2011-01-01

Шинэ оны зорилт

Өнөөдөр хоёр мянга арван НЭГЭН оны НЭГ сарын НЭГЭН.
Олон нэгтэй өвөрмөц энэ он маань хүн бүхний хувьд ямар нэгэн хэмжээгээр бас л өвөрмөц байх болов уу.

2010 онд нэг сарын 20, арван сарын 10, арван сарын 20 гэх мэт тоо бичлэгийн хуьд дурсгалт, онцгой өдрүүд тохиож, зарим хүний хуьд эдгээрийг амьдралынхаа түүхэн өдөр болгон ашиглаж байсан. Арван сарын арванд маш олон хос гэр бүл болж, галаа асааж байсансан.

2011 оны хувьд арван нэгэн сарын арван нэгэн яах аргагүй дурсгалт өдөр байх нь түүхээсээ тодорхой. 11 бол ер нь өвөрмөц тоо юм.

11 х 11=121
111 x 111=12 321
1 111 x1 111 =1 234 321
11 111 x 11 111= 123 454 321
111 111 x 111 111= 12 345 654 321
1 111 111 x 1 111 111=1 234 567 654 321
11 111 111 x 11 111 111=123 456 787 654 321
111 111 111 x 111 111 111=12 345 678 987 654 321

Бидний хувьд ч гэсэн 2011 он онцгой он байх болов уу гэж бодож байгаа.

Шинэ оныг хэдэн нөхдийн хамт дуулж хуурдан угтав. Нэгэн мексик гаралтай найзын мааны хэлснээр бол тэдний нутагт, яг он гарахаас өмнө нэг минутын хугацаанд 12 ширхэг усан үзэм идэж, идэх зуураа ирэх онд хийж бүтээхээр зорьж буй зүйлсийн талаар бодож тунгаадаг гэнэ. Том жижиг гэлтгүй, тэднийд цугласан хүний тоогоор жижиг аяга бэлдэж, дотор нь яг 12 ширхэг усан үзэм хийж шинэ оноо хүлээн цэнгэцгээв. Хуучин шинэ оны зааг дээр хүслээ бодон, тэдгээр усан үзмээ түргэн шаламгай идэж, бас нэгэн зугаа цэнгэл болов.

Энэ онд бид охиныхоо ярьж хэлдэг нэгэн зүйлийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөлөө. ТВ-р гарах африкийн ядуу, буурай орны хүүхдүүдийг харж, сэтгэл нь ихэд өвдсөн охин маань нэгэн хүүхдийн амьдралд туслахсан, том болоод хүүхэд үрчилж авна гэж ярих болсон юм. Тэр битгий хэл, "миний үрчилж авсан хүүхдийг та хайрлах уу" гэж надаас асууна. Бас хөгшин болсон хойноо таргаалаарай гэж захина, махлаг эмээ нар тэврэхэд урамтай байдаг гэнэ. Бид одоохондоо үрчлэх биш, мөнгө хандивлах талаар ярилцлаа.

Бидний авсан мэдээлэлээр бол сард 33 доллар хандивлахад, буурай орноос сонгож авсан хүүхдийн амьдралд онцгой нөлөөлж чадна гэнэ. Тэр хэмжээний мөнгөөр нэг хүүхэд гэдэс цатгалан, мөр бүтэн явахаар барахгүй, ерөнхий боловсрол эзэмших боломжтой юм байна. Хүү, охин хоёр маань өөрсдийн ноогдол мөнгөнөөсөө долоо хоног тутам 1-1.50 доллар хандивлахаар болов. Үлдсэн мөнгийг гэрт хэрэглэсэн ундааны шил, лааз, сүүний хуванцар сав тушааж бүрдүүлэх зорилготой. Бас задгай мөнгийг сайн хямгадах, хадгалах тусгай хайрцаг бэлдэв. Нэг цент, нэг доллар гэлтгүй хямгадах болно, бид. Хайрцагийг охин маань зурж, чимэглэв. Заавал мөнгөтэй, баян бололцоотой болсон үедээ бусдад туслах гэж хүлээлтгүй, санаа байвал, өчүүхэн зүйлээр ч бусдад тусалж болно гэдгийг хүүхдүүддээ ойлгуулах үүднээс энэ санааг ихэд дэмжиж, тэтгэж байгаа билээ.



Тэр тав дахь нь бидний "шинэ хүүхэд" болно.


Та бүхэн шинэ ондoo өнөр өтгөн, эрүүл энх, инээд баяслаар дүүрэн байх болтугай.

2010-11-14

Нүүдэлчид биш больжээ.


“Эдийн засагч” (The Economist) сэтгүүлийн 2010 оны 10 сарын 23ны дугаараас товчлон орчуулав.

Саяхныг хүртэл Монголчууд өөрсдийгөө “Алтан дээр суусан гуйлгачид” гэж дүрслэх зуршилтай байсан. Асар их ашиглагдаагүй газрын баялагтай энэ оронд хөдөлмөрийн үнэлэмж бага, ажил ховор байлаа. Улаанбаатарын худалдан авагчид, мах, ногоо, үстэй малгай авах гээгүй л бол өргөн хэмжээний сонголтонд умбаж чаддаггүй байв.

Харин ойрын үед хэрэгжүүлж эхлээд байгаа уул уурхайн төслүүд шинэ өөрчлөлтийг авчирч байгаа боловч мөн шинэ асуудлыг дагуулах нь тодорхой байна. Эдийн засгийн өсөлтийг амласан хэмжээгээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгалийн орчноо сүйтгэхгүй байх, шинэхэн ардчилал эсвэл байгаа эдийн засгаа дордуулахгүй байх асуудлыг зохицуулах хэрэгтэй болоод байна.

Уул уурхайн ашиглалттай холбоотойгоор Монголын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр дор хаяж 10%-иар нэмэгдэж, 2018 он гэхэд одоогийнхоосоо дөрөв дахин нэмэгдэх тооцоог Олон Улсын Мөнгөний Сангаас гаргажээ. Монголын говь дэх хоёр орд энэ их баялагийг бүрдүүлэх магадлалтай байгаа. Өнгөрсөн жил зөвшөөрлөө авсан Оюу Толгойн орд, алтны зэрэгцээ дөчин сая тонн зэсийн нөөцтэй. Нөгөө орд болох Таван Толгойн нүүрсний уурхайд нэмэлт хүч хөрөнгө зарцуулж, гол захиалагч Хятадтай холбох зам харилцааг сайжруулж байна.

Монголын Засгийн Газар, Оюу Толгойн Ордны ашгийн 30%-ийг авах гэрээтэй. Гэхдээ, ерөнхийлэгч Ц. Элбэгдорж бол үүнийг их ээдрээтэй асуудал хэмээн үзэж байна. Түүний хэлснээр “Муу засаглалтай, муу системтэй оронд их хэмжээний ашиг, орлого орж ирвэл бид асуудалд унаж байгаа нь тэр” гэнэ.

Учир нь Монголын улс төр, өглөг тэтгэлгийн үндсэн дээр явагддаг, нэр дэвшигчид мөнгө болон эд материал амлаж, сонгогддог. Төрийн мөнгөн сан нэмэгдээд ирэхийн үед энэ гажиг улам гаарах хандлага бий болж мэднэ. Хээл хахууль ч гэсэн 1990 оны үеийн улсын өмчийг хувьчлах хуумгай хувьчлалын үеийнх шиг ихсэж магадгүй. Ер нь уул, уурхайн салбарт хуучны, ахмад төрийн албан хаагчид, түшмэдүүд байгаа нь энэ магадлалыг улам ихэсгэнэ.

Гэхдээ Монгол Засгийн газар янз бүрийн арга хэмжээг авч эхлээд байна. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөнд хязгаарлалт тогтоов, хахуулийн эсрэг шинэ хууль баталлаа. “Хоёр жилийн дараа гэхэд уул уурхайгаас монголын эдийн засагт оруулах хувь нэмэр 70 хувиас буурч 20-д хүрнэ гэж үзвэл уул уурхайн бус салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд туслах хэрэгтэй байна” гэж ерөнхийлэгч Ц. Элбэгдорж ярив. Энэ нь магадлал мөн муутай боловч, Монгол улсын одоогийн удирдагч нар хуучны удирдагч нараа бодвол баяжихтай холбоотой тулгамдсан байдлыг ойлгох боловсролтой юм. “Бид Нигери болох уу, Чили улс болох уу гэдэг асуудал байна” хэмээн унтамхай нүүдлийн байдлаас гарч яваа орны засгийн газрын зөвлөх өгүүлэв.

2010-11-03

Ерөнхийлэгчээ "гол гаргах нь"

Энэ Америк чинь ямар сонин хуультай юм бэ? Эцэс төгсгөлгүй дайн, эдийн засгийн хямралын шуурган дунд арайхийн хийж, бүтээсэн зүйлсээсээ ухарна гэнэ үү? "Чиний хийх өөрчлөлтийг бид дэмжиж байна, бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна" хэмээн гаргаж ирсэн Ерөнхийлэгчийнхээ намыг дэмжихгүй, нөгөө өөрчлөлтийг чинь бид дахин өөрчлөн хэмээн өөр намыг Төлөөлөгчдийн Танхимд илүү давамгайгаар сонгож орхих юм. Обамагийн нам Сенатад ялагдал хүлээгээгүй боловч гацаанд орох нь тодорхой болов.

Хамгийн эгзэгтэй нь ерөнхийлэгчийн дөрвөн жилийн хугацаатай бүрэн эрхт засаглалын тэг дундуур (2 жилийн дараа) танхимын болон Сенатын гишүүдээ сонгож, солих бололцоо гардаг нь эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, эсвэл эрүүл мэндийн шинэчлэлт мэт үр дүн нь цаг хугацаанаас онцгой хамаарах үйл явдлуудтай давхцаж, үүнийг нь сөрөг нам овжин ашиглах боломж бүрдэх шиг санагдав. Тухайн намын хувьд энэ том амжилт боловч улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулахад тоймтой ажил хийх, төлөвлөхөд түвэгтэй болсон мэт. Ялалт бүхэн сайн үр дүн авчирдаг уу?

Одоо бол бодит ажил хийхээсээ илүү хэлэлцээр хийх, тохиролцоонд хүрэх арга эрсээр дараагийн үлдсэн хоёр жилээ өнгөөрөх юм болов уу? Танил дүр зураг харагдана.


Нэмэлт тайлбар


Амарсайхан, Үлмэдэх нартай энэ тал дээр санал нийлэхгүй бололтой. Энэ удаагийн сонгууль бол хүмүүсийн бухимдлаас үүдэлтэй, сэтгэлийн хөдөлгөөнөөр явагдлаа гэж шинжээчийн ярихыг сонссон. Ихэнх хүмүүст, хямралаас гарах арга зам эрэх, ажилгүйдлийг бууруулах зэрэг амар биш том асуудлууд том санагдаагүй нь тодорхой. Иргэд бүр тийм ухаантай, алсыг харсан байх албагүй. Үүнийг саяхан Францад болсон ажил хаялт, үймээн гэрчлээд өгнө. Уг нь тэд ажил хаялтаараа алдартай (яагаад гэвэл гайгүй үр дүнд хүрч чаддаг) улс, гэхдээ энэ удаад төсвийн алдагдал бууруулах, хямралыг гүнзгийрүүлэхгүй байх арга хэмжээг тэтгэвэрт эрт гарах хувийн эрх ашигтайгаа дэндүү хольж хутгасан тул амжилтанд хүрээгүй.
Бин Ладены хувьд түүнийг устгахаар АНУ арваад жил оролдож буй баримтат нэвтрүүлэг харсан. АНУ яаж ч хичээгээд нэгд газар нутгийн хязгаарлалт, хоёрт муслим шашинтны ёс зүйг (ариун дайн, хариу авах...) дутуу үнэлснээс болж үр дүнд хүрэхгүй байгааг харуулна. Хоёр ч удаа бараг барих үе дээр алддаг юм даа. 2-3 удаа бөөн нөр хүч, материаллаг эд баялаг, хүн хүчээ алдаж байж шал өөр хүн устгачихсан байсан. Тэр бүхнийгээ ДНХ-н шинжилгээ хийж тогтооно. Үнэн бүтэл муутай.

2010-10-18

Өвөр монгол дуу



Танил хужаагийн минь ярьснаар бол Өвөрмонголын энэ дуу, дуучид Хятадад сүрхий нэрд гарч гэнэ. Хятадууд удалгүй энэ дууны хужаа хэл дээрх хувилбарыг гаргасан гэсэн. Миний хувьд хэсэг сонссоны дараа чих онгойж, ойлгож эхэлсэн. Бас нэг сонирхолтой нь латин үсгээр хөврүүлсэн байдал бидний ар монголчуудынхаас шал өөр юм. Ямар үг байх нь хамаагүй, дуудлагаар нь бичсэн байхыг бодоход монгол хэлгүй хүн буулгасан юм болов уу?

2010-10-01

"Хоёр дахь аяга нь үнэгүй"

Үнэгүй кофе, үнэгүй ундаагаар их үйлчлэх юм энэ нутагт, мөн бидний хэлж сурснаар Америкт. Цайны газар, ресторанд нэг аяга юмуу стакан кофе аль эсвэл ундаа авсны дараа дахин уух бол үнэгүй аягалж өгнө. Эсвэл симбол төдий бага мөнгө авна. Нэг сайхан нь эндхийн кофе, гялгар жижиг ууттай, уусдаг нунтаг эд биш, кофены үрийг нунтаглаж, шинээр хандалсан, хамар цоргисон үнэртэй, сайхан амттай байдаг юм.

Зарим газрын үйлчлэгч нар их сурамгай - бид эхний аягаа уугаад дуусангуут, халуун савтай кофе авчран дүүргэж өгнө. Хүүхдүүдэд бол мөстэй ундааг нь бас л дүүргээд өгнө. Дээрээс нь үнэгүй гэж бодохоор их таашаалтай. Хоолны газрын кофе бол эндхийн хүнсний дэлгүүрийн талхтай адил юмуу даа. Талх ер нь ашиг сайтай бизнес биш гэнэ, уг нь. Ашиг багатай гээд талхаа зарахаа больчихвол бусад төрлийн хүнсний орлого бас буурдаг гэж байгаа. Арга ч үгүй юм уу, жишээ нь би бол талх авах гэж ороод л өөр төлөвлөөгүй хэд хэдэн хүнс аваад гараад ирдэг тал байдаг.

Гэхдээ бид үнэгүй кофе, ундаа уух гэж үйлчлүүлдэггүй, тэр ундааг бол хүүхдүүддээ уулгахгүй, эрүүл мэндэд муу гэж үргэлж ухуулна. Харин хэзээ Монголд маань "хоёр дахь аяга нь үнэгүй" сүүтэй цайгаар үйлчилж эхлэх бол доо?