Showing posts with label Элий балай. Show all posts
Showing posts with label Элий балай. Show all posts

2010-11-03

Ерөнхийлэгчээ "гол гаргах нь"

Энэ Америк чинь ямар сонин хуультай юм бэ? Эцэс төгсгөлгүй дайн, эдийн засгийн хямралын шуурган дунд арайхийн хийж, бүтээсэн зүйлсээсээ ухарна гэнэ үү? "Чиний хийх өөрчлөлтийг бид дэмжиж байна, бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна" хэмээн гаргаж ирсэн Ерөнхийлэгчийнхээ намыг дэмжихгүй, нөгөө өөрчлөлтийг чинь бид дахин өөрчлөн хэмээн өөр намыг Төлөөлөгчдийн Танхимд илүү давамгайгаар сонгож орхих юм. Обамагийн нам Сенатад ялагдал хүлээгээгүй боловч гацаанд орох нь тодорхой болов.

Хамгийн эгзэгтэй нь ерөнхийлэгчийн дөрвөн жилийн хугацаатай бүрэн эрхт засаглалын тэг дундуур (2 жилийн дараа) танхимын болон Сенатын гишүүдээ сонгож, солих бололцоо гардаг нь эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, эсвэл эрүүл мэндийн шинэчлэлт мэт үр дүн нь цаг хугацаанаас онцгой хамаарах үйл явдлуудтай давхцаж, үүнийг нь сөрөг нам овжин ашиглах боломж бүрдэх шиг санагдав. Тухайн намын хувьд энэ том амжилт боловч улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулахад тоймтой ажил хийх, төлөвлөхөд түвэгтэй болсон мэт. Ялалт бүхэн сайн үр дүн авчирдаг уу?

Одоо бол бодит ажил хийхээсээ илүү хэлэлцээр хийх, тохиролцоонд хүрэх арга эрсээр дараагийн үлдсэн хоёр жилээ өнгөөрөх юм болов уу? Танил дүр зураг харагдана.


Нэмэлт тайлбар


Амарсайхан, Үлмэдэх нартай энэ тал дээр санал нийлэхгүй бололтой. Энэ удаагийн сонгууль бол хүмүүсийн бухимдлаас үүдэлтэй, сэтгэлийн хөдөлгөөнөөр явагдлаа гэж шинжээчийн ярихыг сонссон. Ихэнх хүмүүст, хямралаас гарах арга зам эрэх, ажилгүйдлийг бууруулах зэрэг амар биш том асуудлууд том санагдаагүй нь тодорхой. Иргэд бүр тийм ухаантай, алсыг харсан байх албагүй. Үүнийг саяхан Францад болсон ажил хаялт, үймээн гэрчлээд өгнө. Уг нь тэд ажил хаялтаараа алдартай (яагаад гэвэл гайгүй үр дүнд хүрч чаддаг) улс, гэхдээ энэ удаад төсвийн алдагдал бууруулах, хямралыг гүнзгийрүүлэхгүй байх арга хэмжээг тэтгэвэрт эрт гарах хувийн эрх ашигтайгаа дэндүү хольж хутгасан тул амжилтанд хүрээгүй.
Бин Ладены хувьд түүнийг устгахаар АНУ арваад жил оролдож буй баримтат нэвтрүүлэг харсан. АНУ яаж ч хичээгээд нэгд газар нутгийн хязгаарлалт, хоёрт муслим шашинтны ёс зүйг (ариун дайн, хариу авах...) дутуу үнэлснээс болж үр дүнд хүрэхгүй байгааг харуулна. Хоёр ч удаа бараг барих үе дээр алддаг юм даа. 2-3 удаа бөөн нөр хүч, материаллаг эд баялаг, хүн хүчээ алдаж байж шал өөр хүн устгачихсан байсан. Тэр бүхнийгээ ДНХ-н шинжилгээ хийж тогтооно. Үнэн бүтэл муутай.

2010-10-18

Өвөр монгол дуу



Танил хужаагийн минь ярьснаар бол Өвөрмонголын энэ дуу, дуучид Хятадад сүрхий нэрд гарч гэнэ. Хятадууд удалгүй энэ дууны хужаа хэл дээрх хувилбарыг гаргасан гэсэн. Миний хувьд хэсэг сонссоны дараа чих онгойж, ойлгож эхэлсэн. Бас нэг сонирхолтой нь латин үсгээр хөврүүлсэн байдал бидний ар монголчуудынхаас шал өөр юм. Ямар үг байх нь хамаагүй, дуудлагаар нь бичсэн байхыг бодоход монгол хэлгүй хүн буулгасан юм болов уу?

2010-10-01

"Хоёр дахь аяга нь үнэгүй"

Үнэгүй кофе, үнэгүй ундаагаар их үйлчлэх юм энэ нутагт, мөн бидний хэлж сурснаар Америкт. Цайны газар, ресторанд нэг аяга юмуу стакан кофе аль эсвэл ундаа авсны дараа дахин уух бол үнэгүй аягалж өгнө. Эсвэл симбол төдий бага мөнгө авна. Нэг сайхан нь эндхийн кофе, гялгар жижиг ууттай, уусдаг нунтаг эд биш, кофены үрийг нунтаглаж, шинээр хандалсан, хамар цоргисон үнэртэй, сайхан амттай байдаг юм.

Зарим газрын үйлчлэгч нар их сурамгай - бид эхний аягаа уугаад дуусангуут, халуун савтай кофе авчран дүүргэж өгнө. Хүүхдүүдэд бол мөстэй ундааг нь бас л дүүргээд өгнө. Дээрээс нь үнэгүй гэж бодохоор их таашаалтай. Хоолны газрын кофе бол эндхийн хүнсний дэлгүүрийн талхтай адил юмуу даа. Талх ер нь ашиг сайтай бизнес биш гэнэ, уг нь. Ашиг багатай гээд талхаа зарахаа больчихвол бусад төрлийн хүнсний орлого бас буурдаг гэж байгаа. Арга ч үгүй юм уу, жишээ нь би бол талх авах гэж ороод л өөр төлөвлөөгүй хэд хэдэн хүнс аваад гараад ирдэг тал байдаг.

Гэхдээ бид үнэгүй кофе, ундаа уух гэж үйлчлүүлдэггүй, тэр ундааг бол хүүхдүүддээ уулгахгүй, эрүүл мэндэд муу гэж үргэлж ухуулна. Харин хэзээ Монголд маань "хоёр дахь аяга нь үнэгүй" сүүтэй цайгаар үйлчилж эхлэх бол доо?

2008-10-07

Инээдтэй баримтууд

Жинхэнэ Ноблийн шагналын элэглэсэн хэлбэр болох Ig Noble Prize* (мөнгөн шагнал үгүй, ёслолын үйл ажиллагаанд оролцох замын зардлаа өөрөө төлөх) шагнал бий болоод бараг хориод жил бий болжээ. Энэ арга хэмжээний гол агуулга бол хүмүүсийг шинжлэх ухаан, эрүүл мэнд, техник технологид анхаарлыг татаж дур сонирхолтой болгох, ер бусын сонин явдыг онцлон тэмдэглэх, сэтгэх, дүрслэн бодох ур чадварыг хүндэтгэх зорилготой билээ.

Энэ жилийн шагнал авсан бүтээлүүдийг сонирхон заримаас нь дурдвал биологийн салбарт “нохойн бөөс муурныхаас өндөрт үсэрдэг”, химийн салбарт “Кока-кола эр бэлгийн эсийг үхүүлэх чадвартай” гэж баталсан эрдэмтэд үүний эсрэг баталгаа хийсэн эрдэмтдийн хамт авав (хи хи хи). Шагнал авагсад дараа нь нэг минут орчим тэдний бүтээлийн нийтлэг ач холбогдолын талаар ярьдаг, хэрвээ нэг минутаас хэтэрч сунжирч эхлэх юм бол найм настай охин өндөр, нарийн дуугаар “Уйтгартай байна, уйтгартай байна” гэж орилон уйлж яриаг тасалдуулна.

Шагнал авагсдын бүтээлийг хараад байвал дандаа утгагүй, цаг барсан, балай гэмээр бүтээлүүд биш байх юм. Жишээ нь, өндөр давтамжтай, нарийн дуу авиаг бүх хүн сонсдоггүй (насанд хүрэгчид сонсохгүй), энэ авиа шилжилтийн насныханд илүү сонсогддог тул энэ чанарт тулгуурлан зөвхөн тухайн бүлгийнхэнд зориулан бүтээсэн бүтээгдэхүүн 2006 оны энх тайвны шагнал авчээ. 13-25 насныханд энэ нээлт хоёр талаар үйлчилнэ.

Нэгд, зарим сургуулиуд энэ төхөөрөмжийг худалдан авч, сургуулийн хаалга, хүүхдүүд их цуглардаг газар байрлуулж, эд ахуйгаа хамгаалах болжээ. Зарим сурагчид гэртээ цагтаа харихын оронд сургуулийн гадна үлдэн тамхи татах, орчин бохирлох, цонх хагалах зэрэг сөрөг үйл ажиллагаа явуулдаг яг тэр цэгүүдэд уг төхөөрөмжийг байрлуулахад хэсэг хугацааны дараа тэд тухайн газраас дайжиж байгаа нь ажиглагдсан байна.

Хоёрд, энэ дуу авиаг ашиглан гар утасны тусгай дуу бий болжээ. Эдгээрийг сургуулийн насныхан утсандаа буулгаж аваад хичээл дээр багшаасаа, гэр орондоо эцэг эхээс далдуур утсаа ашиглаж болох нь ээ.

Ig Noble шагналыг хувь хүнээс гадна улс, байгууллага мөн хүртдэг юм байна. Тэр битгий хэл сайн нэртэй сургуулийн эрдэмтэд (Харвард) хүртэл хүртсэн байх тохиолдол гарчээ. 1981 онд (даанч тэр үед энэ шагнал бий болоогүй байсан) АНУ-ын ХАА-н танхим (USDA) энэ шагналыг авах байсан болов уу гэж боддог юм. Тэд тэр үед кетчуп бол улаан лооль юм гэж баталж орхитол бөөн хэл ам дэгдэж орхисон тул сарын дараа кетчуп бол кетчуп, улаан лооль биш гэж дахин зарласан гэдэг.
* - Ignoble гэсэн үгээс дамжуулсан утгаар хэрэглэдэг мөн Швэдэд Ig бол муу дүн (F) гэсэн утгатай ажээ.

Ашигласан материал
http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/5411816.stm http://en.wikipedia.org/wiki/Ig_Nobel_Prize
Radio news

2008-05-21

90$ үнэтэй 0.1 секунд

Замын хөдөлгөөний дүрэм гайгүй сайн мөрддөг гэж өөрийгөө боддог байлаа. Тэгтэл улаан гэрлээр гарсан, 270$ төл эсвэл шүүхэд уулзъя гэсэн утгатай захиа замын хөдөлгөөн зохицуулагч газраас ирсэн байсанд үнэндээ гайхав. Гайхахаас ч яахав, цагдаа намайг зогсоосон тохиолдол одоохондоо гарсан биш.

Баримт болгон барьж явсан машины минь араас, дугаарыг нь татаж байгаад авсан хаашаа ч бултахын аргагүй 3 янзын зураг хавсаргасан байх юм. Хамгийн айхтар баримт бол хугацаа, улаан гэрэл идэвхижсэнээс хойш 0.3 секундын дараа уулзвар уруу нэвтэрчээ. Уг нь би шар гэрэл асаж байхад уулзварт орохыг хичээсэн бололтой. Ямар ч хатуу юм дээ, ядаж нэг секунд биш шүү дээ гэж хошуугаа унжуулан явтал дахин нэг торгуулийн хуудас ирэв. Бас л 0.3 секунд, бас л 270$, бас л нөгөө гурван зураг.

Гайхсан би ажлынхаа хүмүүсээс асуулаа. Хурд хэтрүүлснийх, уулвар дээр эгнээ сольсных гээд л 170$ дотор торгуулсан хүмүүс жагсаж байна. Харин улаан гэрлээр гарсан гэх хүн 1-2 байсан нь би сайн жолооч биш гэсэн утга илэрхийлээд байх шиг. Цагдаа зогсоогоогүй бол өөр хэрэг, шар гэрлээр орсон гээд шүүх дээр оч, ядаж торгуулийг чинь бууруулна гэсэн зөвлөгөө бас ирэв.

...Бодлоо, хэдэн төг хэмнэхээ мэдэхгүй, хэчнээн цагийн ажил барж шүүхээр явахаа мэдэхгүй тул дуугүй төлөөд өнгөрсөн нь дээр мэт. Ажиглавал дундаж цалинтай хүмүүсийн сарын цалингийн 10%-аар торгосон байх шиг. Маргааш нь ажилдаа ирэх зуураа замын дагуу хичнээн камер байрлуулсныг тоолов. Хурдны камер, улаан гэрлийн камер гэх зэргээр миний зорчих 20 км замд лав долоон камер "энд камер байгаа шүү" гэж хэлж зоочихоод намайг тандаад байсныг би дөнгөж жилийн дараа анзаарлаа.

Мөнгө хүчтэй юм аа, намайг хүмүүжүүлэх бололтой.

2008-04-02

Тусламж

Нутагтаа энэ зун очихын тулд билет захиалах гэж мунгинаж байна.

Эндээс Бээжин нисэх билетээ ч нэг юм авахаар болж байх шиг байна. Бээжинд очоод яах вэ? http://www.uniteasia.mn/index.php - хуудсаар ортол Бээжингээс УБ орох галт тэрэг хямд байдгийг саналаа. 24133 гэж олон улсын билет захиалах кассын дугаар байна. Нэг л дутуу, гажиг харагдсан боловч залгалаа, холбогддоггүй. Дахин баахан веб хуудсаар тэнэсний хүчинд төмөр зам уруу залгахдаа 11 биш, 21 гэж гадаадаас залгадаг болохыг мэдэв. Бас л болдоггүй. Аан тийм, Google-ээс "төмөр замын утасны дугаар" гэж монголоор бичээд эртэл Арсуны блог хамгийн түрүүнд жагсаж байна. Блогоороо айлчил гэж байгаа юм гэж ойлгоод (далимдуулан) баахан айлчилгаа хийв.

Буцаад билетний сураг гаргах ажилдаа орлоо. SilkRoad travel гэх сүрхий нэртэй, үнэхээр аялалыг маань силкен дээр яваа мэт зөөлөн, зовлонгүй, хурдан, шуурхай болгоод өгч мэдэх байрын нэртэй хуудас олоод залгалаа. "Бээжингээс УБ орох онгоцны билет үү?" "Үнэтэй л байдаг юм даа. Ta ер нь МИАТ-аас асуучих - 1818" Дүн дүн дүн дүн...

"Хүүеэ, жаахан хүлээл дээ, би билетийг чинь авъяа гээд байна шүү дээ"... Ингэж борлуулалт хийдэг газар байдаг л юм байх даа.

1818. Энэ гадгаадаас чинь энэ утас уруу яаж ордог юм бол? 011 976 11 1818; 011 976 1818 - аль нь ч болохгүй юм.

AirChina - хэд хэд залгаж байж арайхийн холбогдов. Бээжин - УБ - Бээжингийн билет 614$. Дөрвийн дөрвөн хүнд арай л хатуу үнэ юм.

Бүхэл бүтэн нэг цаг хагас элдэв интернетийн хуудас эргүүлэн, аргаа баран ийш тийш залгасны дараа чаддагаараа дүү лүүгээ залгаж, гайгүй үнэтэй билет захив. Би ингээд мунгинаад, азгүйтээд байна уу, аль эсвэл билет ийм үнэтэй болчихсон юм уу? Бээжингээс УБ орох вагоны билет урьдчилан худалдан авах арга мэдэх хүн байвал хэлж өгч туслаач. Элдэв хүнд дарамт учруулалгүй, өөрсдөө билетээ авдаг газраас нь түвэггүй аваад, очсон хойноо тосоод ав гэж хэлдэг болмоор байх юм.

Бээжингийн Олимпоос шалтгаалан Монголд ч бас очих хүмүүсийн тоо ихсэж юуны магад. Аялал жуулчлалын компаниуд үйлчилгээ, харилцааны соёлоо сайжруулаасай билээ.

Жич: Хойд Америкт амьдардаг бөгөөд энэ 6 сард Монгол явах санаатай хүмүүс байвал http://us.hnair.com/news.htm хуудсаар ороод үзээрэй. Шинэ хямд нислэгийн шугам нээгдэж байгаа юм байна. Билетний үнэ бусад компанитай харьцуулахад 30-40% хямд байна.

2008-01-28

ДНХ


Бямбаагийн Саруул ухаан блог харж суутал хүүхдийн ДНХ энэ тэр гээд дээрхэн манайд нэг болсон яриа санаанд орлоо. Манай хоёр хүүхэд Vancouver хотод нэгэн сургуульд хамт явдаг байсан үе. Нэг өдөр тэр хоёр сургуулиасаа том гэгчийн дугтуйтай зүйл авчрав. Задлаад үзвэл Хүүхдүүдийн амьдрах аюулгүй орчин бүрдүүлэхийн чухалын талаар, дээрээс нь хичнээн хүүхэд жилд үрэгддэг, алга болдог, тэднийг эрэх ажилд хүүхдийн ДНХ хир чухал болох талаар сурталчилжээ. Дээрээс нь хүүхдийнхээ ДНХ-г аваад хадгалчихад гэмгүй гээд завьжнаас дээж авагч нэг нэгийг хийгээд явуулсан байна. Түй, түй. Манай нөхөр нэгэнт ингээд хүрээд ирсэн юм бол аваад хадгалсан ч яах вэ гэнэ. Өөрөө би ажил дээрээ өнөө муу амьтан ч юмуу бактерийн ДНХ-г өчнөөн янзаар нь таслан, холбон нийлүүлж, генээс уураг хүртлэх генийн инженерчлэлийн судалгаа хийдэг хирнээ өөрийн хүүхэд дээрээ тулбал дээж ч авч чадахгүй юм байна лээ. Би л ингэж сүйд болоод байна уу, эсвэл энэ гадаад орнуудад нийтлэг байдаг зүйл үү? Гадна дотно амьдрах та нар маань бичээрэй.

2008-01-19

Энэ чинь 2008 он

Бид нүүж ирээд галт тогоондоо сав угаагч залгуулах гэтэл "Та нар жаахан хүлээж бай, бид танай галт тогоог шинэчилж өгнө" гэсэн хариу өгөв. Саяхан засварын компаниас ярьж байна. 2 долоо хоногт бүгдийг солино, угсарна, шалыг чинь ч сольж магад байдлаас болно, гадуур хоолло, хоолны мөнгийг чинь өгнө гээд та 2н хэн нь гэртээ байх вэ? гэв. "Бид хоёул ажилладаг" "Өө тийм үү, танай тэр хавийнхан чинь..." 

...Манайд засвар орох эсэх тодорхойгүй байна. 
"Энэ чинь 2008 он шүү дээ. Хүн зүгээр гэртээ сууж байна гэж энэ хүмүүс яаж бодож чаддаг байна аа гэж" нөхөр маань гайхсаар. Би л харин энэ чинь 2008 он шүү дээ гэдэг үгтэй болж авав.

Хэтэрхий ардчилсан оронд байх тийм ч бас амар биш

Хэдэн сарын өмнө мэдээ уншиж байтал ийм зүйл таарч билээ. Америкийн нэгэн хотын залуу гэр бүлийн эхнэр нь ажил тараад гэртээ ирээгүй хэд хоножээ. Нөхөр мэдээж цагдаад мэдэгдэв. Цагдаагийнхан хурдан, түргэн хөдөлсөнгүй, хэд хоногийн дараа эхнэрийг нь их их хүнд байдалтай олжээ. Нөхөр, цагдаагийнхны удаан, хойрго байдлыг шүүмжлэхэд цагдаагийн байгууллагын ажилтан ийм мэдэгдэл хийв. "Эмэгтэй хүн ажил тараад гэртээ ирэхгүй байна гэдэг бол хууль бус ажиллагаа биш" гээд мэдэгдлийн төгсгөлд цагдаа үнэнээ тоочив: Бид чинь гэртээ ирээгүй, оройтсон хүн бүрийн хойноос хөөцөлдөөд байвал бусад ажлаа хийхэд хэцүү болно шүү дээ гэлээ.