2008-02-26

Зүгээр асуугаад л үзье.

Яс тас амлалт биш ч асуугаад л үзье. Асуухаас өмнө өөрөө тайлан тавина аа хө. Анх "Юу амлах вэ" бичлэгийг оруулж байхдаа би арай ядан 10 мин гүйдэг байсан бол одоо долоо хоногт 2 удаа зогсолтгүйгээр 15 мин гүйдэг болжээ. Яваандаа жаахан хурдтай болох, бас 20 мин болгож уртасгах санаа бий. Гүйхдээ амьсгалаа зөв авах, ядаж гараа зөв байрлалтай нугалж гүйх, дараа нь жаахан сунгалтын дасгал хийх зэрэг зүйлүүдийг бас сурч байна. Гүйсний дараа би 5 мин алхдаг юм. Усанд долоо хоногт дор хаяж нэг удаа сэлж байна.

Misty ингэж бичжээ:
хэхэ наад чинь том асуудал болоод байгаамаа. Дулаарахаар хөдөлгөөндөө орно гэвч бас болоогүй байгаад байдаг. Харин саяхан нэг юм бодсон. Өглөө босоод орцондоо дээшэ доошоо нэлээн хэд гүйхэд л том дасгах болчих юм шиг. Арай хэрэгжүүлж үзээгүй ч тэгж байгаад үзчээд хэлнээ хэхэ :P

Misty чи орцондоо дээш доош гүйхээ эхэлсэн байгаа юу?

Bibby дасгал хийдэг, бас том амлалт байгаа гэсэн. Тэрээр "Эзэн хичээвэл Заяа хичээнээ гэж, нэг амалцан том амлалт бий, тэрийгээ л биелүүлэхийг зорино доо хө

Өдөрт өөртөө зав гаргаад дасгал хийгээд бх хэрэгтэй л дэ, нэг хэсэг овоо хийж бсан сая нэг хэсэг тасарсан одоо бас нэг хэсэг хийх бх хэхэ" гэж бичжээ.

Бибби маань тасарсан дасгалаа эхлүүлсэн үү? Уг нь хийдэг байсан бол бараг чиний бие дасгал үгүйлж байгаа байх даа.

Ganaa_bj харин сүрхий хөдөлгөөнтэй байдаг юм байна. Түүний үлдээсэн коммэнтийг харна уу:
"Uul ni amlalt uureg avaad l ih surtei eheldeg yumaa. Yamar neg shaltgaanaar tasarchinguut ni tsaashaagaa tsairchihdag muu taltai...
Odoo yeruusuu hiinee. Ugluud /gegee oronguut gardag yum/neg tsag alhdagaa taslahgui, bas uurtuu 30 minut zaaval gargaj dasgal hiinee. Uuriinhuu tuluu uuruu l hiihgui bol hen hiih bilee... Bas uur bodoj baigaa zuil baigaa. Yavaandaa helnee..."

Ганаа маань долоо хоногт хэдэн удаа өглөөд алхаж, дасгал хийдгээ хэлэх байх аа.

Арсун, "Zaa, olon hun amlahiig chin harlaa. Her geregjuuliig harah l uldlee. Bi ajlaasaa 5 minut hotsordog zurshiltai. Zasah geed chadahgui l baigaa" гэсэн сэн.

Арсун, чи одоо бодвол ажлаасаа хоцрох чинь гайгүй болсон байх аа, тийм үү?

Блог андууд маань бүгдээрээ ажил, эрүүл мэнд, үр хүүхэд, гэр бүл, санхүү, аялал зугаалга (өөр юу юу ч билээ) гэсэн чиглэлүүдээр өөрийн өөрийн гэсэн зорилго бодолтой байдаг байх гэж итгэж байна. Хүн өөрөө зорилготой байхгүй бол өөр хүний зорилго биелүүлээд гүйцдэг гэж "Оллоо" хуудас дээр нэгэн мэргэний хэлсэн үг эргэлдээд байсан, саяхан шиг. Ганаагийн хэлснээр өөрийнхөө төлөө бид өөрсдөө л хөдлөхгүй бол...

2008-02-23

Мөнгөн усны хордлого

Мөнгөн ус буруу хэрэглэснээс болж бөөн хэл ам, шуугиан болж байсан нь саяхан, одоо ч мөн асуудал дуусаагүй байгаа биз, ер нь энэ асуудал ингэж амар арилах зүйл биш ажээ. Мөнгөн ус эхийн хэвлий дэх ураг мөн түүнчлэн балчир насны хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар нилээд өргөн судалгаа хийгдсэн байдаг юм байна. Нялх насны хүүхдийн биед мөнгөн ус 3 замаар хуримтлагдах боложмтой:
1. жирэмсэн эхийн хэрэглэсэн далайн хүнс
2. жирэмсэн эхийн шүдний мөнгөн ус бүхий амалгам (манайхаар бол пломб, хар өнгөтэй)
3. вакцин (зарим төрлийн ханиад, хөхүүл ханиад, сахуу татран, менингококийн эсрэг вакцин), дашрамд хэлэхэд мөнгөн ус агуулсан вакцины хэрэглээг 2004 оноос эхлэн АНУ-д багасгаж эхэлсэн байна.

Мөнгөн ус их хэмжээгээр бие махбодид нэвтрэх эсвэл нэвтэрсэн мөнгөн усыг зайлуулах эд эсийн чадавхи буурсан тохиолдолд мөнгөн усны хордлого илэрдэг аж.

Тэгвэл мөнгөн ус бие махбодиос хэрхэн гадагшлах ёстой вэ?

Биед нэвтэрсэн мөнгөн ус, глютатионтой (биед ялгарсан хорт бодисыг зайлуулах чадвартай) холбогдож, улмаар цөсөнд ялгарч хоол боловсруулах системээр дамжин өтгөнөөр гадагшилдаг юм байна. Нялх насны хүүхдэд глютатион бага хэмжээгээр нийлэгждэг, дээрээс нь тэд сүүн бүтээгдэхүүн голдуу хэрэглэдэг нь мөнгөн усны шимэгдэлтийг ихэсгэж, гадагшилтыг бууруулдаг байна. Нэгэнт биед орсон мөнгөн усыг бие махбодиoc зайлуулах процессыг удаашруулагч бодис бол антибиотик гэнэ (хүүхэд байхдаа антибиотик идэж үзээгүй, эсвэл хүүхдэдээ антибиотик өгч үзээгүй аав ээж байвал гараа өргөөрэй). Антибиотикийн нэг муу тал гэвэл хүний гэдсэн дэх ашигтай бичил биетнийг устгаж орхидог, чухам тэдгээр бичил биетний тусламжтайгаар биед нэвтэрсэн метил-мөнгөн ус, органик биш мөнгөн усанд шилжиж биенээс гадагшлах ёстой аж. Тэгтэл антибиотик хэрэглэсний дараа метил-мөнгөн ус биенээс гадагшлахын оронд тэр чигээрээ цусанд шимэгддэг байна.

Тэгвэл бие махбодид мөнгөн ус хуримтлагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Сүүн шүд бол ураг бүрэлдэх явцад сууриа тавьж, дараа нь таван нас хүртэл хугацаанд ургадаг тул ураг болон хүүхдийн өсөлтийн чухал шатанд мөнгөн ус хуримтлагдсан эсэхийг тодорхойлох биеийн хамгийн амар хэсэг гэнэ. Ингэхдээ хүүхдийн унасан сүүн шүдийг авч 2-4мл дээд чанарын давсны хүчилд хийн 50 хэмд 4-6 хоног байлгана. Дараа нь тасалгааны хэмд хүртэл хөргөөж, шинжилгээ хийх хүртэл хөлдөөгчинд хадгална. Шүдэнд хуримтлагдсан мөнгөн усны хэмжээг спектрофотометрээр (CV-AAS = cold vapor atomic absorption spectrophotometry) тодорхойлно.

Мөнгөн ус эрүүл мэндэд чухам ямар хохирол учруулдаг вэ?

Мөнгөн ус бол мэдрэлийн системийн хөгжлийг саатуулагч хор юм. Оотизмээр (autism - монгол нэрийг нь мэдэхгүй юм) өвчилсэн хүүхдүүд эрүүл хүүхдүүдтэй харьцуулахад шүдэндээ 2-3 дахин илүү их мөнгөн ус агуулсан байдаг байна. Оотизмийн шинж тэмдэг гэвэл (бусдаас хөндийрэх, ярих, илэрхийлэх чадвар алдагдах, нэг үйлдлийг давтан хийх зэрэг) та бүхэн үзсэн байхдаа "Rain man" киноны Dustin Hoffman-ий дүр юм. Гэхдээ энэ нь кино тул оотизмтэй хүнийг эерэгээр харуулсан бүтээл шүү.

Бодрол

...Уг нь энгийн амархандуу аргаар шүдэн дэх мөнгөн усыг хэмжээг тодорхойлдог аж. Шүдний дээж цуглуулах ажил удаашралтай байж магад. Судалгаа сайн хийсэн байх. Монголд дээжээ бэлдээд энд авчраад судалсан ч болох юм байна. Заавал хаа байсан Канад уруу дээж зөөхийн оронд Хятад, Япон зэрэг орнууд шинжилгээ хийлгэж болох л байх л даа... Тэр мөнгөн ус хамаагүй хэрэглэдэг газрын хүүхдүүдэд шинжилгээ хийх сэн... Манай улс тусламж нэрээр энд тэндхийн хөгцтэй хөгцгүй, хачигтай, шавьжтай буудай, гурил, тариа борлуулж байхын оронд энэ сүрхий нэртэй спектрофотометрийг нэр төртэй гуйгаасай. Энэ манай дарга нар ар өврийн хаалгаар, улсын мөнгөөр хүүхэд, хамаатан садангаа улс төр, эдийн засгаар (гэм зэмгүй зарим нэг нь уучлаарай) сургасны хариуд нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулаасай. АНУ мэт орон тэр хэрэглэхээ больсон, нэгэнт үйлдвэрлэсэн вакцинаа яадаг бол? Арай Монгол мэт буурай оронд тусламж нэрээр шахдаг юм биш биз? Манайхан хаанаас юу авч байгаагаа мэддэг болов уу? Антибиотик эмчийн жоргүйгээр зарахаа болиосой...

Ишлэл:
James B. Adams et al. Mercury, Lead, and Zinc in Baby Teeth of Children with Autism Versus Controls. Journal of Toxicology and Environmental Health, Part A, 70:1046-1051, 2007.

2008-02-14

Хайртай л юм чинь...

Гэгээн Валентиний өдөр бол зөвхөн дурлалт хосуудын өдөр биш гэсэн ойлголт нэгэнт бий болжээ. Найз нөхөд, хань ижил, үр хүүхэд гээд л бид ойр дотно санагдсан хүн бүгдэд энэ баярын мэнд дэвшүүлдэг. Алберта мужийнхан бол энэ баярт бүр илүү дуртай байх шиг байна. Учир нь энэ баярт их ойрхон өөр нэгэн баяр зөвхөн энэ мужид 100 гаруй жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн нь 2 сарын гуравдахь Даваа гаригт тэмдэглэх Гэр бүлийн өдөр юм. Миний мэдэх олон хүмүүс Баасан гаригт чөлөө аван энэ 2 баярыг далимдуулж өвлийн хүйтэн саруудын хоногоос цөөлөх арга хэмжээ авна. Бүүр сүүлд эндхийн Онтарио, Маннитоба, Саскечван мужийнхан дагалдан баясаж бас л гэр бүлийн баяр гэж албан ёсоор тэмдэглэх болсон байна. Эндхийнхэн их сонин шүү. Элдэв баяр, түүгээр далимдуулан амралт бий болгохдоо муугүй. Тэр сэтгэхүйг нь сонсуульд нэр дэвшигч хүртэл сайн ашиглана. Би эсвэл манай нам сонгуульд ялбал нэг баярын өдөр шинээр бий болгон гэж рэкламдсаар сонсуульд ялж түүнийгээ хэрэгжүүлсэн нь тэр сүүлд дурдсан гурван мужтай холбоотой. Бас нэг өөр баяр бол 5 сард тэмдэглэх Викториа хатны төрсөн өдөр гэх баяр. Жинхэнэ төрсөн өдөр л юм бол тогтсон өдөр байх учиртай, тэгтэл энэ баярыг голдуу 5 сарын сүүлчийн Даваа гаригт тэмдэглэвэл зохилтой гээд хуулиндаа заачихсан. Хамгийн инээдтэй нь нөгөө Викториагийн Англичууд энэ баярыг тэмдэглэдэгүй тул Канадуудыг шоолонгуй байх. Харин Шотландууд тэмдэглэдэг гэсэн. За ямар байдаг ч бай, ард түмнийхээ амар амгалан, сэтгэлийн тайван байдлыг хангах зорилготойгоор бий болсон баяр бол Даваа гаригт байх ёстой юм байна.

Уг нь Валентины баяраар эхэлсэн юм даг. Өглөө эртлэн гарч, хурал, цуглаан, ажил, бас хажуугаар нь блогоор тэнэж, мэдлэгээ зузаалахгүй ч, сэтгэлээ баясгасан шиг явсаар харих замдаа усанд сэлж (заавал хэлж байгаа юм шүү), оройн хоолондоо оройтис хийгээд гэртээ ирвэл манай хэдийн надад бэлдсэн зүйлийг хардаа. Тэр цагаан оригами хуныг харж байна уу, миний хүүгийн бүтээл, ил захидал, зүрх толгойтой, зүрх чихтэй гахай бол охины бүтээл, цэцэг бол хэнийх нь тодорхой. Би тэднийгээ сайхан үгээр баярлуулсан болов уу гэж бодож байна. Би чинь та нартаа хайртай л юм чинь хайртай гэдэг үгийг харамгүй хэлж сурахсан.

2008-02-10

Юу амлах вэ?


Хэдэн өдрийн өмнө Пийкийн бичсэн мэдээлэл миний яг тархиар тас татах шиг болсон шүү. Учир нь би өөрөө бас дасгал хөдөлгөөнтэй байя гэж бодовч нэг л хэвшмэл болж өгөхгүй байгаад санаа зовонгуй байсан юм. Ядаж дээрээс нь хөхөө өвлийн хүйтэнд янз бүрийн спорт-төлөвлөгөө боловсруулан суух амар биш. За байз, зогсоорой. Үнэхээр амар биш юм уу, эсвэл би тэгээд бодчихсон тул амар биш байна уу?....

Цаг агаар нөлөөлөх нь нөлөөлж байгаа юм байна, гэхдээ миний болохгүй, бүтэхгүй гээд итгэчихсэн бодол бол түүнээс их.

Ажлын маань нэг хүүхэн үдийн хоолны үер дасгал хийдэг дугуйланд хамт явъя гэж ятгангуй байсан сан. Би тэр цагийг мэдээ унших, блогоор тэнүүчлэх, эсвэл аль нэгэнтэй нь амаа уралдуулахад ашиглах дуртай байдаг тул бодож байж болъё гэв (Үнэнээ хэлчихьэ, бараг үгүй гэсэн үг).

Гэхдээ тэр мэдээ уншсанаас хойш гэрийн ойролцоо байх бассейн, зааланд долоо хоногт тус бүр хоёр хоёр удаа очихоор гэр бүлээрээ төлөвлөөд, ямар ч байсан эхний долоо хоногт нормоо биелүүлэв. Тэр заал их том тул зарим хэсэгт хүмүүс сагс, гар бөмбөг тоглож, зарим нь гүйж харайх аж. Бид агаарын теннис, сагс тоглоно. Би бас гүйх гэж жаахан тэмцэв. Арайхийн 10 мин гүйсэн гэж байгаа. Эхний 2-3 минутын дараа, тэр теломэрийн урт богино хэнд хамаа, больёо, зогс, сууяа гэх бодол орж ирэв. Тэгснээ гэнэт бие чинь одоо халж эхэлж байна, том том алхаад гүйгээрэй гэж өөртөө захиргаадсаар 10 мин болгосон. Усанд сэлэх бас тааруу явцтай, сэлэх, халуун ууранд суух цаг 2 яг тэнцэнэ. Яваандаа сэлэх цаг маань ихсэх болтугай.

Ингээд учир тоочоод байгаа маань ийм учиртай юм л даа. Бум-Эрдэнэ ахын хэлдгээр энэ хүрээлэлийн хүмүүс маань эерэг, зөв бодолтой хүмүүс; ийм бүлгийн хүмүүс бие биедээ бас эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй гэж бодож байна. Түүнээс гадна аливаа шинэ зуршлыг өөрт бий болгоход 3 долоо хоногийн турш тасралтгүй, уйгагүй ажиллах хэрэгтэй гэдэг. Тэгэхлээр би энэ 3 долоо хоногт таслахгүйгээр гүйж, усандаа сэлнэ гэж амлах гээд байна.

Би бас та нарын амлалтыг сонсмоор байна. Юу амлах вэ гэвэл санаа болгож хэдэн зүйл бичье. Би 2 жилийн өмнө ингэж амласан юм. Хүний бие дэх бодисын солилцооны явцад үүсэх элдэв хорт бодисыг зайлуулахын тулд өдөрт 5-6 удаа жимс, ногоон бүтээгдэхүүн идэж биедээ туслах ёстой гэдэг дээ. Би тэр үед бодож үзтэл сайндаа 2 удаа л жимс ногоо иддэг байсан. Би түүнийг 3-4 удаа болгож ахиуляа гэж бодсон, одоо бол ямаа шиг их ногоо идэхгүй юмаа гэхэд тэр тал дээр анхаарч сурсан. Миний таних нэг эмэгтэй нөхөртэйгээ муудалцмааргүй байна, надаас л ааш гардаг юм гэж хэлж билээ. Бас нэгэн барзгардуу нүүртэй залуу "Шингэн юм бага уудаг, түүндээ анхаарна", гуравдах нь хийх ёстой зүйлээ байнга хойшлуулдаг, тэр зангаасаа салмаар байна, дөрөв дэх нь хоол идэхдээ хэтэрхий хурдан идэх тул байнга их иддэг, тайван удаан идэж сурмаар байна гэх мэтээр хэлж билээ. Тэдний маань ихэнх нь цагаачид байв, тэдний амлалт биелэлээ олсон.

Бид ч амьдрал гэдэг их сургуульд байнга суралцаж байдаг болохоор бидэнд өөрөө өөртөө өөрчлөх юм дандаа л гарч байдаг гэж боддог шүү.

Эцэст нь хөдөлгөөн сайтай хүмүүсийн хромозомын бүтэц хүртэл өөр байдаг талаар сонирхолтой бичлэг оруулж, өөртэй анхаарал тавихын чухалыг анхааруулсан Пийк-дээ баярласанаа илэрхийлье.

2008-02-01

Сар шинийн мэнд дэвшүүлье!

Ер нь дажгүй шүү. Цав цагаан цас харуулсан чинь зарим хүмүүс буузаар дайллаа. Зарим нэг нь боорцог илгээхээр боллоо. Зарим нэгний нүд гялбалаа, зарим нь бүр далимдуулан уйлах шиг болов. Зарим нэг нь хараагүй, огт уулзаагүй нэгнийгээ цасаар угаан, таашаал авахаар шийдэв. Бас бус хүмүүсийг дааруулчих шиг боллоо. Сайхан шар тостой халаасан шимийн архиар дайлъяа. Торх дүүрэн айрагнаас тааваараа зооглоно уу? Үүгээрээ би та нарт XVII жарны хотлыг баригч хэмээх шороон хулгана жилийн сар шиний мэндийг дэвшүүлье!


Ингэхэд хэдүүлээ яаж золгох вэ? Хэнийд эхэлж цуглах вэ?