2010-11-14

Нүүдэлчид биш больжээ.


“Эдийн засагч” (The Economist) сэтгүүлийн 2010 оны 10 сарын 23ны дугаараас товчлон орчуулав.

Саяхныг хүртэл Монголчууд өөрсдийгөө “Алтан дээр суусан гуйлгачид” гэж дүрслэх зуршилтай байсан. Асар их ашиглагдаагүй газрын баялагтай энэ оронд хөдөлмөрийн үнэлэмж бага, ажил ховор байлаа. Улаанбаатарын худалдан авагчид, мах, ногоо, үстэй малгай авах гээгүй л бол өргөн хэмжээний сонголтонд умбаж чаддаггүй байв.

Харин ойрын үед хэрэгжүүлж эхлээд байгаа уул уурхайн төслүүд шинэ өөрчлөлтийг авчирч байгаа боловч мөн шинэ асуудлыг дагуулах нь тодорхой байна. Эдийн засгийн өсөлтийг амласан хэмжээгээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгалийн орчноо сүйтгэхгүй байх, шинэхэн ардчилал эсвэл байгаа эдийн засгаа дордуулахгүй байх асуудлыг зохицуулах хэрэгтэй болоод байна.

Уул уурхайн ашиглалттай холбоотойгоор Монголын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр дор хаяж 10%-иар нэмэгдэж, 2018 он гэхэд одоогийнхоосоо дөрөв дахин нэмэгдэх тооцоог Олон Улсын Мөнгөний Сангаас гаргажээ. Монголын говь дэх хоёр орд энэ их баялагийг бүрдүүлэх магадлалтай байгаа. Өнгөрсөн жил зөвшөөрлөө авсан Оюу Толгойн орд, алтны зэрэгцээ дөчин сая тонн зэсийн нөөцтэй. Нөгөө орд болох Таван Толгойн нүүрсний уурхайд нэмэлт хүч хөрөнгө зарцуулж, гол захиалагч Хятадтай холбох зам харилцааг сайжруулж байна.

Монголын Засгийн Газар, Оюу Толгойн Ордны ашгийн 30%-ийг авах гэрээтэй. Гэхдээ, ерөнхийлэгч Ц. Элбэгдорж бол үүнийг их ээдрээтэй асуудал хэмээн үзэж байна. Түүний хэлснээр “Муу засаглалтай, муу системтэй оронд их хэмжээний ашиг, орлого орж ирвэл бид асуудалд унаж байгаа нь тэр” гэнэ.

Учир нь Монголын улс төр, өглөг тэтгэлгийн үндсэн дээр явагддаг, нэр дэвшигчид мөнгө болон эд материал амлаж, сонгогддог. Төрийн мөнгөн сан нэмэгдээд ирэхийн үед энэ гажиг улам гаарах хандлага бий болж мэднэ. Хээл хахууль ч гэсэн 1990 оны үеийн улсын өмчийг хувьчлах хуумгай хувьчлалын үеийнх шиг ихсэж магадгүй. Ер нь уул, уурхайн салбарт хуучны, ахмад төрийн албан хаагчид, түшмэдүүд байгаа нь энэ магадлалыг улам ихэсгэнэ.

Гэхдээ Монгол Засгийн газар янз бүрийн арга хэмжээг авч эхлээд байна. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөнд хязгаарлалт тогтоов, хахуулийн эсрэг шинэ хууль баталлаа. “Хоёр жилийн дараа гэхэд уул уурхайгаас монголын эдийн засагт оруулах хувь нэмэр 70 хувиас буурч 20-д хүрнэ гэж үзвэл уул уурхайн бус салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд туслах хэрэгтэй байна” гэж ерөнхийлэгч Ц. Элбэгдорж ярив. Энэ нь магадлал мөн муутай боловч, Монгол улсын одоогийн удирдагч нар хуучны удирдагч нараа бодвол баяжихтай холбоотой тулгамдсан байдлыг ойлгох боловсролтой юм. “Бид Нигери болох уу, Чили улс болох уу гэдэг асуудал байна” хэмээн унтамхай нүүдлийн байдлаас гарч яваа орны засгийн газрын зөвлөх өгүүлэв.

2010-11-03

Ерөнхийлэгчээ "гол гаргах нь"

Энэ Америк чинь ямар сонин хуультай юм бэ? Эцэс төгсгөлгүй дайн, эдийн засгийн хямралын шуурган дунд арайхийн хийж, бүтээсэн зүйлсээсээ ухарна гэнэ үү? "Чиний хийх өөрчлөлтийг бид дэмжиж байна, бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна" хэмээн гаргаж ирсэн Ерөнхийлэгчийнхээ намыг дэмжихгүй, нөгөө өөрчлөлтийг чинь бид дахин өөрчлөн хэмээн өөр намыг Төлөөлөгчдийн Танхимд илүү давамгайгаар сонгож орхих юм. Обамагийн нам Сенатад ялагдал хүлээгээгүй боловч гацаанд орох нь тодорхой болов.

Хамгийн эгзэгтэй нь ерөнхийлэгчийн дөрвөн жилийн хугацаатай бүрэн эрхт засаглалын тэг дундуур (2 жилийн дараа) танхимын болон Сенатын гишүүдээ сонгож, солих бололцоо гардаг нь эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, эсвэл эрүүл мэндийн шинэчлэлт мэт үр дүн нь цаг хугацаанаас онцгой хамаарах үйл явдлуудтай давхцаж, үүнийг нь сөрөг нам овжин ашиглах боломж бүрдэх шиг санагдав. Тухайн намын хувьд энэ том амжилт боловч улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулахад тоймтой ажил хийх, төлөвлөхөд түвэгтэй болсон мэт. Ялалт бүхэн сайн үр дүн авчирдаг уу?

Одоо бол бодит ажил хийхээсээ илүү хэлэлцээр хийх, тохиролцоонд хүрэх арга эрсээр дараагийн үлдсэн хоёр жилээ өнгөөрөх юм болов уу? Танил дүр зураг харагдана.


Нэмэлт тайлбар


Амарсайхан, Үлмэдэх нартай энэ тал дээр санал нийлэхгүй бололтой. Энэ удаагийн сонгууль бол хүмүүсийн бухимдлаас үүдэлтэй, сэтгэлийн хөдөлгөөнөөр явагдлаа гэж шинжээчийн ярихыг сонссон. Ихэнх хүмүүст, хямралаас гарах арга зам эрэх, ажилгүйдлийг бууруулах зэрэг амар биш том асуудлууд том санагдаагүй нь тодорхой. Иргэд бүр тийм ухаантай, алсыг харсан байх албагүй. Үүнийг саяхан Францад болсон ажил хаялт, үймээн гэрчлээд өгнө. Уг нь тэд ажил хаялтаараа алдартай (яагаад гэвэл гайгүй үр дүнд хүрч чаддаг) улс, гэхдээ энэ удаад төсвийн алдагдал бууруулах, хямралыг гүнзгийрүүлэхгүй байх арга хэмжээг тэтгэвэрт эрт гарах хувийн эрх ашигтайгаа дэндүү хольж хутгасан тул амжилтанд хүрээгүй.
Бин Ладены хувьд түүнийг устгахаар АНУ арваад жил оролдож буй баримтат нэвтрүүлэг харсан. АНУ яаж ч хичээгээд нэгд газар нутгийн хязгаарлалт, хоёрт муслим шашинтны ёс зүйг (ариун дайн, хариу авах...) дутуу үнэлснээс болж үр дүнд хүрэхгүй байгааг харуулна. Хоёр ч удаа бараг барих үе дээр алддаг юм даа. 2-3 удаа бөөн нөр хүч, материаллаг эд баялаг, хүн хүчээ алдаж байж шал өөр хүн устгачихсан байсан. Тэр бүхнийгээ ДНХ-н шинжилгээ хийж тогтооно. Үнэн бүтэл муутай.