2011-07-09

Наадам, хуушуур, хурдны морьд, хээлтүүлэг...

Наадам тун ойртлоо.

Гадаад байгаа мань мэт өөрсдийн гэх наадмын талбайдаа цуглан, хуушуураа хийж идэн, хүүхдүүдээ уралдуулахаар(морьны оронд), дарцаг онох (нум сумны оронд) гэх мэтийн арга хэмжээ авахаар ярилцаж байна.

Морь гэснээс гүүний хээл хаях талаар нэгэн сонирхолтой сэдэв дээрхэн уншиж маш их гайхаж билээ. Ер нь ямар ч амьтдын хувьд хээл хаях түгээмэл тохиолддог зүйлсийн нэг. Харин гүүний хувьд хээл хаялт бараг 40%-д хүрдэг гэнэ. Тэр битгий хэл, хэрэв нэг сүргийн гүү нөгөө сүргийн азарганаас үр төл олсны дараа өөрийн сүрэгтэйгээ буцан нийлсэн тохиолдолд тухайн "гадны" үр төлийг зулбах тохиолдол бүр илүү өндөр байдаг гэнэ. Гүүний хувьд адуу л бол адуу: зассан, засаагүй адуу, азарга зэргийг гүү хооронд нь ялгадаггүй, тиймээс өөрийн сүрэгтэй нийлсэн хойноо ямар нэг эр адуунд ойрхон байх юм бол өөрийн гормоны үйл ажиллагааны үр дүнд үр төлөө зулбах чадвартай гэж энэ судалгаанд дурдсан байх юм.

Хэрэв хурдан удмын үр төлтэй болъёо гэвэл хурдан удмын азарга, хээлтүүлсэн гүүний хамт тээлтийн 11 сарын турш байсан хамт байсан тохиолдолд хээл хаяхгүйгээр, хүссэн унагатай болох магадлал өндөр болох нь. Бусдаар бол азарганаас холдуулсан тохиолдолд хээл хаялт явагдах магадлал их.

Моринд хайртай, манай ухаант ард түмэн энэ асуудлыг яаж зохицуулдаг байсан юм бол гэж бодоод л байна. Мэдэх хүн байна уу?

Та бүхэн сайхан наадаарай.

2011-05-16

Волунтийр - Казино

Би волунтийр ажил хийх болсоор хэдэн сар өнгөрч байна. Дөнгөж гучин хэдэн настайдаа зүрх нь зогсох шахаж, үхэхийн даваан дээр амь мултарсан найзыгаа бодон Зүрхний Санд волунтийр хийх өргөдлөө өгсөн боловч тэд хариу өгөхөөс өмнө өөр газар намайг дуудах болов. Энэ нь орлого багатай айлуудад янз бүрийн хэлбэрээр тусалдаг, ашгийн бус байгууллага юм. Энэ байгууллагын үйл ажиллагаанаас танилцуулбал: үнэгүй цэцэрлэг, тогоочийн дамжаа ажиллуулах, ажил олоход туслах, гэр бүл, эцэг эх, үр хүүхдийн хоорондох зөрчилдөөнийг зөвлөлгөө өгөх журмаар зохицуулах, вакцинжүүлэлт, үнэгүй байранд амьдрах эсвэл улсаас тэтгэлэг авахад хэрэгтэй бичиг баримтыг бүрдүүлэхэд туслах, татвар бодох, үйл ажиллаагаагаа явуулах хөрөнгийн сан бүрдүүлэх зэрэг болно.

Миний хийдэг ажил бол орлого багатай иргэдийн татвар, нөхөн олголтыг үнэгүй бодож өгөх ажил юм. Канад, татварын систем маш хүчтэй хөгжсөн улс бөгөөд улсын нийт орлогын жар гаруй хувийг зөвхөн хүн амын орлогын татвараас олдог. Эндхийн оршин суугч бүр орлогын татвар төлөхөөс гадна бараа, үйлчилгээний татвар мөн төлдөг.

Энэ байгууллагад хандаж буй хүмүүс бага орлоготой тул ихэнх нь орлогын татвар төлдөггүй, эсвэл тэд ажиллах хугацаандаа албан байгууллагаараа дамжуулан улсад татвар төлсөн бол жилийн эцэст түүнийхээ тодорхой хувийг буцаан авдаг. Мөн элдэв бараа, үйлчилгээнд төлсөн татварыг нь жилийн эцэст төр буцаан олгодог болно. Миний хийх ажил бол иргэдийн материалыг хүлээн авч, шалган, татварын зохих програм ашиглан Үндэсний Орлогын Төвд “илгээх” болно. Татварыг нь бодсоны дараа, үйлчлүүлэгч бүр хэдэн доллар улсаас авахаа тэсэн ядан асууна. Зарим нь ихэд баярлаж, бараг л би тэр мөнгийг өөрийн карманаас гаргаж өгч байгаа юм шиг сүйд болдогсон. Ажил, сургуулийн заваараа долоо хоногт 3-8 цаг би тэр байгууллагад үнэгүй ажилладаг. Нэгэн өдөр Сомалийн уугуул гэр бүлийн хоёр ирж үйлчлүүлсэн юм. Төрсөн он сарыг нь харвал хоёулаа нэг сарын нэгэнд төрсөн байх юм. “Ямар ховор тохиолдол вэ” хэмээн би уулга алдвал “Бид төрсөн он сараа мэдэхгүй тул ийм өдөр сонгосон юм” гэж билээ. Дайны хөлөөс дайжиж, урваж дүрвэж, цагаачилж ирсэн гадныхан бас улсын хэдэн төгрөг “тогшчихоод” амарлингуй суудаг, цагаан гартай “цагаанууд” хүртэл үйлчлүүлнэ. Миний хийдэг ажил уг нь их амархан, тэр тусмаа орлого багатай хүмүүсийн хувьд олон янзын бүрдүүлээд байх бичиг баримт цөөхөн тул хэдэн дугаар компьютерт хийхэд л бараг болчихдог юм.

Өнгөрсөн амралтын өдөр, нөгөө байгууллага маань казинод болох мөнгөн сан бүрдүүлэх үйл ажиллагаанд туслаач гэж хүсэв. Би ч дуртай гэгч нь зөвшөөрлөө. “Банк барих уу?” гэж асуухад нь би “За” л гэлээ. Ямар байдлаар мөнгөн хуримтлал бий болгох гэж буйг нь мэдэхгүй байсан тул бодвол хүмүүсийн хандивласан мөнгийг нь би тоолох, хянах юм шиг бодолтойгоор заасан казинод явж очлоо. Ер нь анх удаад казинод хөлөө тавьж байгаа минь тэр. Нүд эрээлжлэм олон янзын тоглоом, ширээ, үйчлүүлэгч, үйлчлэгчдийн дундуур харгалзагчийн хамт явж, давхар хаалга бүхий өрөөнд явж орлоо. Тэр хэсгийн дарга бололтой нэгэн хүүхэн надад миний нэр бас баар код бүхий дугаар өглөө. Тэгснээ “Танай кассчин чинь ирэхээс өмнө урьд шөнийн мөнгөө тоолъёо” хэмээн боодолтой мөнгө сейфнээс гаргаж ирэв. Би ер нь ямар ажил хийх гэж ирснээ мэдэхгүй байсан тул тийм их мөнгө хараад гайхаж орхив. Миний үүрэг бол өөрийн кодоо компьютерт уншуулж, машинаар тоолсон мөнгөний нийт дүнг компьютерт оруулах бололтой. Дараа нь байгаа бүх жетоны тоолж, компьютерт оруулав. Удалгүй хоёр кассчин ирэв. Тэр хоёр ч бас өөр өөрийн баар кодтой болов. Би яахав дээ банк барьж байгаа хүн тул кассчин тус бүрд гуч гаруй мянган доллар тоолоод, кодоороо уншуулаад л өгчихөв.

Тун удалгүй компьютер “Дүн дүн дүн” хэмээн орилов. “Захиалга ирж байна, энэ бол чиний хоёр дахь ажил” гэж нөгөө дарга хүүхэн хэлэв. Зааланд байгаа ширээнүүдээс жетоны захиалга ирж байгаа нь тэр гэнэ. Жетон чинь бас л доллар тул захиалгын дагуу намайг дуудаж хэлэхэд, хоёр дахь хүүхэн миний хэлсний дагуу жетон бэлдэн, жетон зөөгчид /бас л волунтийр ажилчид/ дамжуулав. Жетон зөөгчид, захиалсан ширээнд очиж, бүгдийг нь хүлээлгэн өгөх цаг, мөч компьютерт гарч байв.

Үдийн дунд казино тоглогчдын тоо ихэсч, зарим нэг нь хожлын мөнгөө авч эхэллээ. Хоёр кассчин маань жетоны дагуу мөнгийг нь өгөх юм, хэрэв мянгаас дээш доллар төлөх бол би “Монитор” өрөө үрүү утасдаж, кассчны дугаарыг мөнгөн дүнгийн хамт хэлнэ. Монитор өрөөнийхөн камераа кассчин дээр шилжүүлдэг бололтой.

За, миний ажил нэг иймэрхүү бололтой – кассчины мөнгө багасах үед дахин нэмж өгөх, жетоны захиалга ирвэл, захиалгыг гүйцэтгэж, ширээндээ очиж буйг хянах, монитор өрөө үрүү үе үе утасдах гэх мэт.

Би яагаад ч юм, өөр ажил, өөрөөр хэлбэл, орлогo багатай өрхүүдэд тусалдаг байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, казинод тоглохоор ирэгсдээс мөнгө “гуйх” ажил хийх юм байна гэж бодож байсан тул үнэнгээсээ банк бариад байгаа ч юм шиг ажил хийж байгаадаа их гайхширсан. Бас мань мэтийн волунтийр ажилчид казинод орж гарч буй мөнгийг хараад зогсож байгаа нь сонин байлаа. Казиногийн мөнгө их эргэлддэг хэсгийг байнгын тогтмол бус явуулын волунтийр ажилчдаар хийлгэдэг нь бодлогын чанартай юм байна гэдгийг ойлгов. Волунтийр ажилчдаа казино өөрөө шалгаруулж авахгүйн үүднээс казиногоос хандив гуйгч байгууллагуудыг сүйхээтэй ашигладаг юм байна. Бид тэнд ажиллана, бидэнд өгөх цалинг казино, манай тусламжийн байгууллагад “төлнө”. Бид волунтийр ажилчид тул цалин маань манай байгууллагын хувьд ч, казиногийн хувьд ч хандив болж хувирна. Ямар ч байсан манай тусламжийн байгууллагад 70 мянга орчим доллар бидний хоёр өдрийн ажлаас ирэх болсон. Урамтай байна аа.

2011-05-02

Хог боловсруулах цэг - Waste Land

Урьд нь барималч байсан Вик Муниз, өөрөө авсан фото зургаа өвөрмөц материал ашиглан "амилуулсны" дараа дахин зураг авч, түүнийгээ орчин үеийн сонгодог уран бүтээл болтол алдаршуулж чадсан хүн.

Түүний уран бүтээлдээ ашигладаг өвөрмөц материалын нэг нь хог, хаягдал болно. Бразилийн нийслэл Рио Де Жаниерод орших дэлхийн хамгийн том хогийн цэгийн хэсэг хог түүгчдийн зургийг авч, томруулан хар цагаанаар буулгасны дараа, уг хогийн цэгээс цуглуулсан түүхий эдээрээ зургийн хэлбэр дүрсийг (үс, нүд, хамар, уруул, бие, суурь) улам тодруулан гаргаж өгдөг. Хог хаягдлаар бий болгосон бүтээлийн зургыг дахин авч, дуудлага худалдаанд оруулан, олсон орлогыг хог түүгчдэд олгосноор тэдний амьдрал бүр мөсөн эргэдэг юм. Тэдгээр зурагнууд мөн Рио Де Жаниерогийн орчин үеийн урлагийн музейд тавигдсан бөгөөд дорхноо нэрд гарч, уг музей одоогийн байдлаар үзэгчдийн тоогоороо Пикасогийн зургийг сонирхогчдын дараа явна (дэлхийд хоёрт гэсэн үг). Ийм л утгатай баримтат киног гэр бүлийн хамт үзэж, ихэд сэтгэл хөдөллөө.

Киноны онцлог үйл явдлууд:
Хогийн машин ирж, хогоо бараг буулгаж амжаагүй байхад тэндхийн ажилчид, уут шуудайгаа барин алтны хойноос эрж байгаа мэт хошууран орно.



Хогийн цэг дээр тогооч байх юм. Хогон дундаас олсон шинэлэг материалаар амттай хоол хийнэ.

Хогийн цэгийн ойролцоо, бас л голдуу хогийн материалаар хийсэн оромж байна. Тэндхийн зарим ажилчид тэнд амьдрах бөгөөд тэд, хулгана, харх, ялаа шумуултай найзлан бас тэмцэн амьдарна.

18 настай хог түүгч "Би биеэ үнэлэхгүй, хар тамхинд орооцолдохгүйгээр ийм ажил хийж яваадаа баярладаг" хэмээн бахдан ярьдаг.

Хогийн цэгийн ахлагч, залуухан залуу "Бид хог түүгчид биш, бид дахин боловруулж болох материал ангилж, ялгаж, тушаадаг хүмүүс" гэж ярих бөгөөд өөрийгөө "байгаль орчны төлөө идэвхитэй тэмцэгч" гэж үзнэ. Хожим тэрээр, зурагнаасаа олсон мөнгөөр оффисээ тохижуулан, хүрээгээ тэлэн, "Хог хаягдал - дахин боловсруулах" сэдвээр дэлхийн анхны уулзалтыг Бразилид зохин байгуулдаг юм.

Хогийн цэг дээр гучаад жил амьдарсан, настайвтар эмэгтэй "Би хэзээ ч музейд орж үзээгүй, тэгтэл одоо миний зураг музейд байдаг болсон" гэж уйлан ярьдаг. Тэрээр олсон мөнгөөрөө тогоочийн дамжаанд суудаг.

Хог түүгчид, элдэв хүний хаясан хогоор нь хүний амьдрал ахуй, хийх ажлыг дүгнэн хошигнон ярьцгаадаг. Хог дээр ажилладаг гэсэн ч тэд ерөнхийдээ гэгээлэг, өөдрөг хүмүүс байгаа нь сэтгэлд хоногшин үлдэв.

"Баян, чинээлэг, алдартай байна гэдэг бол тэд өөр заяатай төрснийх биш, тэдэнд өөр боломж байсных. Хэний ч амьдралд өөр бас бус боломж бас гардаг" гэдгийг энэ уран бүтээлч үзүүлэхийг зорьжээ.

Энэ киног болбол үзээрэй, ихийг бодогдуулах юм билээ.

2011-02-13

Шинийн гурван, 2011

Туулай жилийн мэнд дэвшүүлье.
Цагаан сарын айлчин хийх зуур, өндөр довын оройд гарч, эх нутгаар маань дамжин ирдэг алтан наран мандахыг харж, ихэд билэгшээлээ.
Лос Ангелес, Гриффит парк, 2011.02.06.

2011-01-13

Өвлийг хүндэтгэхүй

Энэ долоо хоног дандаа л хасах 20с доош хэмийн хүйтэнтэй байх бололтой. Их хүйтрэхийн өмнөх 36 цагт 40см цас орж, сүрдэж халширмаар боловч үзэсгэлэнтэй сайхан өвөл үргэлжилсээр байна. Бидний байгаа хот яг Монголынх шиг цаг агаартай тул мань мэтэд дасан суурьшихад амар санагддаг юм.


Бидний өвлийн бэлтгэл - хөвсгөр цасны шүүр, хүүхдүүдийн хөнгөн хүрз, мөс бултлагч гэх мэт.

Хүүхдүүдийн хэлдэгээр "Ээж эскимо хувцасаа өмсөж" зогсоолынхоо цасыг цэвэрлэв. Цасан бухал цээжээр татаж, хүрздэх тутам улам өндөр өргөж, шидэх шаардлага гарч байлаа. Бид ээлжлэн, хоёр хоёроороо гарч цасаа цэвэрлэсээр. Зарим өдөр 3 удаа цэвэрлэж байна.



Өвлийн улиралд гадаа тавьсан машины моторын тосыг халаахын (block heater) тулд шөнөд бид машинаа залгаж хонодог. Өдөрт бол залгуураа аваад явна, боломж олдвол зогсоол бүрт машинаа залгаж орхино.

Цахилгаан хэмнэх зорилгоор үүнийг бас ашиглаж болно. Тэгээд өглөө үүрээр хэдэн цагт тосоо халааж эхлэхийг тохируулаад тавьна. Өглөө ажилдаа гарахдаа шууд машинаа асаагаад аажуу явна, халаах энэ тэр хэрэг байдаггүй.


Та бүхэн өнөтэй сайхан өвөлжиж байгаа гэдэгт итгэнэм.

2011-01-01

Шинэ оны зорилт

Өнөөдөр хоёр мянга арван НЭГЭН оны НЭГ сарын НЭГЭН.
Олон нэгтэй өвөрмөц энэ он маань хүн бүхний хувьд ямар нэгэн хэмжээгээр бас л өвөрмөц байх болов уу.

2010 онд нэг сарын 20, арван сарын 10, арван сарын 20 гэх мэт тоо бичлэгийн хуьд дурсгалт, онцгой өдрүүд тохиож, зарим хүний хуьд эдгээрийг амьдралынхаа түүхэн өдөр болгон ашиглаж байсан. Арван сарын арванд маш олон хос гэр бүл болж, галаа асааж байсансан.

2011 оны хувьд арван нэгэн сарын арван нэгэн яах аргагүй дурсгалт өдөр байх нь түүхээсээ тодорхой. 11 бол ер нь өвөрмөц тоо юм.

11 х 11=121
111 x 111=12 321
1 111 x1 111 =1 234 321
11 111 x 11 111= 123 454 321
111 111 x 111 111= 12 345 654 321
1 111 111 x 1 111 111=1 234 567 654 321
11 111 111 x 11 111 111=123 456 787 654 321
111 111 111 x 111 111 111=12 345 678 987 654 321

Бидний хувьд ч гэсэн 2011 он онцгой он байх болов уу гэж бодож байгаа.

Шинэ оныг хэдэн нөхдийн хамт дуулж хуурдан угтав. Нэгэн мексик гаралтай найзын мааны хэлснээр бол тэдний нутагт, яг он гарахаас өмнө нэг минутын хугацаанд 12 ширхэг усан үзэм идэж, идэх зуураа ирэх онд хийж бүтээхээр зорьж буй зүйлсийн талаар бодож тунгаадаг гэнэ. Том жижиг гэлтгүй, тэднийд цугласан хүний тоогоор жижиг аяга бэлдэж, дотор нь яг 12 ширхэг усан үзэм хийж шинэ оноо хүлээн цэнгэцгээв. Хуучин шинэ оны зааг дээр хүслээ бодон, тэдгээр усан үзмээ түргэн шаламгай идэж, бас нэгэн зугаа цэнгэл болов.

Энэ онд бид охиныхоо ярьж хэлдэг нэгэн зүйлийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөлөө. ТВ-р гарах африкийн ядуу, буурай орны хүүхдүүдийг харж, сэтгэл нь ихэд өвдсөн охин маань нэгэн хүүхдийн амьдралд туслахсан, том болоод хүүхэд үрчилж авна гэж ярих болсон юм. Тэр битгий хэл, "миний үрчилж авсан хүүхдийг та хайрлах уу" гэж надаас асууна. Бас хөгшин болсон хойноо таргаалаарай гэж захина, махлаг эмээ нар тэврэхэд урамтай байдаг гэнэ. Бид одоохондоо үрчлэх биш, мөнгө хандивлах талаар ярилцлаа.

Бидний авсан мэдээлэлээр бол сард 33 доллар хандивлахад, буурай орноос сонгож авсан хүүхдийн амьдралд онцгой нөлөөлж чадна гэнэ. Тэр хэмжээний мөнгөөр нэг хүүхэд гэдэс цатгалан, мөр бүтэн явахаар барахгүй, ерөнхий боловсрол эзэмших боломжтой юм байна. Хүү, охин хоёр маань өөрсдийн ноогдол мөнгөнөөсөө долоо хоног тутам 1-1.50 доллар хандивлахаар болов. Үлдсэн мөнгийг гэрт хэрэглэсэн ундааны шил, лааз, сүүний хуванцар сав тушааж бүрдүүлэх зорилготой. Бас задгай мөнгийг сайн хямгадах, хадгалах тусгай хайрцаг бэлдэв. Нэг цент, нэг доллар гэлтгүй хямгадах болно, бид. Хайрцагийг охин маань зурж, чимэглэв. Заавал мөнгөтэй, баян бололцоотой болсон үедээ бусдад туслах гэж хүлээлтгүй, санаа байвал, өчүүхэн зүйлээр ч бусдад тусалж болно гэдгийг хүүхдүүддээ ойлгуулах үүднээс энэ санааг ихэд дэмжиж, тэтгэж байгаа билээ.



Тэр тав дахь нь бидний "шинэ хүүхэд" болно.


Та бүхэн шинэ ондoo өнөр өтгөн, эрүүл энх, инээд баяслаар дүүрэн байх болтугай.