удирдлага түүнийг баривчлан Жилинд ажиллуулахаар цөлдөг, ингэхдээ түүнийг бараг гучаад зүйлийн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгана. Амиа хорлохоор Хятадын хөдөөнийхний хэрэглэдэг хор ууж үзсэн Жэн үхдэггүй боловч арай ядан нэг голтой юм хөдөөний хүнд хүчир ажил, амь зогоох төдий хөлсөөр хийхээр ирдэг. Хийсэн хэрэг нь хүнд хэлэхийн аргагүй, ойр байхад ч халтай байж мэдэх гэх ойлголт ажилчдын дунд тархан хөөрхий Енийг нэг нүдээр харах хэн үгүй. 

Ений эцэг гайгүй ажил хийдэг байсны хүчинд түүнийг татан арай өөр төрлийн ажилд шилжүүлсэн боловч ажил хүнд хэвээр. Эцэст нь эцгийн ирээдүйд муугаар нөлөөлж мэдэх байсан тул Ен овгоо орхин Лу овогтон болно.

Хожим Маогийн засгийн газар унахад Бээжингийн Их Сургуулиас удаа дараа шаардсаны хүчинд сургууль төгссөн гэсэн баталгаа гаргуулж, мөн хөдөө ажилласан хугацааны цалингийн зөрүүг дээд сургуулийн дипломтой хүний түвшнийхээр бодуулж авсны хүчинд гэнэт баяжсан гэдэг. Угийн сэргэлэн, ухаантай Ен (Лу), хувьсгалын дараах улс орны байдлыг ажиглан, Хятадын хууль тогтоох салбарт өөрчлөлт орно, тэнд шинээр боловсруулах, бий болгох зүйл нилээд бий болно гэж урьдчилан тооцсоны хүчинд хуульч боловсрол эзэмшин, дээд сургуульдаа багшаар үлддэг. 

Уг номонд далаад оны Бээжинг одооны Бээжинтэй гайхалтай харьцуулан үзүүлнэ. Хятадын эдийн засаг, хот бүтээн босголт асар хурдацтай хөгжиж байгааг баримтаар илтгэх бөгөөд үүний сөрөг үр дагавар бол байгаль орчны бохирдолт юм. Машин бол хөгжил дэвшлийн шинж тэмдэг болохоос байгаль бохирдох нь огт хамаагүй гэнэ. Бээжинд худалч хүнд өдөр шөнө, өвөл зуны ялгаа арилж байгаа юм байх. Ялангуяа зуны улиралд нар сар, од гариг харахын аргагүй, битүү саарал, халуун зууханд байгаа мэт болно. Хэд хонохоор бол утаанаас үүдэлтэй ханиадаар шагнуулна. Бээжингийн олимпийг тэд ер яаж явуулах гээд байгаа юм бол?

Энэ ном бол уг зохиолчийн нэрд гарсан ном бас биш юм. Түүний "Red China Blues: My Long March from Mao to Now" ном Тайм сэтгүүлийнхээр 1996 оны шилдэг арван номын жагсаалтанд орсон бөгөөд одоо ч Хятадад хориотой хэвээр. Бэлгэнд авсан энэ номоо уншсаны дараа бас ярьж өгөмз. Хальт харсан чинь миний English арай л жолдох юм шиг санагдаад халшраад байгаа.

2008-03-13

Завгүй тул дасгал хийдэггүй гэж үү?

Дасгал хийж байвал биед сайн гэнээ гэж бид өчнөөн л сонссон. Бараг л үлэг домог болтлоо сонсов, уншив, унших ч гэж дээ гүйлгэн хардаг, яриж байдаг зүйл юм чинь.

Насанд хүрсэн Америкчуудын 60% дасгал тогтмол хийдэггүй, ихэнх нь огт дасгал хийдэггүй гэнэ. Тэнд дор хаяж далан сая хүн хэт таргалалттай бөгөөд тэд бараг бүгдээрээ л хэдэн кило болж өгвөл хасчих санаатай. Дасгал хийх нь тийм сайн санаа юм бол яагаад илүү олон хүн дасгал хийж болохгүй байгаа юм бэ?

Ингэхэд хүн болгон тийм тарган төрдөггүй шүү дээ. Хэзээнээс бид жин нэмж эхэлдэг вэ? Хэзээ тэр илүү жин маань муухай харагдаж эхэлж байна?

Онтарио мужийн МакМастэрийн Их Сургуульд хийсэн судалгаагаар бол бид арван жилийн сургууль төгсөөд дараагийн шатны сургуульд орох тэр үеэс эхлэн шинэ сургуулийн ачаалал, тодорхой зохион байгуулалттай спорт үйл ажиллагаанууд хангалттай бус байдгааc шалтгаалан суумгай амьдралд аажмаар орж эхэлдэг гэжээ. Гол нь амьдралд ямар нэг өөрчлөлт гарангуут хүмүүс хуучин хэв заншлаа орхихдоо сайн хирнээ шинийг бий болгохдоо маруухан гэнэ.

Тэгвэл шинэ ажилд орогсод, шинэ гэр бүл бологсдыг хараад үзье. Шинэ ажилдаа дасах гээд, ажлын ачаалал их тул гээд шалтаг тасрахгүй. Шинээр хуримаа хийж байгаа хосын зургийг нэг жилийн дараах зурагтай нь харьцуулаад үзээрэй. Сайхан махтай мяраатай харагдах нь цөөнгүй. Гэхдээ өөрчлөгдөөгүй үлдсэн зарим нэг хосын анхны хүүхэдтэй болсны дараа авахуулсан зураг бас юм хэлэх гээд байдаг тал бий гэнэ шүү (миний хувьд лав хэлсэн юмдаг).

Бид дасгал хийхээ больдог шалтгааныг нэгэн сэтгэл зүйч ингэж тайлбарлажээ. Өөрийгөө удирдах чадвар бол сэтгэхүйн булчинтай адил ядарч туйлдаг юм гэнэ. Өдөржингөө нялх хүүхдийн юмуу дарга боссынхоо эсвэл ажлынхаа арга эвийг олох гэж хамаг сэтгэхүйн булчингаа ажиллуулсан бол орой нь өөрийгөө дайчлан дасгалаа хийгээд зогсох чадвар сул байна. Сэтгэхүйн булчингаа их ажиллуулах тусам илүү их ядардаг юм байна. Манайхаар бол аргаа барах гэх юмуу даа (тэгвэл хэл амгүй газар биеийн хүчний хүнд ч хамаагүй ажил хийгээд явж байвал ядрах нь гайгүй гэсэн үг үү?) Ямар ч байсан ядрах гэдэг бол сэтгэл санааны асуудал юм, өдрийн ажлаа дуусгаад гэртээ харихын өмнө өөртэй урамшуулах үг хэлж байх нь зүйтэй юм байна. Тэр өдрийн ажил чинь бүтээгүй байсан чинь яагаад бүтээгүй учрыг нь олсон маань яамай, эсвэл өөр нэг аргаар маргааш үзнэ дээ гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл өөрийгөө урамшуулан ажилтай холбоотой ачаалал гэр лүүгээ чирэхгүй байвал бид илүү эрч хүчтэй байх магадлалтай юм байна.

Дасгал хийдэггүйн дараачийн нэг алдаа бол тодорхой бус нийтлэг зорилго тавихтай холбоотой гэнэ. Жишээ нь: завтай болохоороо дасгал хийнэ гэдэг ч юмуу. Тэр зав гэдэг бол бэлэн өөрөө гараад ирдэг цаг биш, дасгалын цаг гэж зориуд цаг хувиарлаж сурвал зүгээр гэнэ.

Өөрийгөө удирдах (сэтгэхүйн) булчингийн хувьд сайн тал нь гэвэл энэ булчинг жижиг дасгалаар дасгалжуулж, хөгжүүлж болдог гэнэ. Жишээ нь: компютерын өмнө цэх сууж сурах, хүзүүгээ ганзагалахгүй байх эсвэл ус хангалттай ууж хэвших ч гэдэг юмуу.

Манай зарим блогчид маань сүрхий дасгал, сургууль хийдэг юмуу хийх эрмэлзэлтэй байдаг. Би өөрөө бол хааяа гүйх, усанд сэлэхээс өөрцгүй л байна. Зүгээр байснаас дээр боловч сайн жигдэрч, тогтмол хийх зүйлийн маань нэг болгоход цаг хугацаанаас гадна хичээл зүтгэл жаахан дутагдаад байх шиг. Ямар ч байсан усан сэлдэг газар маань цэвэр хлор хэрэглэхийн оронд давс-хлор хэрэглэх болсон тул арьс, уушиганд гамтай болжээ. 

2008-03-09

Cайхан амарч суръяа

Ажлынхаа тайланг тавиж, хэтийн зорилгоо ярилцахын зэрэгцээ бас бус чанартай илтгэл тавиж, гарын доорх хүмүүсээ мэдлэг мэдээллээр хангадаг ёс энэ нутагт нилээд түгээмэл байдаг бололтой юм. Ингэхдээ зүгээр нэг улаан булан, хурлын зааланд яриа хийж, хоолонд урихгүй бүр том зочид буудалд зориуд байрлуулан хоол унд, буудал, унааны зардал даах бол бараг л уламжлал болсон байх юм. Манай судалгааны чиглэлийн эрдэмтдийн уулзалт гэхэд бүр хаа байсан Торонто хотод энэ оны 2 сард болсон юм. Тэгэхэд 3 өдөр буудлаас гарахгүй зад хуралдсан хүмүүсийг даган баяссан миний бие чилж, салхинд гарч алхмаар санагдаж байсныг нуух юун. 

Тэгтэл ажлаа ярихын зэрэгцээ уул хадаар аялж, цана тэшүүрээр гулган, усанд орон алжаалаа тайлахыг уриалсан хуралд гэр бүлийн хүнээ даган энэ амралтын өдөр очив. Бид бол хоёр хүүхдээ орхин даруухан очсон хэрэг, гэтэл тэнд нялх нярай, дунд зэргийн насны хүүхдүүд, эмээ өвөөгөө дагуулан ээж юмуу аавынхаа "хуралд" ирцгээсэн байх юм. 

Хуралд суух нь сууж, мань мэтийн дагалдан баясагчид уул хадаар тэнэн, элдэв амьтан, байгаль усны сайхныг бишрэх зэрэг арын ажлаа амжуулав. Буусан буудлын нэг онцлог гэвэл уулын ёроолд, голын хөндийд байрласан, жижиг модон байшингуудаас бүрджээ. Манайхаар бол амралтын газар л гэсэн үг. Энд ялангуяа Европоос маш олон жуулчид ирдэг, амралтын өдрүүдэд бол дотоодын жуулчид тасрахгүй аж. Энэ хавь унаган байгалиараа дэлхийд алдартай тул зочид буудал маань (The Fairmont Jasper Park Lodge) элдэв амьтдын чихмэл, гар хийцийн модон эдлэлүүдээр гангарсан байх юм. Түүнээс гадна гадаа байрлуулсан халаалттай усан сэлэлтийн газар зочдын хорхойг яалт ч үгүй хүргэнэ. Гадаа хасах хэмтэй байхад алсад сүндэрлэх цаст уулын оройг харсан шиг усанд тааваараа хэвтэх үнэхээр сайхан мэдрэмж авчрах санж. Гадуур автомашины зам, голын дагуу бэлчих буга, хандгай, зээр, эндхийн зэрлэг хонь, уулын ямааны зураг хараарай. Орой, бүрийд дарсан зарим зураг маань тод гарсангүй. 






Ийм газруудаар явахад сайхан санагдавч миний бас атаархал төрөөд байдаг юм. Монголд минь өөд нь татвал ийм газрууд зөндөө байгаа шүү дээ гэж яах аргагүй бодогдоно. 

Бас хажуугаар нь зөв шаардаж суръяа, сайхан амарч суръяа, өөрийгөө хүндэлж суръяа гэж бодогдож явлаа.

2008-03-04

Хорт бодис ба гормоны өөрчлөлт

Бидний өдөр тутмын амьдралд хэрэглэдэг хуванцар сав суулганы бүтцэнд орох бисфенол А гэгч бодис хүний эрүүл мэндэд нилээд хортой болох талаар судалгаанууд шил шилээ даран гарсны дараа зарим томоохон компаниуд хуванцар савнуудаа татан авч байсан нь саяхан. Хөнгөн, хагарах аюлгүй, хямд төсөр зэрэг давуу талтай хуванцар савнууд айл бүрт бий. Бидний өдөр тутам худалдан авч уудаг ус, ундаа, хүүхдийн өдрийн хоол, нялх хүүхдийн угж, гурилаа зуурдаг сав, таглаа бүгд хуванцараас тогтдог. Тэр битгий хэл зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалдаг төмөр лаазны дотор талд зэврэхээс хамгаалж, хуванцарын нимгэн үер хучаас хийдэг байна. 

Өндөр хэмд халаасан хуванцар савнаас бисфенол А ялгаран гарч хүнсээр дамжин хүний биед орох бөгөөд биед орсон бисфенолА уг нь амархан задарч шээсээр гадагшилдаг боловч хүний шээсэнд бисфенолын задралын үед бий болсон бүтээгдэхүүн байнга илэрч байгаа нь бид уг бодисыг байнга хэрэглэдэг болохын дохио юм гэж АНУ-ын Эмгэг Хяналтын Төвд (U.S Centers for Disease Control) хийсэн судалгаагаар гарчээ. Шинжлэх ухааны ололт амжилт, шинэ мэдээллийг амьдралд тусган хэрэгжүүлж, арга хэмжээ авч чаддаг Япон мэтийн орнуудад 1997 оноос эхлэн бисфенолА-г хүүхдийн ундны сав үйлдвэрлэхэд хэрэглэхээ больж, үүнтэй уялдуулан шээсэн дэх түүний илэрц буурсныг 1999 онд тогтоожээ. 

БисфенолА нь эстроген гормонтой төстэй тул эм бэлгийн гормоны үйл ажиллагааг төөрөгдүүлж, хөхний хавдрын эсийн өсөлтийг өдөөх, эр бэлгийн эсийн (харх дээр хийсэн судалгаа) тоог илэрхий бууруулдаг юм байна.

Хэрэв та бүхэн гал тогоондоо хуванцар сав хэрэглэдэг бол уг савыг зөвхөн бэлэн болсон хоол хүнс хадгалахад зориулбал зохимжтой гэнэ. Уг савыг ямар нэгэн байдлаар халаах бүрт (бичил долгионоор шарах шүүгээ (microwave oven), хэт халуун усанд саваа угаах юмуу сав угаагч машин ашиглах) эрүүл мэндэд хортой бодис ялгарч байгаа гэдгийг санаарай. 

Гормоны тэнцвэрт байдлыг өвчин үүсгэх хэмжээнд алдуулдаг гадны бас нэг бодисыг эрдэмтэд илрүүлсэн нь бараг тавиад жил хорт ургамал устгахад маш өргөн ашиглаж ирсэн атразин (atrazine) гэх бодис юм. Атразин хөрсөөр дамжин гүний ба гадаргуун усыг бохирдуулдаг. 

Мэлхий дээр хийсэн (хүний биө, мэлхий 2 гормоны адил системтэй) судалгааны үр дүнгээс иш татвал "атризаны нөлөөгөөр тестостерон гормон эстроген гормонд амархан хувирна. Үүний үр дүнд мэлхийн үржилд ноцтой өөрчлөлт илэрдэг". 

Атразин нь хоёр нутагтан юмуу загасны хувьд хүйсний солигдолтыг үүсгэдэг юм байж, харин хүний хувьд бол үр тогтоох чадвар алдагдах, төмсөг, хөхний хорт хавдар үүсгэдэг болохыг Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд илрүүлсэн бөгөөд саяхан АНУ-н Сенатад судалгааныхаа үр дүнгийн талаар мэдүүлжээ. Тэд атразины хэрэглээний бодлогод өөрчлөлт оруулах байх аа. 

Жич: Атразиныг Монголд бас хэрэглэдэг гэдэгт эргэлзэхгүй байна. Хятад улс бол уг бодис үйлдвэрлэгч гол улсуудын нэг юм байна. Харин Европын Холбоо атразин хэрэглэхийг хориглосон байх юм.