2009-07-31

Тархины дасгал

Оюун ухааны фитнесс дасгалуудыг өдөр бүр 20 минутын турш эрчимтэйгээр хийж байвал бидний задлан дүгнэх (analytical), бүтээлч санаачлагатай (creativity) болон практик чадварууд илүү хөгжих нөхцөл бий болдог.



Адил өнгөтэй дүрсүүдийн хооронд зураас тат. Зурааснууд хоорондоо огтлолцох учиргүй.



Зураасуудыг огтлолцуулахгүйгээр ижил өнгөтэй хос дүрсүүдийг хооронд нь холбох.




Учрыг нь олов уу? Илүү амархан болж байна уу? Адил өнгөтэй дүрсүүдийг хооронд нь холбохдоо холбоос зурааснууд хоорондоо огтлолцох учиргүй.



S-ээс F-д зорчихдоо алхам бүрд адил өнгө, эсвэл адил хэлбэр бүхий дүрсээр дамжаарай.

From: Puzzles & Brain Teasers, Reader's Digest

2009-07-29

Элэгний вирус

Энэ сарын эхээр үсээ засуулахаар нэгэн худалдааны төвд очтол эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн хүмүүс цусаа донорлохыг уриалж байхтай тааралдав. Урьд нь энэ талаар бодож явсан болохоор дуртай гэгч нь цусаа өгөхөөр болов. Эхлээд баахан урт анкет бөглөх болов. Аль оронд амьдарч (Африкийн орноос гадна нөгөө өндөр хөгжилтэй Европын орнууд хүртэл асуудалтайд тооцогддог аж, учир нь тэнд үхрийн галзуу өвчин дэлгэрч, уг өвчний нэг хэлбэр нь хүнд илэрсэнтэй холбоотой), зорчиж аялж байсан, ямар нэг эм хэрэглэж байгаа эсэх, тэгээд нөгөө ДОХ, энэ тэр гээд бараг залхмаар удаан асуулттай анкет бөглөв. Арга ч үгүй биз дээ, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр хэн нэгний өвчин эдгээх зорилгоор өвчтэй цус шахаж болохгүй нь тодорхой тул. 

Олон жижиг шалгуур дамжсаар цусаа өгөх болов. Тэрхэн зуур бас дэлгүүр лүү гүйж ходоодоо борлуулж, шингэнээ сэлбэж амжлаа, амьхандаа биеэ бэлтгэж байгаа нь тэр. Нийтдээ надаас 2 уут цус авав. Эхний уутанд бараг 20мл, дараагийнхад 480мл цус орох юм. Эхлээд тэд эхний ууттай цус элдэв шинжилгээнд хамруулан, миний цус найдвартай гэж тодорхойлогдсон тохиолдолд нөгөө 480мл цусыг цусны төвөөр дамжуулан хэрэгтэй өвчтөн дамжуулах аж. Цусны шинжилгээгээр элэг гэмтээгч ба дархлалын хомсдол үүсгэгч вирус болон элдэв шумуулаар дамжиж өвчин үүсгэдэг вирусууд донор цусан байгаа эсэхийг тодорхойлдог гэнэ (нийтдээ 6 төрлийн шинжилгээ хийдэг гэсэн). 

Цусаа өгсний дараа надад нэгэн карт өгснийг сонирхон харвал дээр нь нэг сар өдөр заасан байх юм, ямар учиртайг нь асуувал - дараа цус өгч болох хамгийн эхний боломжийг дурдсан юм гэж хэлсэн нь тэд донор цусны гачигдалд ороход ойрхон байдгийн илрэл бололтой. 

Би гэдэг хүн их чухал ажил бүтээсэн мэт гэртээ ирж мэдээгээ илтгэв. Хоёр сарын дараа цус өгөхөд бэлэн байхын тулд цус сайн төлжүүлэх хүнс хэрэглэх, витаминаа алдаг оног биш тогтмол хэрэглэх, эрүүл агаарт алхаж байх, хөдөлгөөнтэй эрүүл байж, дараа дахин хүмүүст тус болохыг хичээж урам өндөр хэд хонов. Хүүхдүүдээ том болохоор нь ийм хандивын үйлст бас хамруулах юм шүү гэж бодож амжив. Манай нөхөр ч дэмжин, дараа хоёулаа хамт очихоор болов.

Хэдэн өдрийн өмнө нөгөө цусны төвөөс нэгэн захиа иржээ. Онгойлгох зуураа "Цаашид танаас цус авах боломжгүй боллоо" гэдэг өгүүлбэр уншиж амжив. Шалтгаан нь би урьд элэгний Б вирусаар өвдөж байсан байна гэжээ. Үүнийгээ чухам яаж тодорхойлсныгоо детектив киноны тайлал шиг тайлбарласан байв. "Таны цусанд илэрсэн зүйл бол элэгний Б вирусын вакцинаас эхтэй биш, жинхэнэ өвчнөөс гаралтай гэдгийг ийм, тийм шинжилгээгээр ингэж батлав. Хамгийн гол нь таны биед одоогоор энэ вирус байхгүй байна" хэмээн дөрвөн хуудас тайлбар илгээжээ. 

Гурван зүйл ихэд таалагдав. Нэгд, энэ шинжилгээний хариуг намайг хариуцсан эмчид мэдэгдэхийн тулд надаас эхлэж зөвшөөрөл авна гэсэн байв. Баярлалаа, мэдэгд, мэдэгд. Эмч маань элэгний үйл ажиллагааг тодорхойлогч шинжилгээ хийх хэрэгтэй боллоо гэдгээ надад даруй хэлнэ. Хоёрт, энэ вирус одоохондоо миний цусанд байхгүй ч нэгэнт элэгний вирус тул уг вирусын талаар зөвлөгөө хавсаргажээ. Гуравд, элэгний Б вирусаар өвчлөгсөд ихэнх тохиолдолд өвдсөнөө мэдэхгүй, хөнгөн хэлбэрээр өнгөрдөг тул гэр бүлийнхнийгээ шинжилгээнд хамруулж, зөвлөгөө авахад илүүдэхгүйг дурджээ. Ерөнхийдөө бол, энэ хүн манай донор биш юм чинь гэж намайг орхисонгүй, миний эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө өгсөнд их олзуурхав. 

Бусдаар бол гар тулж, нүүр учрахгүй ч олон хүнд алсаас тусалж байя гэж бодож байсан минь талаар болсонд жаахан гутранги байна даа. 

2009-07-24

Let it be

Зарим түвэгтэй асуудлыг зөнд нь орхих гэдэг бол тухайн асуудлыг бидний санасан бодсоноор биш тэр асуудлын өөрөө аяндаа шийдэгдэх үе хүртэл хүлээх, аяыг нь харах, даган зохицох чадвартай холбоотой.
1968 оны өвөл, Бийтлз хамтлагийнхан салж бутрахад ойрхон байсан үед, Пол МкКартни нилээд гунигтай дүнсгэр хүнд өдрүүдийг өнгөрүүлжээ. Тэгтэл нэгэн шөнө тэрээр ихэд "тайтгаруулсан" зүүд зүүдэлсэн гэдэг. Түүний зүүдэнд түүнийг 14 настай байхад нь өөд болсон ээж Мари иржээ. "Түүний царай их тод тодорхой байсан. Ээж маань надад намуун, аргадсан дуугаар "Let it be" гэж хэлсэн." Пол, хөгжмийн зохиолч байсны хувьд өөрийнхөө зүүдэнд тулгуурлан дуу бичиж эхэлжээ. Ингэж л поп дууны ертөнц дэх хамгийн алдартай дуунуудын үг бий болсон гэдэг.


When I find myself in times of trouble,
Mother Mary comes to me,
Speaking words of wisdom,
Let it be... there will be an answer,
Let it be.

Энэ дуу бол бараг л сүлд дуулал болсон гэж МкКартни дурдсан байна. 9 сарын 11ний Ихэр Цамхаг -террорист халдлагын дараа олон радионы сувгууд энэ дууг давтан давтан явуулж байсан тул Нью-Йоркт болсон хандивын тоглолтонд уг дуугаа МкКартни дуулахаар шийджээ. "Энэ дуу бол ганц надад ч биш асар олон хүмүүст тохиолдсон хүнд хэцүү үеийг даван туулахыг дэмжсэн аргадал тайтгарлын илэрхийлэл болсон юм" гэж алдарт дуучин маань өгүүлсэн байх юм.

2009-07-20

Наранд нүдний шил зүүлгэе!

Зуны дулаан улирал болж охин минь шавиагаа ханатал (энэ сонин хэллэг хаанаас гаралтай бол?) тоглож, гадаа өнжиж байна. Наранд хамаагүй тоглуулахгүй байхын тулд нарны хорт туяа, арьсны хорт хавдар, нарны хамгаалалтын тос хэрэглэхийн ач тус зэргийг тархинд нь хоногштол тайлбарлаж өгсний хүчинд охин маань "Би гадаа тоглож болох уу" гэж асуухын өмнө "Би тосоо сайн түрхээд... " гэж ярьж эхлэх болов.

Өнөөдөр дэлгүүр орж хүнсээ цуглуулахад туслуулахын тулд охиноо дагуулан явлаа. Нөгөө хурц нар зөвхөн миний охины урд, хажуугаас төөнөөд байх шиг суудал дээрээ нилээн хавчигнаж явсан охин маань машинаас буухдаа "Нар нүдний шил зүүдэг болоосой" гэв.

Наранд нүдний шил зүүлгэе!
Тэгвэл хэт хурц нарнаас болж гол мөрөн ширгэхгүй, ган халуун болохгүй, ургац, талх тариа алдахгүйгээр үл барам олон мянган хүн арьсны өвчнөөр өвдөхгүй, нарны тос үйлдвэрлэхгүй, савалгаанд хэрэглэх гэж элдэв хуванцар үйлдвэрлэж байгаль бохирдуулахгүй - байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засгийн нилээд таатай үзүүлэлтүүд ажиглагдаж магад.

2009-07-07

Сайхан наадаарай

Наадмын талбайгаар зүгээр л нэг орохсон...
Хуушуур олж хүртэхсэн....



Морьны газраар ороод гарахсан...