Showing posts with label Канада улс. Show all posts
Showing posts with label Канада улс. Show all posts

2011-05-16

Волунтийр - Казино

Би волунтийр ажил хийх болсоор хэдэн сар өнгөрч байна. Дөнгөж гучин хэдэн настайдаа зүрх нь зогсох шахаж, үхэхийн даваан дээр амь мултарсан найзыгаа бодон Зүрхний Санд волунтийр хийх өргөдлөө өгсөн боловч тэд хариу өгөхөөс өмнө өөр газар намайг дуудах болов. Энэ нь орлого багатай айлуудад янз бүрийн хэлбэрээр тусалдаг, ашгийн бус байгууллага юм. Энэ байгууллагын үйл ажиллагаанаас танилцуулбал: үнэгүй цэцэрлэг, тогоочийн дамжаа ажиллуулах, ажил олоход туслах, гэр бүл, эцэг эх, үр хүүхдийн хоорондох зөрчилдөөнийг зөвлөлгөө өгөх журмаар зохицуулах, вакцинжүүлэлт, үнэгүй байранд амьдрах эсвэл улсаас тэтгэлэг авахад хэрэгтэй бичиг баримтыг бүрдүүлэхэд туслах, татвар бодох, үйл ажиллаагаагаа явуулах хөрөнгийн сан бүрдүүлэх зэрэг болно.

Миний хийдэг ажил бол орлого багатай иргэдийн татвар, нөхөн олголтыг үнэгүй бодож өгөх ажил юм. Канад, татварын систем маш хүчтэй хөгжсөн улс бөгөөд улсын нийт орлогын жар гаруй хувийг зөвхөн хүн амын орлогын татвараас олдог. Эндхийн оршин суугч бүр орлогын татвар төлөхөөс гадна бараа, үйлчилгээний татвар мөн төлдөг.

Энэ байгууллагад хандаж буй хүмүүс бага орлоготой тул ихэнх нь орлогын татвар төлдөггүй, эсвэл тэд ажиллах хугацаандаа албан байгууллагаараа дамжуулан улсад татвар төлсөн бол жилийн эцэст түүнийхээ тодорхой хувийг буцаан авдаг. Мөн элдэв бараа, үйлчилгээнд төлсөн татварыг нь жилийн эцэст төр буцаан олгодог болно. Миний хийх ажил бол иргэдийн материалыг хүлээн авч, шалган, татварын зохих програм ашиглан Үндэсний Орлогын Төвд “илгээх” болно. Татварыг нь бодсоны дараа, үйлчлүүлэгч бүр хэдэн доллар улсаас авахаа тэсэн ядан асууна. Зарим нь ихэд баярлаж, бараг л би тэр мөнгийг өөрийн карманаас гаргаж өгч байгаа юм шиг сүйд болдогсон. Ажил, сургуулийн заваараа долоо хоногт 3-8 цаг би тэр байгууллагад үнэгүй ажилладаг. Нэгэн өдөр Сомалийн уугуул гэр бүлийн хоёр ирж үйлчлүүлсэн юм. Төрсөн он сарыг нь харвал хоёулаа нэг сарын нэгэнд төрсөн байх юм. “Ямар ховор тохиолдол вэ” хэмээн би уулга алдвал “Бид төрсөн он сараа мэдэхгүй тул ийм өдөр сонгосон юм” гэж билээ. Дайны хөлөөс дайжиж, урваж дүрвэж, цагаачилж ирсэн гадныхан бас улсын хэдэн төгрөг “тогшчихоод” амарлингуй суудаг, цагаан гартай “цагаанууд” хүртэл үйлчлүүлнэ. Миний хийдэг ажил уг нь их амархан, тэр тусмаа орлого багатай хүмүүсийн хувьд олон янзын бүрдүүлээд байх бичиг баримт цөөхөн тул хэдэн дугаар компьютерт хийхэд л бараг болчихдог юм.

Өнгөрсөн амралтын өдөр, нөгөө байгууллага маань казинод болох мөнгөн сан бүрдүүлэх үйл ажиллагаанд туслаач гэж хүсэв. Би ч дуртай гэгч нь зөвшөөрлөө. “Банк барих уу?” гэж асуухад нь би “За” л гэлээ. Ямар байдлаар мөнгөн хуримтлал бий болгох гэж буйг нь мэдэхгүй байсан тул бодвол хүмүүсийн хандивласан мөнгийг нь би тоолох, хянах юм шиг бодолтойгоор заасан казинод явж очлоо. Ер нь анх удаад казинод хөлөө тавьж байгаа минь тэр. Нүд эрээлжлэм олон янзын тоглоом, ширээ, үйчлүүлэгч, үйлчлэгчдийн дундуур харгалзагчийн хамт явж, давхар хаалга бүхий өрөөнд явж орлоо. Тэр хэсгийн дарга бололтой нэгэн хүүхэн надад миний нэр бас баар код бүхий дугаар өглөө. Тэгснээ “Танай кассчин чинь ирэхээс өмнө урьд шөнийн мөнгөө тоолъёо” хэмээн боодолтой мөнгө сейфнээс гаргаж ирэв. Би ер нь ямар ажил хийх гэж ирснээ мэдэхгүй байсан тул тийм их мөнгө хараад гайхаж орхив. Миний үүрэг бол өөрийн кодоо компьютерт уншуулж, машинаар тоолсон мөнгөний нийт дүнг компьютерт оруулах бололтой. Дараа нь байгаа бүх жетоны тоолж, компьютерт оруулав. Удалгүй хоёр кассчин ирэв. Тэр хоёр ч бас өөр өөрийн баар кодтой болов. Би яахав дээ банк барьж байгаа хүн тул кассчин тус бүрд гуч гаруй мянган доллар тоолоод, кодоороо уншуулаад л өгчихөв.

Тун удалгүй компьютер “Дүн дүн дүн” хэмээн орилов. “Захиалга ирж байна, энэ бол чиний хоёр дахь ажил” гэж нөгөө дарга хүүхэн хэлэв. Зааланд байгаа ширээнүүдээс жетоны захиалга ирж байгаа нь тэр гэнэ. Жетон чинь бас л доллар тул захиалгын дагуу намайг дуудаж хэлэхэд, хоёр дахь хүүхэн миний хэлсний дагуу жетон бэлдэн, жетон зөөгчид /бас л волунтийр ажилчид/ дамжуулав. Жетон зөөгчид, захиалсан ширээнд очиж, бүгдийг нь хүлээлгэн өгөх цаг, мөч компьютерт гарч байв.

Үдийн дунд казино тоглогчдын тоо ихэсч, зарим нэг нь хожлын мөнгөө авч эхэллээ. Хоёр кассчин маань жетоны дагуу мөнгийг нь өгөх юм, хэрэв мянгаас дээш доллар төлөх бол би “Монитор” өрөө үрүү утасдаж, кассчны дугаарыг мөнгөн дүнгийн хамт хэлнэ. Монитор өрөөнийхөн камераа кассчин дээр шилжүүлдэг бололтой.

За, миний ажил нэг иймэрхүү бололтой – кассчины мөнгө багасах үед дахин нэмж өгөх, жетоны захиалга ирвэл, захиалгыг гүйцэтгэж, ширээндээ очиж буйг хянах, монитор өрөө үрүү үе үе утасдах гэх мэт.

Би яагаад ч юм, өөр ажил, өөрөөр хэлбэл, орлогo багатай өрхүүдэд тусалдаг байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, казинод тоглохоор ирэгсдээс мөнгө “гуйх” ажил хийх юм байна гэж бодож байсан тул үнэнгээсээ банк бариад байгаа ч юм шиг ажил хийж байгаадаа их гайхширсан. Бас мань мэтийн волунтийр ажилчид казинод орж гарч буй мөнгийг хараад зогсож байгаа нь сонин байлаа. Казиногийн мөнгө их эргэлддэг хэсгийг байнгын тогтмол бус явуулын волунтийр ажилчдаар хийлгэдэг нь бодлогын чанартай юм байна гэдгийг ойлгов. Волунтийр ажилчдаа казино өөрөө шалгаруулж авахгүйн үүднээс казиногоос хандив гуйгч байгууллагуудыг сүйхээтэй ашигладаг юм байна. Бид тэнд ажиллана, бидэнд өгөх цалинг казино, манай тусламжийн байгууллагад “төлнө”. Бид волунтийр ажилчид тул цалин маань манай байгууллагын хувьд ч, казиногийн хувьд ч хандив болж хувирна. Ямар ч байсан манай тусламжийн байгууллагад 70 мянга орчим доллар бидний хоёр өдрийн ажлаас ирэх болсон. Урамтай байна аа.

2011-01-13

Өвлийг хүндэтгэхүй

Энэ долоо хоног дандаа л хасах 20с доош хэмийн хүйтэнтэй байх бололтой. Их хүйтрэхийн өмнөх 36 цагт 40см цас орж, сүрдэж халширмаар боловч үзэсгэлэнтэй сайхан өвөл үргэлжилсээр байна. Бидний байгаа хот яг Монголынх шиг цаг агаартай тул мань мэтэд дасан суурьшихад амар санагддаг юм.


Бидний өвлийн бэлтгэл - хөвсгөр цасны шүүр, хүүхдүүдийн хөнгөн хүрз, мөс бултлагч гэх мэт.

Хүүхдүүдийн хэлдэгээр "Ээж эскимо хувцасаа өмсөж" зогсоолынхоо цасыг цэвэрлэв. Цасан бухал цээжээр татаж, хүрздэх тутам улам өндөр өргөж, шидэх шаардлага гарч байлаа. Бид ээлжлэн, хоёр хоёроороо гарч цасаа цэвэрлэсээр. Зарим өдөр 3 удаа цэвэрлэж байна.



Өвлийн улиралд гадаа тавьсан машины моторын тосыг халаахын (block heater) тулд шөнөд бид машинаа залгаж хонодог. Өдөрт бол залгуураа аваад явна, боломж олдвол зогсоол бүрт машинаа залгаж орхино.

Цахилгаан хэмнэх зорилгоор үүнийг бас ашиглаж болно. Тэгээд өглөө үүрээр хэдэн цагт тосоо халааж эхлэхийг тохируулаад тавьна. Өглөө ажилдаа гарахдаа шууд машинаа асаагаад аажуу явна, халаах энэ тэр хэрэг байдаггүй.


Та бүхэн өнөтэй сайхан өвөлжиж байгаа гэдэгт итгэнэм.

2010-06-23

Volunteerism

"Та хаана цалингүй ажиллаж байсан бэ?" гэж эндхийн хүмүүс асуух нь олон. "Юу яриад байгаа юм бэ?" гэж бодох үе зөндөө гарч байсан. Тэгвэл аль нэг газар үнэ хөлсгүйгээр ажиллахыг Volunteerism гэдэг бөгөөд энэ ойлголт ялангуяа Канадад их өргөн хөгжжээ. Цалин мөнгөгүй ажиллагсдын ач тусаар 2010 оны Ванкувэрын олимп сайхан боллоо гэж өвлиийн олимпын хаалтын үйл ажиллагаанд зориуд тэмдэглэн хэлж байхыг сонссон. Энэ олимпын үйл ажиллагаанд нийт 25 000 хүмүүс ямар нэг цалин, шан харамж авахгүйгээр ажилласан баримт бий. Дараагийн олимп зохион байгуулах Оросууд, манайд тийм зүйл хөгжөөгүй гэж ам алдарч байсансан.

Ер нь цалингүй ажиллах гэдэг бол тухайн хүнийг үнэлэх нэг үзүүлэлт, шинээр сургуульд элсэгч, ажилд орогсдыг шигших шалгуур болно. Жишээ нь, анагаахын сургуульд өрсөлдөгч оюутнууд бүгд адил оноотой байлаа гэж бодоход, тэдний дундаас өндөр настны газар эсвэл алив нэг судалгааны лабораторид волунтир хийж байсан тодорхойлолттой хүн цоройгоод гараад ирэх нь тодорхой. Түүнчлэн, 12р ангиа төгсөөд шууд их дээд сургуульд орох гэж байгаа оюутнууднаас сурах гэж байгаа салбар, мэргэжлийнхээ талаар судалгаа хийсэн, уг мэргэжилтэй хүнээс ярилцлага авсан, цалингүй ажиллаж үзсэн эсэх талаар анкет авна. Энэ нь нэг бодлын "Та юу сурах гээд байгаагаа сайн мэдэж байна уу?" гэж нарийн сайн асууж байгаатай агаар адил.
Үүнээс гадна волунтийр хийснээр бусадтай танилцах, найз нөхөдтэй болох, мэдлэгийн хүрээгээ тэлэх зэрэг ач холбогдолтой. Волунтийр хийх нь өөрийгөө таниулах, ажиллах чадвартайгаа харуулах нөхцөлийг бий болгоно. Зарим газар волунтийр хийж байсан хүмүүс тэндээ "жинхлэх" явдал цөөнгүй. Зарим нь ажлын туршлага болгон түүнийгээ алив ажлын ярилцлаганд далим гарган бахдалтайгаар дурдана.

Ингэхэд бий хаана, хэзээ волунтийр хийж байсныгаа бодлоо. Ах дүү нарын хүүхэд харж байсан, өвөө эмээгийн гэр цэвэрлэж, ус түлээг зөөж, хоолыг хийдэг байсан гээд л дуусах гээд байна.

Тэгвэл энд байгаа зарим волунтийр зараас дуулгая:
- хүүхдийн зуны сургуулийн багш
- зоопаркийн харгалзагч
- музейн тайлбарлагч
- элдэв худалдааны төвийн талаарх мэдээлэл өгөгч
- номын сангийн тайлбарлагч
- гал унтраагч
- цагаачлагч нарын орчуулагч, хот танилцуулагч
- бассейны харгалзагч гэх мэт.

Волунтийр ажлыг хэн дуртай нь хийдэггүй, тухайн ажлын талаар мэдлэг, чадвар, сонирхолтой хүнийг шалгаруулан авна. Мөн түүнчлэн ярилцлаганд орох, зарим тохиолдолд цагдаа газрын тодорхойлолт хэрэгтэй.
Миний волунтир ажил бол нэг тийм гэр бүлийн хүрээнд байдаг байсан бол эндхийнхэн цалингүйгээр гадны байгууллага, хөндлөнгийн хүмүүст туслаж, нийгэмдээ чиглэсэн байх юм.

2010-06-17

Тус уу? Ус уу?

Канадын ялангуяа хойд хэсэгт, Монголын дархад ястны адил урцанд амьдарч, цаа бугыг хоол, хүнс, тээвэр, амьжиргааны арга болгон хэрэглэдэг нутгийн Индианчууд голдуу амьдарна.

Анх Европчууд энэ тивд хөл тавьснаас хойш, Хойд Америкийн Индианчуудын хувь заяа амар тайван байгаагүй гэж хэлэхэд болно. Үржил шимгүй газар, амьдрах нөхцөл муутай газар руу шахагдсан индианчуудын хариу тэмцэл үр дүнд хүрээгүйгээр үл барам зарим нэг бүлэг индианчууд устан алга болсон. Нилээд хэсэг нь соёлтой хүмүүсээс халдварлсан өвчний улмаас нас нөгчив. Сүүлдээ Канадын төлөөх Англи, Францын дайн, дараа нь Англи, Америкийн дайны хөлд нилээн чирэгдсэн индианчууд улам бүр хойш түрэгдсээр байв.

Дайны хөл татрахад Канадчууд (Англичууд) нутгийн уугуул иргэдтэй олон талын гэрээ хийж, тохиролцоонд хүрсэн боловч тэдгээр гэрээний хожмын үр дагавар хирхэн өрнөхийг хоёр тал чухам сайн тунгаан бодолцсон гэдэг нь эргэлзээтэй. Ямар ч байсан нутгийн унаган иргэдийг аль болох амар, тайван байлгах зорилгоор хотоос гадна тэдний амьдрах газрыг "дархан эрхэт" (reserve) хэмээн өргөмжилж, уг газарт орших байр, сууц, эдлэн талбайг ямар нэгэн байдлаар үнэлэх, татвар татах, барьцаанд авахыг одоо мөрдөгдөж буй Индианчуудын Акт бичигт хоригложээ. Хэрэв тэд, төв суурин газар суурьшихыг хүсвэл сургуульд үнэгүй хамруулах, татвараас чөлөөлөх, эрүүл мэндийн даатгал төлөхгүй байх зэрэг давуу эрх эдлэнэ. Гаднаас харахад их сайхан боломжоор хангасан. Индианчууд ч гэсэн ийш, тийш хөөгдөхгүй, зоргоороо тайван амьдрах бололцоотой боллоо гэж бодсон байх.

Тэд одоо хирхэн амьдарч байна вэ?

Миний нүдээр харахад бусдын жишгээр амьдарч яваа хүмүүс цөөнгүй байдаг. Харин тэдний нийтлэг дүр төрх бол өөр. Индианчуудын тосгонд ажилгүйдэл, архидал, хар тамхины хэрэг, сургууль хаялт... бүхий л муу үзүүлэлтүүд өндөр. Ажилгүй тул ихэнх нь улсаас цөөн төгрөгийн тэтгэлэг авна. Нэг байранд арав, хориороо амьдарна. Тааруу нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд ч сургуульд явах идэвхи сул байх. Өөрсдийн хүчээр, байгалийн хишгээр бариад авсан байраа ч үнэлүүлэхгүй боломжгүй, улсаас бариад өгсөн байрыг үнэлүүлэн банкнаас зээл авах эрх байхгүй. Банк ч тэдний "эд хөрөнгийг" барьцаанд авах эрхгүй. Эцсийн үр дүнд эдийн засгийн хувьд бие даасан байдалд хүрэх боломж тэдэнд тун бага.

Анхнаасаа эдлэн газрыг нь эрхэт дархат хэмээн зарлахгүйгээр Европын цагаан арьстнуудтай зэрэгцэн амьдрах нөхцөлөөр хангасан бол ийм байдалд хүрэхгүй байсан болов уу?

2010-02-18

Ам алдвал барьж болохгүй

Гаитид газар хөдөлсний дараа Канадын засгийн газар 5сая доллар хандивлахдаа "Хувь хүн, компаниудын хандивласан мөнгөтэй тэнцэх хэмжээний засгийн газраас гаргах болно" хэмээн зарлаж таван долоо хоногийн хугацаа өгсөн юм.

Тэгвэл зарласан хугацаанд 113сая доллар төрийн бус байгууллагууд, ард иргэдээс цугласан байх юм. Радио, телевиз, гар утас, томоохон худалдааны төв, сургуулиудад хандивын цэгүүд байрлуулан жинхэнэ компанит ажил өрнөсөн гэхэд хэлж болно. Энд тэндгүй үнэгүй тоглолт маш их болов.

Утасны тусгай дугаар ажиллуулан, тэр дугаарт мээссэж илгээвэл шууд таван доллар таны нэр дээр хандивлагдах болно гэж зарласан нь их үр дүнгээ өгөх шиг болов. Энэ нь сургуулийн насны утастай хүүхдүүдийг хүртэл тустай үйлд хамруулах амар нөхцөл бүрдүүлсэн.

Канад улс дор хаяж 230 сая доллар Гаитид хандивлах нь ээ. Ийм их хэмжээний мөнгө цуглана гэж Засгийн газар тооцоолсон болов уу?

2009-12-01

Канадын мэргэжлийн цагаачид

Канада улс жил бүр маш олон тооны ажиллах хүчин гаднаас авдаг орон. Энэ нь эндхийн хүн амын өсөлт удаанаар барахгүй хожим эдийн засгийн өсөлтөө даагаад явах ажиллах хүчний хомсдолд орсонтой холбоотой.

Ингэхдээ голдуу дээд мэргэжилтэй, чадалтай мэргэжилтнүүдийг гаднаас сонгон шилж авах боловч тэдгээр нь энд ирээд мэргэжлээрээ ажиллах нь тийм амар бус. Хэргийн учир нь хэлний мэдлэг тааруу, эсвэл хэл сайтай ч Канадын ажлын туршлага үгүй гэдэг шалтгаанаар бүх л газар ажлын анкетыг чинь тоосонд даруулан, өөдөөс чинь хаалгаа барьж орхино. Өндөр хөгжилтэй оронд ажиллаж амьдрахаар үр хүүхэд, хань ижлээ дагуулаад ирсэн цагаачид ямар нэгэн ажил олж, амьдралаа залгуулахаас өөр аргагүйд хүрнэ. Шинэ ирсэн эмч, хуульч, инженер, багш нар энд ирээд сав угаана, жолооч болно, айлын гэр цэвэрлэнэ, тавилга зөөж, ачигч болох жишээтэй. Ажлынхаа зэрэгцээ өөрийнхөө оронд сурсан зүйлээ дахин сурна, дээшлүүлнэ гэх мэтийн элдэв олон төрлийн шалгалт, хүнд сурталыг давж байж мэргэжлийнхээ ажилд очно. Гэхдээ энэ даваа нилээн удаа цаг хугацаа, мөнгө төг, шаргуй хөдөлмөр шаардаж мэднэ. Зарим нь ч бууж өгөөд нөгөө муу нэртэй ажилтайгаа үлдэх боловч тэдний үр хүүхэд нь, эцэг эхийнхээ хүслийг биелүүлээд зогсохгүй нилээд гайгүй ажил хөдөлмөр, амьдралтай болох, эндхийн орчинд гайхалтай сайн идээшин зохицох тохиолдол бий. Энэ үед чухам тэдний эцэг эх өөрсдөөрөө бахархах үе ирдэг байх аа.

Ямар ч байсан, Канадын цагаачлалын систем бол цагаачдыг ажиллах байраар хангах бодлоготойгоо зохицдоггүй, шинэ цагаачдын боловсролын түвшин, өөр оронд ажиллаж байсан туршлагыг тэр бүр үнэлдэггүй зэргээр байнгын шүүмжлэлд өртдөг газар юм. Тэд сайндаа л эндхийн хэл, соёл сургах төдий арга хэмжээ авдаг хэмээн аргаа барсан хүмүүс гомдоллох нь их.

Канадчууд ч бас зүгээр байсангүй, цагаачлалын бодлогодоо хэд хэдэн шинэлэг зүйлс нэвтрүүлсээр байна. Өнгөрсөн жилийн нэг өөрчлөлт бол, энд их дээд сургууль төгссөн гадаадын оюутан хэрэв энд ажилд орохыг хүсвэл мэргэжлийн болоод мэргэжлийн бус ажилд гурав хүртэл жил ажиллаж болох боломжийг олгосон явдал. Урьд нь зарим нэг газрын байршлыг үл харгалзвал зөвхөн нэг жил ажиллах эрхтэй байсан. Энэ жил нэмэн оруулсан нэг өөрчлөлт бол шинээр ирэгсдийг мэргэжлийнх нь ажилд оруулах тал дээр түлхий анхаарах явдал юм. Энэ талаар Канадын эдийн засгийн үйл ажиллагааны планд тусгасан байна. Шинээр цагаачлагчдын боловсрол, мэргэжлийг шалгах, хүлээн зөвшөөрөх бодлогыг дээшлүүлэх, тэднийг мэргэжлийн ажлаар хангах ажилд 50 сая доллар төлөвлөсөн байх юм. Эхний ээлжинд буюу 2010 оноос эхлэн дараах мэргэжил бүхий цагаачдын мэргэжлийн чадварыг үнэлэх явцыг боловсронгуй болгох аж. Үүнд:
• архитектур
• инженер
• нягтлан бодогч, аудит, санхүү
• эмнэлгийн лабораторийн ажилтан
• Occupational Therapists (юу гэж орчуулдаг вэ?)
• эм зүйч
• биеийн тамирын эмч, дасгалын ажилтан нар
• ахлах сувилагч

Сонирхолтой нь, энд эмч, сувилагч нар асар дутагдалтай байдаг газар. Өмнөд Африкаас эмчээ, Филиппинээс асрагч, сувилагч нараа татаад авдаг бодлоготой. Канадын засгийн газар чухам энэ хоёр орны эмч, сувилагч нарыг бэлтгэх түвшинг олон үггүй хүлээн зөвшөөрдөг тул тусгай баг бүрдүүлэн, бүр нутагт нь очиж эдгээр мэргэжилтэй хүмүүсийг "импортлох" үйл ажиллагаа явуулдаг.