2010-02-18

Ам алдвал барьж болохгүй

Гаитид газар хөдөлсний дараа Канадын засгийн газар 5сая доллар хандивлахдаа "Хувь хүн, компаниудын хандивласан мөнгөтэй тэнцэх хэмжээний засгийн газраас гаргах болно" хэмээн зарлаж таван долоо хоногийн хугацаа өгсөн юм.

Тэгвэл зарласан хугацаанд 113сая доллар төрийн бус байгууллагууд, ард иргэдээс цугласан байх юм. Радио, телевиз, гар утас, томоохон худалдааны төв, сургуулиудад хандивын цэгүүд байрлуулан жинхэнэ компанит ажил өрнөсөн гэхэд хэлж болно. Энд тэндгүй үнэгүй тоглолт маш их болов.

Утасны тусгай дугаар ажиллуулан, тэр дугаарт мээссэж илгээвэл шууд таван доллар таны нэр дээр хандивлагдах болно гэж зарласан нь их үр дүнгээ өгөх шиг болов. Энэ нь сургуулийн насны утастай хүүхдүүдийг хүртэл тустай үйлд хамруулах амар нөхцөл бүрдүүлсэн.

Канад улс дор хаяж 230 сая доллар Гаитид хандивлах нь ээ. Ийм их хэмжээний мөнгө цуглана гэж Засгийн газар тооцоолсон болов уу?

2010-01-13

Ажилдаа очоод имейлээ шалгаарай

Та ажлын цагаар хувийн имейлээ шалгадаг уу?

Та ажлын газрын компьютер ашиглан зуны амралтаа төлөвлөх, билет, үнэт цаас зэргийг худалдан авдаг уу?

Албаны (гар) утсаар хувийн ажлаа амжуулдаг уу?

"Уг нь би өнөөдөр хичээлгүй л дээ, сургууль дээр очих онцгой хэрэг байхгүй. Гэхдээ ажил дээрээ очиж интернетед суух, имейлээ шалгах хэрэгтэй байна" гэсээр манай багш нар ажилдаа ирдэг байсан үе саяхан. "Ажил дээрээ очоод тийш нь ийш нь имейл явуулаарай" гэж гэрээс гарахад ээж ёстой юм шиг захина.

Ингэхэд алба газар, компаниуд эд хөрөнгөө хамгаалах, ажилчдын хөдөлмөрийн цагийн ашиглалтыг хянах эрхтэй шүү дээ. Таныг хэн нэгэн хянаж байгаа юм биш биз?

Ажлын цагаараа элдэв блогоор айлчилж, бас коммент үлдээж амжиж байна уу? Эсвэл зөвхөн цайны цагаа хүлээгээд үнэнч сууж байна уу?

Үнэнгээсээ хариулна уу?

2009-12-01

Канадын мэргэжлийн цагаачид

Канада улс жил бүр маш олон тооны ажиллах хүчин гаднаас авдаг орон. Энэ нь эндхийн хүн амын өсөлт удаанаар барахгүй хожим эдийн засгийн өсөлтөө даагаад явах ажиллах хүчний хомсдолд орсонтой холбоотой.

Ингэхдээ голдуу дээд мэргэжилтэй, чадалтай мэргэжилтнүүдийг гаднаас сонгон шилж авах боловч тэдгээр нь энд ирээд мэргэжлээрээ ажиллах нь тийм амар бус. Хэргийн учир нь хэлний мэдлэг тааруу, эсвэл хэл сайтай ч Канадын ажлын туршлага үгүй гэдэг шалтгаанаар бүх л газар ажлын анкетыг чинь тоосонд даруулан, өөдөөс чинь хаалгаа барьж орхино. Өндөр хөгжилтэй оронд ажиллаж амьдрахаар үр хүүхэд, хань ижлээ дагуулаад ирсэн цагаачид ямар нэгэн ажил олж, амьдралаа залгуулахаас өөр аргагүйд хүрнэ. Шинэ ирсэн эмч, хуульч, инженер, багш нар энд ирээд сав угаана, жолооч болно, айлын гэр цэвэрлэнэ, тавилга зөөж, ачигч болох жишээтэй. Ажлынхаа зэрэгцээ өөрийнхөө оронд сурсан зүйлээ дахин сурна, дээшлүүлнэ гэх мэтийн элдэв олон төрлийн шалгалт, хүнд сурталыг давж байж мэргэжлийнхээ ажилд очно. Гэхдээ энэ даваа нилээн удаа цаг хугацаа, мөнгө төг, шаргуй хөдөлмөр шаардаж мэднэ. Зарим нь ч бууж өгөөд нөгөө муу нэртэй ажилтайгаа үлдэх боловч тэдний үр хүүхэд нь, эцэг эхийнхээ хүслийг биелүүлээд зогсохгүй нилээд гайгүй ажил хөдөлмөр, амьдралтай болох, эндхийн орчинд гайхалтай сайн идээшин зохицох тохиолдол бий. Энэ үед чухам тэдний эцэг эх өөрсдөөрөө бахархах үе ирдэг байх аа.

Ямар ч байсан, Канадын цагаачлалын систем бол цагаачдыг ажиллах байраар хангах бодлоготойгоо зохицдоггүй, шинэ цагаачдын боловсролын түвшин, өөр оронд ажиллаж байсан туршлагыг тэр бүр үнэлдэггүй зэргээр байнгын шүүмжлэлд өртдөг газар юм. Тэд сайндаа л эндхийн хэл, соёл сургах төдий арга хэмжээ авдаг хэмээн аргаа барсан хүмүүс гомдоллох нь их.

Канадчууд ч бас зүгээр байсангүй, цагаачлалын бодлогодоо хэд хэдэн шинэлэг зүйлс нэвтрүүлсээр байна. Өнгөрсөн жилийн нэг өөрчлөлт бол, энд их дээд сургууль төгссөн гадаадын оюутан хэрэв энд ажилд орохыг хүсвэл мэргэжлийн болоод мэргэжлийн бус ажилд гурав хүртэл жил ажиллаж болох боломжийг олгосон явдал. Урьд нь зарим нэг газрын байршлыг үл харгалзвал зөвхөн нэг жил ажиллах эрхтэй байсан. Энэ жил нэмэн оруулсан нэг өөрчлөлт бол шинээр ирэгсдийг мэргэжлийнх нь ажилд оруулах тал дээр түлхий анхаарах явдал юм. Энэ талаар Канадын эдийн засгийн үйл ажиллагааны планд тусгасан байна. Шинээр цагаачлагчдын боловсрол, мэргэжлийг шалгах, хүлээн зөвшөөрөх бодлогыг дээшлүүлэх, тэднийг мэргэжлийн ажлаар хангах ажилд 50 сая доллар төлөвлөсөн байх юм. Эхний ээлжинд буюу 2010 оноос эхлэн дараах мэргэжил бүхий цагаачдын мэргэжлийн чадварыг үнэлэх явцыг боловсронгуй болгох аж. Үүнд:
• архитектур
• инженер
• нягтлан бодогч, аудит, санхүү
• эмнэлгийн лабораторийн ажилтан
• Occupational Therapists (юу гэж орчуулдаг вэ?)
• эм зүйч
• биеийн тамирын эмч, дасгалын ажилтан нар
• ахлах сувилагч

Сонирхолтой нь, энд эмч, сувилагч нар асар дутагдалтай байдаг газар. Өмнөд Африкаас эмчээ, Филиппинээс асрагч, сувилагч нараа татаад авдаг бодлоготой. Канадын засгийн газар чухам энэ хоёр орны эмч, сувилагч нарыг бэлтгэх түвшинг олон үггүй хүлээн зөвшөөрдөг тул тусгай баг бүрдүүлэн, бүр нутагт нь очиж эдгээр мэргэжилтэй хүмүүсийг "импортлох" үйл ажиллагаа явуулдаг.

2009-11-20

Цагаан дарь эхийн магтаал

Түүнтэй би нилээд хэдэн жилийн өмнө Бээжингээс Улаанбаатар орох замд тааралдсан юм. Тэрээр Драмсалад шашны ухаан суралцдаг оюутан байсан.

Шавьхийсан жижиг биетэй, ухаалаг үг яриатай түүнтэй, Замын-Үүдээс арайхийн олдсон ганц ор хуваан, элдвийг ярьсаар УБ-д буусан маань тодхон санагдана. Дараа нь түүнтэй холбоо барихыг оролдсон боловч тэр үед ээжийнх бие их тааруу байсан тул амжаагүй.

Шашны онолын талаар гаргууд сайн мэдлэгтэй түүнийг өөрийн эрхгүй хүндлэх, бишрэх сэтгэгдэл төрж байсан. Саяхан, санамсаргүйгээр түүний бүтээлийг ютүүбээс олж ихэд олзуурхав. Түүнийг Гүнзэ гэдэг. Одоо бодвол Монголдоо байгаа байх даа.



2009-11-16

Би яагаад алга болсон бэ?

Манайх нэг оюутантай болсон юм байхгүй юу. Тэр нь миний хүү биш шүү, би өөрөө. Ингэснээс, манай ангид миний хүүгийн үеийн насны охид, залуучууд байна. Эгдүүтэй ч юм шиг, ичмээр ч юм шиг.

Гадаадад дээд сургууль төгсөн, бас ч үгүй докторын зэрэг хамгаалан мөн л гадаадад мэргэжлээрээ ажиллаж байсан миний амьдрал хэвээр байгаа боловч арай л өөр зүйл хийж, оролдож үзмээр санагдаад санхүүгийн коллэжид элсэв. Элсэн орсны дараа нөгөө коллэж маань их сургууль болж дээшлэдэг юм байна.

Гадаад, дотоодгүй сурч эсвэл багшилж явсан бибээр ийм эрчимтэй сургалттай сургууль урьд өмнө хараагүй юм байна. Долоо хоног тутам 2-3 онлайн юмуу хураалгах шалгалттай байх юм. Эхэндээ тэр шалгалтуудыг хугацаанд нь хийхгүй, өнгөрөөж орхих вий дээ хэмээн байн байн календар шалган, цаг хугацаатай уралдаж явдаг байсныг бодвол одоо арай дээр, энд тэнд хэдэн үг тэрлэх зэрэгтэйгээ болжээ. Хөгшин оюутан юм чинь бас арга байжу. Учир, эвийг нь одоо л олж байх шиг байна. Дүнгийнхээ учрыг лав саяхан олсон. 83 оноо нэг шалгалтанд авсан байна. Тэгтэл багш маань "Excellent" - онц гээд бичсэн байх юм. 83 оноо авбал онц байх учиргүй, багш андуурсан байна хэмээн бодож явтал ангийн маань хүүхэд надад дүнгийн шатлал үзүүллээ. 80-с дээш бол бүгд л онц юм байна.

93-100 - А (нэмэх) - "OUTSTANDING" - Гаргууд онц
87-92 - А - "MARKEDLY SUPERIOR" - тэмдэглүүштэй онц
80-86 - А (хасах) - "EXCELLENT" - зүгээр л онц

Зүгээр л онц гэснээс арван жилд байхад физикийн багш маань тавлаг тарган, туранхай, хавчиг, хариугүй жижиг гээд л олон янзын онц тавьдаг байж билээ. Түүний шатлалаар бол би бол арай ядан онц авсан юм уу даа.

Бусад ээж, аав яадаг юм байгаа юм, бид л хүүхдүүдээ наян хэд авлаа гээд зэмлээд байсан чинь энэ чинь муу дүн биш юм байна шүү дээ гэх бодол бас орж ирэв. Гэхдээ арван жилд бол хавчиг таваас харвинтэй дөрөв илүү гэж боддог байсан.

Санхүүгийн болон татварын талаарх хичээл их сонирхолтой юм. Нэгэнт л энд амьдарч байгаагийн хувьд эндхийн бизнэсийн орчин, данс бүртгэл, элдэв татвар (бид цалингийнхаа 25-30% татварт өгдөг), бас татвар багасгах арга гээд л хичээлүүд орж өгнө. Их нарийн ширийн зүйл үзээд байгаа мэт санагддаг, гэтэл багш гуай "энэ бол ердөө л суурь" гэсэн шүү. Хувийн бизнэс эрхлэвэл зүгээр юмуу даа гэсэн бодол орж ирээд байгаа.

Бид хичээлийн шинэ жилийн нээлтийн цуглаанд нэг ийм "бороо" оруулсан юм. Та нар олуулаа бол бас оролдоод үзээрэй, сайн удирдаачтай байх хэрэгтэй гэж санагдсан. Нүдээ аньж байгаад сонсоорой.



Блогоор маань орж гарч байсан та нартаа баярлалаа.