2008-07-28

Гэртээ хариад.... гэртээ ирэв

Ингээд хоёр нутагтан болчих гэж.  

Гэртээ харих гэж яаран тэмцэн явах зуур ийм хол амьдардаг болсондоо бухимдасхийн ядаж Солонгос, Япон зэрэг ойрхон улс гүрэнд ажил эрдэг ч юм билүү гээд бодоод амжсан би (гэр бүл, хүүхдүүдийн хамт) сарын дараа Бээжин, Seattle дамжин, нислэгийг хүлээлгийн цагтай нь хамт тооцвол 26 цагийн дараа нөгөө гэртээ ирлээ.  

УБ-аас гарахдаа бороогоор үдүүлж, Эдмонтонд мөн бороогоор угтуулав. Энд жигтэйхэн сайхан ногоон, модны мөчир бараг цонхонд тулан ургаж, бас хэдэн мөөг уг модны ёрооолд хөвөөлөн ургасан нь хирхэндээ биднийг тосох гэж гангарсан мэт санагдав. Манай УБ-ын зуслан ч гэсэн дутахгүй ногоон, энэ жил бороо хур элбэг тул нутагт маань зуншлага хачин сайхан байлаа шүү. 

Монголд амьдрал жинхэнэ буцалж байгаа юм шиг санагдсан. Энд тэндгүй шинэ байшин сүндэрлэн босож, хүн бүр дор дороо шаргуу хөдөлмөрлөн ядаж нэг үл хөдлөх хөрөнгө эсвэл орлогын нэгэн эх үүсвэртэй болохын төлөө тэмцэж байна. Хаа хамаагүй шахцалдуулан барьсан жижиг зарим байшингууд эв хавгүй, уялдаа зохицолгүй харагдах нь олонтоо.
 
Хөдөө орон нутагт гэрийн гадна нэг биш 2, 3  машин харагдах нь элбэг, антеннаас гадна нарны эрчим хүчний эх үүсвэр байрлуулсан, хонио хариулангаа техт илгээн, утас цохиж хол ойрын сонин мэдээнээс дутна гэж үгүй. Харин зарим хөдөө сүлжээ унах магадлал их тул ойр буй дов толгодын оройд мотоцикл, мориороо очиж, эсвэл гэрийн тооноос уясан утас уруугаа сандал дээр зогсон орилон ярих хэрэг гардаг юм. Гэхдээ энэ нь мэдээж хэдэн жилийн өмнөх хэрэг гарвал мориор сумын төв орж хэл ам залгуулдаг байсан үетэй харьцуулбал хамаагүй дээр. Хот хөдөөгийн хооронд хувь хүмүүсийн тууврын мал маш элбэг тааралдана, бараг даахгүй болтол нь ачсан юмуу даа гэж бодогдмоор ноос ачсан машинууд хот уруу мөн цувна. 

Зам харилцаа маань даанч сул дорой хэвээр. Уг нь энд тэндгүй маш олон зам засахаар эхэлсэн боловч яагаад ч юм гацсан бололтой. Ядаж 100км зам засвар нэрээр хаасан боловч ажиллаж байгаа хүн хүч харагдсангүй. Харин хариуд нь өргөн уудам тал маань машины замд талхлагдсан санагдлаа. Хүүхэд байхдаа тэр олон салаа зам хараад түүгээр давхих жолооч нар ид шидтэй, гайхалтай санагддаг байсан бол энэ удаад тэгсэнгүй, тэр учир тоймгүй олон зам миний бие дээгүүр даваад гарсан мэт санагдаж байв. Зассан замын чанарыг шалган хүлээж авдаг ажлын хэсэг байдаг байлтай. Хурдны морьд үзэхээр Хүй долоо худаг уруу тавьсан замыг хүн бүхэн мэдэж буй, маш нимгэн хучаас хийсэн тул дуусаагүй байхад нүх гарч эхэлсэн байна. Зам засварын компаниуд мөнгөө сүрхий хэмнэдэг бололтой, элдэв анхааруулга замын дагуу тавихдаа муу, дээрээс нь ядаж ажилчдадаа зориулалтын хувцас өмсгөхгүй тул зам дээр унаа нь эвдэрсэн жолооч уу эсвэл ажил хийж байгаа хүн үү гэдгийг ялгахад түвэгтэй.  Хятад царайны хүмүүс голдуу ажиллаад байх шиг байсан. 

Элсэн тасархайн хавьд нэг жуулчны газар хоног төөрүүлэхээр буувал солонгос эзэнтэй баазад буусан байв. Гадны жуулчид мэр сэр харагдавч ажилчид нь зочдоосоо олон байв. Ер нь энэ зун жуулчин цөөн байгаа гэж сонстов. Учир нь Хятад ах Олимпийн аюулгүй байдал нэрээр маш олон жуулчдад Хятадын виз өгөхгүй байгаа сурагтай. Гаднаас Монголд очих зочид Хятадыг Монголтой хамт үзэхээр төлөвлөх нь олонтоо байдаг гэнэ, мэдээж шүү дээ, зардал мөнгөө бодсон ч. Хятадын виз гарахгүйн улмаас олон жуулчид Монголд хийх аялалаа ч мөн зогсооход хүрч байна гэж жуулчны байгууллагад ажиллах танил маань гомдоллоно.  

Хятад ах бол Олимптоо бэлдээд сүйд. Онгоцны буудал хотын хооронд зорчих хурдан галт тэрэг ашиглалтанд ороод удаагүй байна. Гял цал гэж жигтэйхэн, мөн агааржуулагчтай тул гадны бохир агаар үнэрлэхгүй, бас бие биенээсээ өрсөн замбараагүй дайрах машинуудыг харж цухалдахгүй таатай явах болжээ. Метронд харуул, шалгалт ч сүрхий чанга, бүх гар цүнхнээс дэлбэрэх бодисын дээж авч байна. Олимпийн эмблем бүхий цамц өмссөн залуучууд газар сайгүй зогсож, чадах чинээгээрээ англиар ярин туслахыг хичээнэ. Хятад орон үнэхээр их эрчтэй хөгжиж буй нь мэдэгдэнэ.  
 
Ингээд түр завсарлая даа. Эргээд бодоход нутагтаа хар хур гэж очоод сүр пар гээд гараад явсан санагдана. Олон сайхан зураг бий, ачаагаа ирэхээр тавимз. Америк ахын нутагт 2 хүрэхгүй цаг саатсан маань бидний зарим ачааг хонон өнжин шалгах шалтаг болсон гэнэ. Одоо бол гацаанд орсон Их хурал, үүнээс үүдэн гарах уршгийн талаар үймээн, шатсан байшинг хараад эмзэглэснээс илүү ихээр санаа зовон бодож сууна. Зарим хүмүүс бололцоо, чөлөөтэй болох тусам даврах бололтой. Энэ үг дээр дооргүй бүх хүмүүст хамаатай. 





8 comments:

A.Амарсайхан said...

Хятадад олимп болсны төлөө бид ингэж хохийх гэж. Бас манайхныг доромжлоод бааранд оруулахгүй гэсэн байх юм. Цусаа хийж хужаа явах вэ дээ. Гэртээ л хэвтэж байх минь.

ganga said...

Манайхан нээрээ хөгжөөд өөрчлөгдөөд байгаа шүү. Очих болгонд оргилсон их хүч мэдрэгдээд байдаг юм. Ганцхан хуулийн зохицуулалт дутаад байхшиг байдаг.

ZAYA said...

Дандаа байгаад байхаар хөгжиж байгааг нь ч мэдэхгүй юм.
Ганга эгчийн хэлдэг ч үнэн шүү.

Cаарал said...

Ойрд үзэгдэж харагдсангүй нутаг буцаад ирээ юу. За тэгээд хөдөө гадаа, олон газар явсан бололтой, сониноосоо бушуухан бичээрэй.
Энд байгаа би наана чинь очиж амьдардаг юм билүү гэж бодож байхад, тэнд байгаад нь энд ирж амьдармаар санагддаг, хорвоо бөөрөнхий гэж үнэн бололтой юмдаг аа.

Arsun said...

Hugjih geed l yadaad baih shig, hun bur zaw chuluugui hudulj baina daa.

Дeстини said...

Блогоор маань өнгийн харж, байхгүйд маань хүртэл сураг тавьж байсан Та бүхэндээ баярлалаа.

Амраа - 2 том гүрний дунд орших түвэгтэй юм. Эсвэл хөлд нь чирэгдэх эсвэл залгиулах дээрээ хүрэх гээд байх.

Ганга - хүмүүс бахархмаар их хөдөлмөрлөж хичээж байна.

Заяа - Газар сайгүй хөгжил дэвшил харагдаж байна.

Саарал - зураг аажуу оруулна, нэмж бас бичнэ. Танай наана чинь очъё гэж бодоход хэл байхгүй дээрээс нь нилээн баригдмал нийгэмтэй улсууд юм шиг санагддаг. Дасаж орхивол зүгээр байх.

Арслан - Нээрээ л хүн бүр хичээгээд байгаад би гэж хүн цаг хугацааг зогсоочихсон юм шиг яваад байх шиг санагдсан.

бж said...

Sain uu, busgui. Ataarhmaar baina shuu. Nutag yavaad irlee geheer chini.
Nutgiin sonin hachin duulgasand bayarlalaa. Dahiad zurag ene ter oruulahaar chini orj irj unshnaa.

Huduu gar utas barihgui uuliin oroi deer garch baij signal olj avdag gedeg chini nadad tohioldoj baisan bolohoor nudend haragdah shig l bolloo. Manai emeegiin geriin hoimor hesegt l utas baridag, utsaa bariad l hoimor uuduu zutgechihdeg baij bilee. Bas mayagtai, zarimdaa barina, zarimdaa bol bur tag... Bas suuchihval barihgui, zaaval neg bairlald zogsoj baij yarina. Jaahan l hudulchihvul tasraad alga boldog... hehe. Ter buhen sanagdaj baahan gantsaaraa ineev.

Anonymous said...

Ug n hodooniihon sanaachilaad uul bolgonii oroi deer yanz buriin ondor tomor shonguud bosgovol dolgion hugaraad haa ch gar utasaa heregleh bolomjutoi baihaa. Nogoo olpc tosliin laptopiin dolgionii hariltsaag saijruulah gej iim zuvlulguu gargasan baisan.

Barimalch