2008-11-09

Юмс өөрчлөгдөнө.

Барак Обама. Энэ хүнийг шинэхэн сонгогдох АНУ-ын Ерөнхийлэгч гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Миний хувьд бол Обама гайхамшигт илтгэгч, удирдагч болохоо сонгуулийн компанит ажлын үеэр нэгэнт сайн харуулсан гэж боддог юм. Сонгуулийн сурталчилгаандаа зөв хүмүүсийг тохирсон ажилд нь мэдрэмжтэйгээр томилж чадсан нь түүний амжилтын гол нууц болов уу? 

Түүний илтгэл, хэлэх үгийг нь сонгуулийн үед Жон Фаврио (Jon Favreau) бэлдэж, Обаматай хамт засан хянаж байсан. Хичнээн сайхан уярам үг, хөдөлшгүй баримт бүхий илтгэлтэй байгаад ч түүнийгээ бусдад дамжуулж, түгээн хүргэж чадах авьяас, чадвар хангалтгүй бол бусдын өгөөш ч болж мэднэ. Сонгуулийн сурталчилгааны үед тавьсан Обамагийн хамгийн алдарт илтгэл бол "Улам төгс нэгдэл" (гэж орчуулах болов уу, "A more Perfect Union") юм. Энэ илтгэлээ Обама өөрөө дуудан бичүүлж, Жон засан тохиолдуулсан гэдэг. Илтгэлийг санваартан Жэрэмя Уврайтын (Jeremiah Wright) хийсэн болчимгүй мэдэгдлүүдэд хариу, тайлбар болгон тавьсан (1). 

Хүний амьдрал гэж сонин байх юм. Санваартан Жэрэмя бол Обамагийн амьдралд яах аргагүй чухал байр суурь эзэлдэг хүн байсан. Обамад Христосын үзэл бодлыг тайлбарлан ухуулж, сүмд элсүүлэн, ивээлдээ авсан, түүний хурим, тэр битгий хэл хүүхдүүдийг адисласан хүн болно. Хожим санваартан тэтгэвэрт гарснаас хойш хар цагаан арьстны ялгааг дэвэргэсэн, АНУ-ын төрийн бодлогыг гуйвуулсан, таран бутаргах чиглэл бүхий болчимгүй мэдэгдлүүд удаа дараа хийх болсон тул Обама түүнээс зайгаа барин, улмаар харьяалагддаг байсан сүмээсээ албан ёсоор гарсан болно. Яг энэ үеэр Обама, Хиллари 2 ардчилсан намаас нэр дэвшигчийн төлөө өрсөлдөж байсан үе. Хиллари ч "Бид эцэг эх, үр хүүхдээ сонгодоггүй, харин ямар сүм, багшаа сонгох боломжтой" хэмээн Обамаг доош хийж амжив. Ер нь ард олны дунд Обамагийн сүмийн багшаас үүдэлтэй нилээд эргэлзээ бий болсон тул түүний нэр хүнд суларч эхлэв. Тэгтэл чухам энэ үед Обама сүүлийн хэдэн жилд сонсогдоогүй өнөөх алдарт илтгэлээ тавив. Илтгэлийн гол агуулга бол бид өөрсдийнхээ хар цагааныг гайхан суухын оронд "нэгдэн нийлж, бидний өмнө тулгараад байгаа эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны бохирдол зэрэг нийтлэг олон асуудлыг шийдэн улам нэгдмэл нэгдсэн улс бий болгох"-ын төлөө уриалан дуудсан явдал байв. 

АНУ-ын түүхэнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хар арьстнуудыг дорд үзэх явдал байсан уу гэвэл байсан. Цаг хугацааны эрхэнд, удаа дараагийн тэмцлийн үр дүнд, олон зүйлс нээлттэй болж, бид "өсөн дээшилж, хөгжин дэвшиж ирсэн түүх"-тэй учраас "би ерөнхийлэгчийн сунгаанд оролцох болсон" (2). Юм өөрчлөгддөг байхгүй юу хэмээн олон нийтэд сануулахын зэрэгцээ өөрийн хуучин багш, санваартан Жэрэмяг сургаад өгсөн. 

Муугаас эхтэй сайн гэж байх юм. Хэрэв санваартан Жэрэмя хүмүүсийг төөрөлдүүлсэн дэмий олон мэдэгдэл хийгээгүй байсан бол Обама тайлбарлан болгон, түүнд асар их нэр хүнд авчирсан түүхэн илтгэлээ тавих өөр орчин, нөхцөл бүрдэх байсан болов уу? 

Харин түүний Ерөнхийлэгчээр сонгогдохоо мэдсэний дараа Чикагод хэлсэн үг тийм ч хүчтэй, сонсголонтой байж чадаагүй. Мэргэжилтнүүд ч "энэ бол Обамагийн тавьдаг түвшний илтгэл биш" гэж дүгнэв. Бараг хоёр жил Ерөнхийлэгчийн сунгаа, сонгууль гэж явсан болохоор сонгуулийн эерэг үр дүн түүнд асар их тайвшрал авчирсан нь ойлгомжтой. Эсрэгээр Маккейны сонгуулийн дараа хэлсэн үг бол асар ухаалаг, АНУ-ын төлөө бүх зүйлээ дайчлахад хэзээд бэлэн байдаг дайчин, эх оронч хүний үг байлаа. Обамаг ерөнхийлэгчээр сонгогдон баяр хүргэхэд Маккейныг дэмжигчид шуугилдан, исгэрэхийг завдав. Маккейн тэднийг дор нь болиулж Обама бол миний ерөнхийлэгч, бидний ерөнхийлэгч, бид тэр хүний ялалтыг хүндэтгэх хэрэгтэй хэмээн хэдхэн секундэд ойлгуулж амжсан. Урьд нь сонгуулийн сурталчилгааны үеэр бол Обамаг элдэв үгээр дайран довтолж, заримдаа ийм настай хүнээс яаж ийм үг гарч чадаж байна аа гэж бодогдохоор үе зөндөө байлаа. Юм гэдэг дорхноо өөрчлөгдөх юм. 

Сонгуулийн сурталчилгааны үед Маккейны нэр хүнд доошлоход нөлөөлсөн хүн бол Сара Пейлин гэж яах аргагүй бодогдоно. Өөрийн гэсэн бодолгүй мэт намын бодлогыг тусгасан хэдэн үгийг тоть мэт давтана. Дээрээс нь нэгэн оюутан түүний имейлийн нууц үгийг илрүүлэн онгойлгосон явдал, мөн Канадын хоёр алиалагч Францын ерөнхийлэгч Саркозийн дууны өнгийг дууриалган Пейлинтэй бүхэл бүтэн таван минут ярьсны дараа өөрсдийгөө илчилсэн нь Пейлинийг улс төрчийн хувьд биш юмаа гэхэд хувь хүний хувьд жаахан мангардуу болохыг харуулаад өгсөн (Эрхэмсэг, дэгжин Саркози бол "би Пейлинтэй юугаа ярих билээ" хэмээн бодсон биз).

За, юм өөрчлөгддөг юм байна. Монголоос гаралтай нэгэн АНУ-ын дээд албанд зүтгэхийг харах юмсан. 

Ашигласан материал
1. http://en.wikipedia.org/wiki/A_More_Perfect_Union_(speech)
2.http://en.wikisource.org/wiki/A_More_Perfect_Union
3. Сонгуулийн үеийн ТВ мэдээнүүд 

11 comments:

A.Амарсайхан said...

Хүчтэй өрсөлдөгч, хүчирхэг дайсан гэдэг ямагт хүнийг ирлэж байдаг. Дайсангүй байна аа гэдэг, чи үхэж мөхөж буйн дохио гэдэг.

MW said...

Мартин Лютер Кингийн ачаар арьсны өнгөөр ялгаварлан гадуурах үзэлд хувьсгал хийсэн ч өнөөдрийг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт л энэ муухай үзэл оршин тогтносоор байна. Харин Обама ах ерөнхийлөгч болсон нь Мартин Лютер Кингийн дараахь хувьсгалын бас нэгэн давалгаа болох болтугай гэж бодох юм.

Дeстини said...

А.Амарсайханд - Энэ удаагийн АНУ-ын ерөнхийлэгчийн сонгуульд нэр дэвшсэн 2 хоёулаа их хүчтэй өрсөлдөгч нар байсан, БН намын дэвшигч нар сул байв. Сайхан юм оо, бие биенээ ирлэн түүхийг бичилцээд явж байгаа хүмүүс.

MW - King энэ бүхнийг үзэж чадаагүй нь харамсалтай. Нөгөө талаар гэвэл арьсны өнгийн гадуурхал тийм амар алга болохгүй байх.

peakfinder said...

Yamar ch gesen ene ulsiin tuuhen deh tom alham bolloo gej bodood baigaa. Obama ajlaa harin yaj hiihiig n' cag hugacaa haruulah bizee.

jagdag said...

Сонирхолтой сайхан нийтлэл бичсэн байна, баярлалаа. Барак олон талаар тун давгүй хүн болохоо харуулж чадсан, гэхдээ сонгуульд ялахдаа хамгийн гол нь маш зөв тактик боловсруулж муж бүрт өөр өөрөөр хандаж чадсан. Энэ нь Баракийн лутынх биш ч гэлээ, ардчилсан намын сонгуулийн штаб айхтар ажилласаныг илтгэнэ байх.

Нэг жишээ авахад, Флорида бол үеийн үед асуудлыг эцэслэдэг, үргэлжийн маргаантай байдаг мужуудын нэг. 8 жилийн өмнөх явдлыг улсууд санаж байгаа байх. Флоридад дахин тооллого хийж байж бүгд найрамдахчууд ялсан. Эндээс ардчилсан намынхан маш их сургамж авч айхтар судалгаа хийж хэдэн сая ядуу хар иргэд сонгуульд оролцдоггүй, ирдэггүйг мэдэж авсан байна. Тэгээд тэдэнтэй тулж ажлаад энэ жилд сонгуульд оролцуулсанаар тэр бүү хэл өөрсдөдөө санал өгүүлсэнээр аль эрт санал хураалт дундаа явж байхад Флорида маргаангүйгээр Барак ялсан байлгаж чадсан. Флорида үргэлж наанатай цаанатай шийдэл гаргадаг байхаас гадна олон тооны санал өгдөгөөрөө бас онцлог.

Улсууд Баракыг хар болохоор харууд их дэмжлээ гээд байх юм. Миний хувийн ажиглалтаар бол үнэндээ харууд ихтэй өмнө зүгийн мужуудаар дандаа Маккэйн ах ялчихсан ш дээ. Тухайлбал, Жоржия муж. CNN-р Атлантад харууд уйлаад л, баярлаад л ... алдарт Кингийн охин сэтгэгдлээ яриад байсан. Гэтэл энэ хотод, энэ мужид нь "цагаан өвөө" ялчихдаг! Тэннеси байна, Луйзана бас байна. Очихоор дандаа л харууд байдаг газрууд даа.

Манай Мизури муж гэхэд дандаа тулаан болдог "battle" газар. Иймд хоёр тал маш их анхаарал тавьж өрсөлдөгчид хичнээн удаа ч зочлов доо. Сонгуулийн өмнөх өдөр гэхэд өчигдөр Барактай зургаа авахуулаад, гар бариад гэсэн улсын яриа эргэн тойрон хөвөрч байлаа. Эцсийн мөч хүртэл муждаа Баракийг ялна гэж хүлээсэн хүмүүсээр дүүрэн байсан ч сонгуулын маргааш нь нэг юм нэгдсэн дүн гарч "өвөө" ялчихсан. Гэхдээ ингэж ойрхон дүн гаргахад ардчилсан намын тактик маш зөв байснаас тэр л дээ, түүнээс байлдаж байгаад л цэнхэрлэчих муж бол Мизури юм.

Нэгдсэн улсын хэмжээнд ардчилсан намын төлөөлөгч ялалт байгуулж, Барак ах ирэх нэг сард тангарагаа өргөнө. Одоогоор, урьдчилсан таамгаар дандаа Билл ахыг тойрч асан улсуудын нэр л гараад байх. Ингэхээр Барак ах өөрөө бодлого хийх нь үү, найман жилийн өмнөх бодлого үргэлжлэх үү ... бас айхтар асуулт шүү!

Дeстини said...

Пийк - Обама ялангуяа залуучуудыг "байлдан дагуулж" чадсан гэж боддог. Тэгээд ч зөвхөн хар арьстны хувьд бус ер нь бүх зүйлээрээ Бушаас өөр байсан тул гарч ирсэн. Хүмүүс өөрчлөлтөнд, эрч хүчтэй хүнд дуртай байдаг. Дайн, дээрээс нь эдийн засгийн хямралыг эхлүүлсэн, улиг болсон Бушаас хэн хүнгүй залхаж байлаа шүү дээ.

Жагдагт - Бичлэгийн дайтай коммент оруулсанд баярлав. АНУ-д байгаа хүмүүс сонгуулийн талаар тодорхой бичээсэй, бүр тэр битгий хэл сонгууль өгсөн монгол хүн байгаа болов уу гэж бодож байлаа. Харин тийм, их сонин санагдсан, тэд бараг сонгуулийн өдөр сурталчилгаа явуулах нь холгүй байсан. Нөгөө талаар тэр сонгуулийн хуудас гэж баларсан урт жагсаалт байх юмаа. Үнэхээр сонгоё, хүнээ дэмжие гэсэн хүн очиж оочирлож байж, тэр олон асуултыг бөглөх юм байна. Стратегийн хэд хэдэн мужууд байсан, бас Маккейн зарим мужид их ойрхон ялагдаж байгаа нь аймаар нь санагдаж байлаа. Ер нь Обама ялснаар АНУ дэлхийн тавцан дах өөрсдийн нэр хүндээ аварсан болов уу гэж бодож байгаа. Маккейн гарч ирвэл Бушийн бодлого үргэлжлэх нь тодорхой байсан. Одоо Обамагийн хувьд бол хурц, огцом өөрчлөлт хийх нь юу л бол. Гэхдээ Буш шиг нүгэлтэйгээр ерөнхийлэгчийн индрээс буухгүй байх.

Barimalch said...

Amerikuud olon sayaraa Obamagiin tangarag orgoh yoslold oroltsoh geed alban yosoor unegui taraadag biletiig n interneteer 1000$-oor damlaad ehelsen baina gaihaltai n neg ch biletiig boditoi hevleegui baina. Bi ogloo ert tend n ochij jaahan bichleg hiinee he he. Zochid buudluudiin zahialguud bas duussan suragtai baina.

Дeстини said...

Барималч - тэгээд дараа нь зурагнаасаа оруулаарай.

arsun said...

"Обама бол миний ерөнхийлэгч" ene bol gaihaltai ug. Yalanguya arisny uzeltei humuusiig bolgoj tawisan baina daa.

хүү said...

Тэр ерөөл бат оршиг ээ :D

kakadu said...

Обама дэлхийн улс төрд шинэ эрин үе авчирсан гэдэг нь үнэн л дээ. Харин өмнөх лидерээс залхсан ард түмэн түүнийг байгаагаас нь хэт ихээр магтаж, бараг ажлаа ч хийж эхлээгүй байхад нь шүтэж эхэлж байна уу даа гэж заримдаа бодогдох юм. Үнэндээ бол Барак Обама гэж хэр хүн бэ, ямар удирдагч вэ гэдэг нь харагдах арай болоогүй байгаашт. Хэсэг хугацааны дараа, тодорхой ажлуудын ард гарсных нь дараа л тодорхой болох ёстой мэт. Ажиллаж эхлээгүй байхад нь ингэж их урьдчилж магтаад, юмыг яаж мэдэхэв тулгараад байгаа айхтар асуудлуудыг шийдэж чадахгүй бол эсрэгээр газар дор ортол нь муулж магадгүй шүү, хүмүүсийн араншин гэж нэг тиймэрхүү л байдаг даа. Би хувьдаа Обамаг гайгүй ажиллах болов уу гэж боддог, гэхдээ бас заримдаа эргэлздэг д юм. Хүмүүс түүнээс хэт их юм хүлээж байна.