2009-11-20

Цагаан дарь эхийн магтаал

Түүнтэй би нилээд хэдэн жилийн өмнө Бээжингээс Улаанбаатар орох замд тааралдсан юм. Тэрээр Драмсалад шашны ухаан суралцдаг оюутан байсан.

Шавьхийсан жижиг биетэй, ухаалаг үг яриатай түүнтэй, Замын-Үүдээс арайхийн олдсон ганц ор хуваан, элдвийг ярьсаар УБ-д буусан маань тодхон санагдана. Дараа нь түүнтэй холбоо барихыг оролдсон боловч тэр үед ээжийнх бие их тааруу байсан тул амжаагүй.

Шашны онолын талаар гаргууд сайн мэдлэгтэй түүнийг өөрийн эрхгүй хүндлэх, бишрэх сэтгэгдэл төрж байсан. Саяхан, санамсаргүйгээр түүний бүтээлийг ютүүбээс олж ихэд олзуурхав. Түүнийг Гүнзэ гэдэг. Одоо бодвол Монголдоо байгаа байх даа.



2009-11-16

Би яагаад алга болсон бэ?

Манайх нэг оюутантай болсон юм байхгүй юу. Тэр нь миний хүү биш шүү, би өөрөө. Ингэснээс, манай ангид миний хүүгийн үеийн насны охид, залуучууд байна. Эгдүүтэй ч юм шиг, ичмээр ч юм шиг.

Гадаадад дээд сургууль төгсөн, бас ч үгүй докторын зэрэг хамгаалан мөн л гадаадад мэргэжлээрээ ажиллаж байсан миний амьдрал хэвээр байгаа боловч арай л өөр зүйл хийж, оролдож үзмээр санагдаад санхүүгийн коллэжид элсэв. Элсэн орсны дараа нөгөө коллэж маань их сургууль болж дээшлэдэг юм байна.

Гадаад, дотоодгүй сурч эсвэл багшилж явсан бибээр ийм эрчимтэй сургалттай сургууль урьд өмнө хараагүй юм байна. Долоо хоног тутам 2-3 онлайн юмуу хураалгах шалгалттай байх юм. Эхэндээ тэр шалгалтуудыг хугацаанд нь хийхгүй, өнгөрөөж орхих вий дээ хэмээн байн байн календар шалган, цаг хугацаатай уралдаж явдаг байсныг бодвол одоо арай дээр, энд тэнд хэдэн үг тэрлэх зэрэгтэйгээ болжээ. Хөгшин оюутан юм чинь бас арга байжу. Учир, эвийг нь одоо л олж байх шиг байна. Дүнгийнхээ учрыг лав саяхан олсон. 83 оноо нэг шалгалтанд авсан байна. Тэгтэл багш маань "Excellent" - онц гээд бичсэн байх юм. 83 оноо авбал онц байх учиргүй, багш андуурсан байна хэмээн бодож явтал ангийн маань хүүхэд надад дүнгийн шатлал үзүүллээ. 80-с дээш бол бүгд л онц юм байна.

93-100 - А (нэмэх) - "OUTSTANDING" - Гаргууд онц
87-92 - А - "MARKEDLY SUPERIOR" - тэмдэглүүштэй онц
80-86 - А (хасах) - "EXCELLENT" - зүгээр л онц

Зүгээр л онц гэснээс арван жилд байхад физикийн багш маань тавлаг тарган, туранхай, хавчиг, хариугүй жижиг гээд л олон янзын онц тавьдаг байж билээ. Түүний шатлалаар бол би бол арай ядан онц авсан юм уу даа.

Бусад ээж, аав яадаг юм байгаа юм, бид л хүүхдүүдээ наян хэд авлаа гээд зэмлээд байсан чинь энэ чинь муу дүн биш юм байна шүү дээ гэх бодол бас орж ирэв. Гэхдээ арван жилд бол хавчиг таваас харвинтэй дөрөв илүү гэж боддог байсан.

Санхүүгийн болон татварын талаарх хичээл их сонирхолтой юм. Нэгэнт л энд амьдарч байгаагийн хувьд эндхийн бизнэсийн орчин, данс бүртгэл, элдэв татвар (бид цалингийнхаа 25-30% татварт өгдөг), бас татвар багасгах арга гээд л хичээлүүд орж өгнө. Их нарийн ширийн зүйл үзээд байгаа мэт санагддаг, гэтэл багш гуай "энэ бол ердөө л суурь" гэсэн шүү. Хувийн бизнэс эрхлэвэл зүгээр юмуу даа гэсэн бодол орж ирээд байгаа.

Бид хичээлийн шинэ жилийн нээлтийн цуглаанд нэг ийм "бороо" оруулсан юм. Та нар олуулаа бол бас оролдоод үзээрэй, сайн удирдаачтай байх хэрэгтэй гэж санагдсан. Нүдээ аньж байгаад сонсоорой.



Блогоор маань орж гарч байсан та нартаа баярлалаа.